top of page

Хүүхдэдээ нэмэгдэл хоол хэт эрт өгснөөр багтраа, харшил үүсэх эрсдэлтэй

Хүүхдэдээ нэмэгдэл хоол хэт эрт өгснөөр багтраа, харшил үүсэх эрсдэлтэй

Уншигч танд зургаагаас 24 сартай хүүхдийн нэмэгдэл хоол, тэжээлийн талаар мэдээллийг хүргэж байна.


Хүүхдийг зургаан сар хүрсэн үеэс эхлэн илчлэгийн хэрэгцээг эхийн сүү дангаараа хангаж чадахгүй болдог. Эхийн сүү нь 6-12 сартайд хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээний тал хувийг, 12-24 сартайд гуравны нэг хувийг хангаж чадна. Өөрөөр хэлбэл хүүхдийн эхийн сүүнээс авах аминдэм, эрдэс бодисын хэмжээ нь зургаан сараас эхлэн хүүхдийн өсөлт, хөгжилтийг хангаж чадахгүй болдог байна. Тиймээс энэ үед нь нэмэгдэл хоол өгөх хэрэгцээ үүсдэг ажээ. Гэхдээ хүүхдэд хэт эрт эсвэл хэт орой нэмэлт хоол өгөх нь тус, тусын эрсдэлтэй.


Нэмэгдэл хоолонд хэт эрт оруулснаар үүсэх эрсдэл

  • Идэхэд хялбарыг нь бодож усан шөл эсвэл шингэн агшаамлаар хооллох нь элбэл байдаг. Энэ нь хүүхдийн хоногт хоолноос авах илчлэг болон тэжээллэг чанарыг бүрэн хангадаггүй байна.

  • Эхийн сүү бага ууснаар аливаа өвчнөөс хамгаалах хамгаалалт багасдаг.

  • Нэмэгдэл хоол нь эхийн сүү шиг цэвэр байж чадахгүй. Хялбар шингэхгүй. Суулгалт өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.

  • Хүүхэд хараахан эхийн сүүнээс бусад бүтээгдэхүүнд агуулагддаг уургийг сайтар боловсруулж, шингээх чадвартай болж амжаагүй байдаг учраас багтраа болон харшил үүсэх эрсдэл нэмэгддэг.

  • Хүүхдээ хөхүүлэх тоо цөөрсний улмаас ээжийн дахин жирэмслэх магадлал ихэснэ.

Нэмэгдэл хоолонд хэт орой оруулахад үүсэх эрсдэл

  • Хүүхэд өсөн нэмэгдэж байгаа хоол тэжээлийн хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээний шаардлагатай илчлэг, тэжээлийн бодисуудыг авч чадахгүй.

  • Хүүхдийн өсөлт хөгжил удааширна.

  • Тураал, өсөлт хоцролт, цус багадалт, рахит зэрэг хоол тэжээлийн дутал үүсэхээс сэргийлэхэд тустай төмөр, кальц, цайр, селен гэх мэт олон амин чухал бодисыг авч чадахгүй.



Эх сурвалж: ЭМЯ, Дэлхийн Зөн, 6-24 сартай хүүхдийн нэмэгдэл хоолны жор, УБ 2017 он

Comments


bottom of page