top of page

“Нипах” вирустэй холбоотой асуудал үүсвэл ГХЯ-тай холбогдох заавар

Сүүлийн өдрүүдэд “Нипах” вирусийн халдварын тохиолдол Энэтхэг, Бангладеш Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан халдварын тохиолдол бүртгэгдсэн бүс нутаг болон өндөр эрсдэлтэй бүс нутаг аль болох зорчихгүй байх, эрүүл мэндийн байгууллагаас гаргасан албан ёсны мэдээллийг дагаж мөрдөх, хувийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангахыг Гадаад харилцааны яамнаас зөвлөж байна.

Бусад орнуудад уг халдварын шууд тархалт бүртгэгдээгүй хэдий ч олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хяналтын арга хэмжээг чангатгаж, зарим улсын нисэх буудлуудад зорчигчдод эрүүл мэндийн тандалт, шалгалт хийж эхлээд байна.

Дээр дурдсан бүс нутагт зорчиж буй Монгол Улсын иргэн Танд консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол:

- Гадаад харилцааны яамтай +976-72774444 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан,

- Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яамтай +91 92660 25777 дугаарын шуурхай утас болон delhi@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдоно уу.


Нипах вирус гэж юу вэ?

Нипах вирусийн халдвар нь жимсний сарьсан багваахай (Pteropus spp.)-гаас гаралтай, амьтнаас хүнд дамжих эрсдэлтэй, шинээр сэргэж буй зоонозын халдварт өвчин юм. Уг халдвар нь халдварласан амьтантай шууд хавьтлаар, сарьсан багваахайн шүлс, шээсээр бохирдсон хоол хүнс (ялангуяа түүхий дал модны шүүс, жимс) хэрэглэх замаар, мөн өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байх үед хавьтлын замаар хүнээс хүнд дамжих боломжтой гэж үзэж байна.

Нипах вирусийн халдвар нь эмнэлзүйн хувьд шинж тэмдэггүй хэлбэрээс эхлэн амьсгалын замын хүнд өвчлөл, тархины үрэвсэл (энцефалит) үүсгэж, улмаар үхэлд хүргэх эрсдэлтэй бөгөөд нас баралтын түвшин 40–75 хувьтай байна. Одоогоор нипах вирусийн халдварын эсрэг вакцин, вирусийн эсрэг эмчилгээ байхгүй байна.

Өвчлөлийн нөхцөл байдал

Нипах вирусийн халдвар нь 1998 оноос хойш Бангладеш, Энэтхэг, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсад бүртгэгддэг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын албан мэдээллээр Энэтхэг Улсын Баруун Бенгал мужид 2001, 2007 онд, 2018 оноос хойш Керала мужид өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд тус улс нь нипах вирусийн халдварын нутагшмал голомттой юм. Хамгийн сүүлд 2025 оны 08 дугаар сард Энэтхэг Улсын Керала мужид 4 хүн өвчилж, 2 хүн нас барсан талаар мэдээлсэн байна.

Үүний зэрэгцээ Бангладеш Улсад нипах вирусийн халдвар 2001 оноос хойш жил бүр бүртгэгддэг нутагшмал халдвар бөгөөд 2025 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарын хооронд Бангладеш Улсад газарзүйн байршлын хувьд хоорондоо холбоогүй дөрвөн дүүрэгт лабораториор батлагдсан дөрвөн нас баралт бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлууд хоорондоо эпидемиологийн холбоогүй бөгөөд ихэнх нь түүхий дал модны шүүс хэрэглэсэнтэй холбоотой байсан.

Бангладеш Улсад 2001 оноос хойш 347 батлагдсан нипах вирусийн халдварын тохиолдол бүртгэсэн бөгөөд нас баралтын дундаж түвшин 71.7 хувьтай байна.

Олон улсад тархах эрсдэл

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын эрсдэлийн үнэлгээгээр нипах вирусийн халдвар олон улсад тархах эрсдэл бага, дээрх улсын хувьд эрсдэл дунд зэрэг гэж үнэлсэн байна. Одоогийн байдлаар нипах вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан мэдээлэл байхгүй байна. 2025 онд Энэтхэг болон Бангладеш Улсад бүртгэгдсэн бүх тохиолдлууд дотоодын халдвар хэлбэрээр бүртгэгдэж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж эрсдэлийг бууруулсан байна.

Үйл явдалд суурилсан тандалтын мэдээлэл

Одоогийн байдлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Энэтхэг Улсын Баруун Бенгал мужид 5 тохиолдол бүртгэгдэж, 100 орчим хүнийг тусгаарлан ажиглаж байгаа ба Барасат хотын нэгэн хувийн эмнэлэгт өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлж байсан 3 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн байж болзошгүй гэж мэдээлж байна. Гэхдээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас албан ёсоор мэдээлээгүй байна.


Эх сурвалж: ГХЯ, ЭМЯ


Comments


bottom of page