top of page

Хүүхдийн сэтгэл зүйч Г.Солонго:Гадаадаас хүүхдээ утсаар ч болов сайн сонсож, чанартай цаг өнгөрүүлэх хэрэгтэй

  • 5 days ago
  • 6 min read

Өглөө бүрийг “Ээж ирсэн үү?” гэх асуултаар эхлүүлдэг зургаан настай У охин. Тэрээр бусдын хэлдгээр идэж уух, өмсөж зүүхээр дутахгүй өсөж буй хүүхэд юм. Охины ээж БНСУ руу ажлын гэрээгээр явжээ. Түүнээс хойш эмээтэйгээ амьдарч байгаа бөгөөд хол байгаа ээжтэйгээ өдөрт ганцхан удаа ярьж, санасан сэтгэлээ дэвтээдэг байна. Энэ оны 4 дүгээр сарын байдлаар БНСУ-д Монгол Улсын 59 мянган иргэн ажиллаж байна. Жил бүр л амьдрал ахуйгаа өөд татахын тулд харь орныг зорьдог эдгээр хүмүүсийн нэг нь охины ээж юм. Бид Мэргэжилтний үг ярилцлагын булангаараа дамжуулан ээж, аавыгаа ирэхийг хоног тоолон хүлээдэг У охин шиг олон хүүхдэд тулгардаг сэтгэлзүйн асуудлын талаар хичээнгүйлэн хөндлөө.

2009 оноос хойш ажиллаж буй, хүүхдийн сэтгэл зүйч Г.Солонготой ярилцлаа.

Ээж, аав нь сурах, ажиллах зэрэг янз бүрийн шалтгаанаар тусдаа амьдрахаас өөр аргагүй болсон хүүхдүүдэд ямар асуудал голдуу тулгардаг вэ?

9 нас хүртэл хүүхдийн сэтгэл зүйн суурь тавигддаг. Энэ үед хүүхдийг урт хугацаагаар орхиж явах нь сэтгэл зүйн гэмтэл үүсгэх эрсдэлтэй. Нэгэнт суурь нь тавигдчихсан өсвөр насны хүүхдийн зан төлөвийг өөрчлөх хэцүү. Тиймээс 9 нас хүртэл нь хүүхэдтэйгээ ойр байж, сэтгэл зүйн хэрэгцээг нь хангах хэрэгтэй гэж зөвлөдөг л дөө. Гэхдээ яах ч аргагүй шалтгаанаар хол явсан эцэг, эхийг бол буруутгах утгагүй шүү дээ.

Хүүхдэд өмсөж зүүх, хоол унднаас гадна сэтгэлзүйн хэрэгцээгээ хангах нь хэр чухал юм бэ?

Томчууд бага насны хүүхдийг “Юм ойлгох болоогүй” гэж бодоод байдаг. Гэвч сэтгэлзүйн хэрэгцээ нь хангагдахгүй байгаа хүүхдийн дотор маш хэцүү нөхцөл байдал үүсдэг. Үүн дээрээ нэмээд өөрийгөө юу мэдэрч байгааг бусдад тайлбарлаж илэрхийлж чадахгүй байх үед улам л хүндхэн байдалтай тулгардаг. Ингээд явсаар байгаад хүүхэд бүх хэцүү мэдрэмжүүдээ дотроо хадгалсаар бэтгэрдэг. Тиймээс л хүүхдийн сэтгэл санаа ямар байгааг ээж, аавууд нь сайн анзаарах шаардлагатай.

Ээж, аавууд гадаадаас хүүхэдтэйгээ утсаар л ярьдаг шүү дээ. Тэгэхээр утсаар харилцах нь аав ээжийн хайр, амьд харилцааг хэр хэмжээнд нөхөж чаддаг вэ?

Бүрэн биш ч тодорхой хэмжээгээр нөхөж чадна. Гэвч найзуудтайгаа утсаар яриад болчихдог шиг, эцэг эхийн харилцаа, хайр халамжийг утас хангалттай орлож чадахгүй. Ээж, аавтайгаа хамт байснаар хүүхэд хүлээн зөвшөөрөгдөх, харьяалагдах, хайрлуулах, халамжлуулах, урам зориг авах зэрэг гол хэрэгцээнүүдээ хангадаг. Жишээ нь, анх удаа хоол хийчхээд ээж, аавдаа харуулж, тэдний урам зориг өгсөн үгсээр хэрэгцээ нь хангагдаж байдаг. Харин утасны цаанаас энэ хэрэгцээг бүрэн хангахад хэцүү л дээ.

Зарим тохиолдолд ээж, аавууд хүүхэдтэйгээ утсаар ярихдаа хэт байцаасан агуулгаар асуугаад байдаг. Ер нь хол байгаа хүүхэдтэйгээ утсаар ярихдаа юун дээр анхаарах, анзаарах хэрэгтэй вэ?

Хүүхдээсээ нээлттэй хариулж болох асуулт тавьж ярилцах хэрэгтэй. Жишээ нь, “Өнөөдөр хичээлээ хийсэн үүе” биш “Өнөөдөр ямархуу байсан бэ? Ямар мэдрэмжтэй байна вэ?” гэж асуувал дэлгэцийн цаанаас хүүхэдтэйгээ илүү тодорхой ойлголцох боломжтой. Нээлттэй асуултын санааг бол жишээ нь хиймэл оюунаас асуусан ч болно шүү. /инээв/

Зарим хүүхдүүд аав ээжийгээ хол явахад огт уйлахгүй, эсрэгээрээ маш томоотой үлддэг. Үүний цаана ямар дохио байж болох вэ? Хүүхдийн үйлдэл бүр тодорхой хэрэгцээн дээр тулгуурдаг. Хүүхэд аав, ээжийгээ явахад араас нь уйлж, уурлаж, мэдрэмжээ гаргаж байгаа нь сэтгэл зүйн хувьд илүү эрүүл, өөрийгөө илэрхийлж чадаж буйн илрэл. Үүний цаана хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ байх магадлалтай. Уйлаад нэмэргүй гэдгийг ойлгосны үндсэн дээр томоотой, сайн хүүхэд байвал ээж, аав хурдан ирнэ гэж найддаг. Энэ нь нөхцөл байдлыг ойлгож байгаа гэхээс илүүтэй хамт байхын тулд хичээнгүйлэн хийдэг үйлдэл нь юм. Үнэн хэрэг дээрээ ээж, аавтайгаа хамт байхыг хүсдэггүй хүүхэд гэж байхгүй шүү дээ.

Харин зарим хүүхэд илүү их асуудал тарьж, буруу зүйлс хийдэг нь адилхан шалтгаантай юу?

Цаад шалтгаан нь адилхан. Хүлээн зөвшөөрч чадаагүйн улмаас эсэргүүцэл үзүүлж буй хэлбэр. Нөхцөл байдлыг ойлгож амжаагүй, хүлээн зөвшөөрч чадаагүйн улмаас хүүхэд асар их төөрөгдөлд ордог. Энэ мэдрэмжээ нуухын тулд том хүн шиг аашилж, эсэргүүцэл үзүүлж буй нь энэ. Үүнээс сэргийлэхийн тулд явахаасаа өмнө хүүхдэдээ гадагшаа явах болсон шалтгаан, хэдий хугацаанд явах, холбоотой байх амлалт зэргээ сайтар тайлбарлаж, сэтгэл санааг нь бэлдэх хэрэгтэй.

Хүүхэд уур бухимдал, гомдол, ганцаардлаа дотроо хуримтлуулсаар байвал эцэстээ ямар үр дагаварт хүрэх вэ?

Нөхцөл байдлаас хамааран олон хэлбэрээр илэрдэг. Өөрийгөө ойлгуулах хэрэгцээ нь хангагдахгүй хүүхэд түрэмгий зан авиртай болно. Хэт их гомдол тээгээд байвал зөрүүдлэх, дуугаа үргэлж хураах, дуртай зүйлдээ дургүй болох, нийгмээс өөрийгөө тусгаарлах шинжтэй болдог. Даамжирсаар бие махбодын эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлтэй. Жишээ нь, хэт их стресстэх үед ходоод өвдөж, нойргүйддэг. Мэдрэмжээ дотроо хадгалах тусам эд эрхтэнд нөлөөлж байдаг учир хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаарай.

Хол байгаа эцэг эхээс нь бэлэг ирэх үед хүүхэд маш их баярладаг ч энэ мэдрэмж ердөө 48 цаг үргэлжилдэг гэнэ. Хүүхэд бэлэг ирэх мэдрэмжид донтох, улмаар ээж аавыгаа биш, зөвхөн тэднээс ирэх зүйлсийг хүлээдэг болох боломжтой юу?

Эцэг, эхчүүд хүүхдэдээ давтамжтай бэлэг явуулдаг шалтгаан нь гэмшил байдаг. Хажууд нь байж, хүүхэд насыг нь хуваалцаж чадахгүй байгаадаа гэм буруугийн мэдрэмж тээж, материаллаг зүйлээр нөхөхийг оролддог. Гэвч энэ үйлдэл нь давтагдах тусам тархи мэдээллийг дохио болгон авч, хадгалдаг. Ингэснээр донтолт үүсэх эрсдэлтэй. Улмаар хүүхэд энэ үйлдэлд дасаж, эцэг эхийн хайр, халамжийг бэлэг өгөх төдийхнөөр ойлгосноор ердийн дулаан үг, халамжид сэтгэл нь хөдлөхөө больчихдог. Тиймээс өөрсдийн үзэмжээрээ хамгийн сайныг л хэрэглүүлнэ гэхээсээ илүү хүүхэдтэйгээ ярилцаж, хэрэгцээтэй зүйлсийг нь л бэлдэж өгөөрэй.

Материаллаг бэлгээр сэтгэл зүйн орон зайгаа нөхөж өссөн хүүхэд ирээдүйд ямар хүн болж төлөвших вэ?

Хүүхдүүд аливаа зүйлийн цаадах учрыг сайн анзаардаг. Эцэг, эх нь ямар шалтгаанаар бэлэг явуулаад байгааг мэдчихээд далимдуулах талтай. Энэ хүсэл нь цаашаа даамжирсаар байвал бусдыг ашиглах сэдэлтэй, таагүй зүйл тохиолдоход гаднаас аргалах зүйл хайж эхлэх гэх мэт сөрөг талтай.

Ээж, аав нь гадаад явахад хүүхдүүд ихэвчлэн эмээ өвөө дээрээ үлддэг. Эмээ өвөө нар хүүхдийг өрөвдөхдөө хэтэрхий дураар нь тавих, эсвэл бүр эсрэгээрээ ойлголцохгүй, байнга зөрчилдөх ч талтай байдаг. Ийм асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Хүүхдийг хэтэрхий эрхлүүлснээр хил хязгаар гэдэг зүйл орхигддог. Хил хязгаар орхигдсоноор зан авир нь буруу тал руугаа өөрчлөгддөг. Мэдээж эмээ, өвөө болон эцэг, эхийн хүмүүжлийн арга барил харилцан адилгүй. Тиймээс хүүхдэд анхнаас нь үүрэг хариуцлага гэдэг зүйлийг суулгах нь зүйтэй. Үүрэг хариуцлагаа ухамсарласан хүүхэд хаана ч, хэний ч хажууд түүнийгээ биелүүлж чаддаг. Энэ нь ирээдүйд нийгэмд эзлэх байр сууринд нь ч нөлөөлнө.Тиймээс хол байгаа эцэг, эх нь тэдний дунд хоорондын үл ойлголцлыг арилгах гүүр болж өгөх үүрэгтэй.

Зарим эмээ өвөө нар хүүхдэд "Аав ээж чинь чамайг тэжээх гэж тэнд зовж байна", “Ядарсан үед нь битгий залга” гэх мэт үгс хэлдэг. Үүнээс болоод хүүхэд өөрийгөө дарамт мэтээр мэдэрч, гэм буруугийн мэдрэмж авдаг уу?

Санасан, ганцаардсан мэдрэмжээ илэрхийлэх хэрэгцээг нь хүлээн авч, ойлгох хэрэгтэй. Мэдрэмжийг нь хааж, боосноор хүүхэд бүх ачааг ганцаараа үүрч эхэлнэ. Ямар нэгэн асуудал гарахад хэн нэгэнтэй хуваалцаж чадахгүй, дотроо тээсээр сэтгэл зүй нь гэмтэж болно. Мөн хэн нэгэнд дарамт болохоос айх түгшүүр бий болдог. Тиймээс ядаж эцэг эхтэйгээ утсаар ярих хүслийг нь бүү хаагаарай.

Удаан хугацаагаар хол байсан аав, ээжтэйгээ эргэж уулзах үед хүүхэд нэг л хүйтэн хөндий хүлээж авах, хана босгох тохиолдол байдаг. Ийм харилцааг засахын тулд яах хэрэгтэй вэ?

Хүүхдээсээ холдсон мөчөөс харилцаагаа чанартай байлгах хэрэгтэй. Хол байх хугацаандаа нээлттэй, ойр харилцаа үүсгэж, сэтгэл зүйн хэрэгцээнүүдийг нь хангаж өгч чадаагүй үед хана босдог. Хэрвээ нэгэнт харилцаа нь хөндийрсөн бол үүнд хүүхэд биш эцэг эх буруутай. Гэвч боломж үргэлж байдаг. Хүүхдийг хүчлэхгүйгээр, бага багаар харилцаагаа сайжруулж, аюулгүй мэдрэмжийг өгөх эсвэл мэргэжлийн хүнд хандаарай.

Дэлгэцийн цаанаас хүүхдээ хүмүүжүүлэх, тэднийг сонсох боломжтой юу? Жишээ нь, Солонгос улсад байгаа ээж, аавууд утасны цаанаас хүүхэдтэйгээ чанартай цаг өнгөрүүлэхийн тулд яг ямар арга ашиглах ёстой вэ?

Технологи, цахим ертөнц хөгжсөн энэ үед хүсвэл олон боломж бий. Дүрсээр харилцах, утасны тоглоомоор дамжуулан хамтарч тоглох, захидал илгээх зэрэг энэ бүрийг алдалгүй ашиглах хэрэгтэй. Чанартай цаг өнгөрүүлж чадвал хүүхдээ сонсох, ойлгох боломжтой. Харин чанартай цаг өнгөрүүлэхийн тулд тухайн хүүхдийг дааж үлдсэн асран хамгаалагчтай ч мөн ярилцаж, мэдээлэл авах нь чухал. Авсан мэдээллийнхээ үндсэн дээр хүүхдийнхээ мэдрэмжээ илэрхийлэх, нээлттэй байх тал дээр түлхүү туслах хэрэгтэй. Ингэснээр харилцах ганц боломж буюу утсаар дамжуулан хүүхдийн сэтгэл зүйд дэм болж чадна. Мөн хүлээлт үүсгэхгүйгээр, тодорхой байх хэрэгтэй. Хүүхэд ирээдүйд болох зүйлсийг урьдчилан мэдэж байх үедээ илүү тайван байдаг. Тиймээс хэдэн цагт утсаар ярих боломжтой, хэдий хугацааны дараа ирэх эсэхээ үнэн бодитой хэлж байгаарай.

Цагийн зөрүү, ажлын ачааллаас үүдээд хүүхэдтэйгээ тэр бүр ярьж чаддаггүй аав ээжүүд хүүхдэдээ өөрийг нь хаяагүй, хайртай хэвээрээ гэдэг аюулгүй мэдрэмжийг яаж мэдрүүлэх вэ?

Үүний тулд заавал урт хугацаагаар ярих шаардлагагүй. Тогтвортой, чанартай байхад л болно. Ажлын арван минутын завсарлагаагаар, харих замдаа, унтахаасаа өмнө зэрэг боломжтой цагууддаа ашиглаарай. Богинохон ч гэсэн тогтвортой, давтамжтай холбогдож чадвал хүүхэд мартагдаагүй, хайрлагдсан мэдрэмжийг мэдэрч чадна. Харин цагийн зөрүүнээс болоод тэр бүр холбоотой байж чадахгүй байвал зурвас үлдээгээрэй гэж зөвлөж байна. Сэрэхэд нь бяцхан зурвас ирчихсэн байвал хүүхэд тухайн өдрийг жаргалтайгаар эхлүүлэх болношүү дээ. Эцэст нь ганцхан минут ч хамаагүй дуу хоолойгоо сонсгох нь хүүхдийн сэтгэлд тэврэлт болдог. Хоорондын зай холдсон ч хайр нь холдох ёсгүй.

Ярилцсанд баярлалаа.

Comments


bottom of page