Спортоор дамжуулан хүүхдээ хөгжүүлэх арга
- Apr 20
- 4 min read

Child.mn/Хүүхэд.мн сайтаас эцэг, эхчүүдэд зориулан бэлтгэдэг хүүхдийнхээ кодыг тайлъя! уриатай "Teen Code" подкастын эхний дугаарт Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, спортын сэтгэл зүйч Б.Золзаяа, биеийн тамирын багш Г.Балсанлхүндэв нар оролцлоо. Спортоор дамжуулан хүүхдийг хөгжүүлэх арга зүйн талаар ярилцав.
Эцэг эхчүүд хүүхдийн хөгжлийг янз бүрээр ойлгодог. Зарим нь хичээл ном, зарим нь спорт, урлаг гэж хардаг. Тэгвэл мэргэжлийн хүний хувьд та хүүхдийн хөгжлийг юу гэж тодорхойлох вэ?
Спортын сэтгэл зүйч Б.Золзаяа: Хүүхдийн хөгжлийг ярихад бие бялдрын хөгжил, нийгмийн чадвар, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн хөгжил зэрэг олон талаас нь цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Эдгээр нь хүүхдийн нас насанд зэрэг хөгжиж байдаг. Хөгжил ярихаас өмнө эцэг эхчүүд хүүхдээ хэт хянах, эсвэл хэт эрхлүүлэхээс илүү ойлгож, дэмжиж, урам зориг өгөх тэнцвэрийг олох нь чухал байдаг.
Биеийн тамирын багш Г.Балсанлхүндэв: “Хөдөлгөөн хүнийг эрүүл болгож, хөдөлмөр хүнийг сайн хүн болгоно” гэдэг. Өмнө нь хүүхдүүд ахуйдаа тохирсон хөдөлмөр эрхэлж, бие даан сэтгэж, аливаа нэг тулгарсан асуудлыг шийдвэрлэх чадварт суралцдаг байсан. Харин одоо цаг зарим эцэг эхчүүд хүүхдээ зөвхөн хичээлд төвлөрүүлж, давтлагаар шахах нь элбэг болсон. Боловсрол чухал ч амьдрах ур чадвар, зөөлөн чадварыг орхигдуулж болохгүй гэж боддог.
Спортын сэтгэл зүйч Б.Золзаяа: Гэр бүлийн орчинд хүүхдийг насанд нь тохируулан хөдөлгөөнтэй байлгах нь чухал. Орчин үеийн хүүхдүүд хөдөө гарч, мал маллах зэргээр ахуйгаар дамжуулан хөдөлгөөн хийх боломж хомс. Тиймээс л спортоор дамжуулан хүүхдийг хөдөлгөөнтэй байх, тархи нь хөгжих боломжийг бий болгох хэрэгтэй юм. Дасгал хөдөлгөөн хийснээр хүүхэд тэсвэр, хатуужилтай болох, зорилго тавьж сурах, түүндээ хүрэхийн тулд төлөвлөх чадвартай болдог. Энэ бол хүүхдийн хөгжилд маш чухал чадварууд.
Хүүхэд хэдэн наснаасаа спортоор хичээллэж эхлэвэл илүү үр дүнтэй байдаг вэ?
Спортын сэтгэл зүйч Б.Золзаяа: Хүүхдийг бага наснаас нь спортоор хичээллүүлэх нь маш чухал. Ялангуяа дасгал хөдөлгөөн, зөв дадал зуршлыг аль болох эрт, бүр хоёр наснаас нь эхлэн сургах нь үр дүнтэй байдаг. Спорт гэдэг нь тодорхой дүрэм, зорилго, дасгал даалгавартай байдгаараа онцлог. хүүхдээс тэсвэр тэвчээр, дотоод нөөц бололцоогоо дайчлахыг шаарддаг. Иймээс спорт нь хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилөөс гадна сэтгэлзүй, зан төлөвт ихээхэн эерэг нөлөө үзүүлдэг.
Хүүхэд багаасаа спортоор хичээллэснээр ялах, ялагдах, хичээл зүтгэл гаргах, тэсвэр хатуужилтай байх зэрэг амьдралд хэрэгтэй олон чухал чадварыг сурдаг. Мөн энэ нь ирээдүйд аливаа бэрхшээлийг даван туулах чадварыг нь хөгжүүлдэг.
Үүнтэй адил урлагийн үйл ажиллагаа ч хүүхдийн сэтгэл хөдлөл, дотоод ертөнцийг нээж өгдөг.
Бусадтай хамтран оролцох, харилцах явцад хүүхэд бусдыг ойлгож, амьдралыг таньж эхэлдэг. “Надтай адилхан мэдрэмж бусдад бас байдаг юм байна” гэдгийг ойлгож, баярлах, гуних, гомдох зэрэг сэтгэл хөдлөлийг ялгаж таньж сурна. Мөн өөрт нь байгаа зүйл бусдад байхгүй, эсвэл эсрэгээрээ байх боломжтойг ойлгож, харилцааны ур чадвар нь хөгждөг. Ер нь хүүхэд олон хүнтэй харилцах тусам хорвоо ертөнц, хүмүүс, улмаар өөрийгөө танин мэдэх боломж нь нэмэгддэг. Ялангуяа өсвөр насанд хүүхдийн хамгийн чухал зорилго нь өөрийгөө таних, ойлгох байдаг. Тиймээс спорт, урлаг зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан энэ үйл явцыг дэмжих нь маш чухал юм.
Хүүхдийн хөгжил гэдэг нас насанд нь тохируулан анхаарах сэдэв. Тэгвэл бага насны хүүхдийн хөгжилд эцэг эхчүүд хэрхэн яаж анхаарах вэ?
Спортын сэтгэл зүйч Б.Золзаяа: Би анх спортын сэтгэл зүйч болсныхоо дараа хүмүүстэй хэрхэн ажиллах талаар их төсөөлдөг байсан. Нэг удаа чөлөөт бөхийн тамирчидтай хамт Польш улсад сар гаруйн хугацаанд бэлтгэл хийж байлаа. Тэр үед бидэнтэй хамт бага насны хүүхдүүд ч мөн бэлтгэлд оролцдог байсан. Тэднийг хараад би нүдэндээ ч итгээгүй. Учир нь зургаа, долоон настай хүүхдүүд долоо хоногт гурваас дөрвөн удаа бэлтгэл хийж, томчуудаас дутахааргүй хичээллэж байсан юм. Тэд бүтэн нэг сарын турш нэг хөдөлгөөнийг огт дургүйцэлгүйгээр дахин дахин давтан хийж байсан нь үнэхээр гайхалтай санагдсан.
Энэ бүхний цаана хамгийн чухал зүйл нь тухай нь багшийн хүүхдүүдтэйгээ харилцаж буй харилцаа хандлага байсан юм. Мөн хүүхдүүд хамтдаа тоглонгоо дасгалаа хийгээд байгаа нь тоглоомын аргаар хөгжих боломж нь үүсэх, багаар ажиллах чадвар, харилцаа бий болох мөн хүүхэд өөрийнхөө чадаж байгаа зүйлээс урам авах гэдгийг суралцаж байгаа юм. Тэгэхээр хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшилд харилцаа гэдэг зүйл үнэхээр чухал юм.
Таны хувьд хэддүгээр ангийн хүүхдүүдэд голчлон хичээл заадаг вэ? Ажиглахад ямар өөрчлөлтүүд гардаг вэ?
Биеийн тамирын багш Г.Балсанлхүндэв: Би нэг болон наймдугаар ангийн сурагчдад биеийн тамирын хичээл заадаг. Нэгдүгээр ангийн хүүхдүүд их сониуч, өөрийгөө Кристиано Роналдо шиг хөлбөмбөгчин гэж төсөөлөн, үйлдлийг нь дуурайдаг. Тэд зурагтаар харснаа шууд хүлээн авч, амжилтад хүрэхийн цаад шат дарааллыг ойлгодоггүй. Тиймээс эцэг эхчүүд маань хүүхдийн сонирхлыг дэмжиж, амжилтад хүрэх зам шат дараатай гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
Ээж, аавууд яагаад хичээлээс гадна хүүхдийн бусад сонирхлыг дэмжиж, урамшуулах хэрэгтэй вэ?
Спортын сэтгэл зүйч Б.Золзаяа: Хүүхэд хүсэл мөрөөдөл, зорилготой байх нь асар чухал. Тиймээс дугуйланд явуулах мөнгө байхгүй, цаг байхгүй, хүргэж өгөх зав байхгүй гэж саад бэрхшээлд төвлөрөхөөс илүүтэй хичээл зүтгэл гаргаж, зорилготой байгаа гэдгийг сайшаан харж, түүнийг нь дэмжихэд анхаарах хэрэгтэй. Мөн хүүхэд, эцэг, эх хоорондоо ярилцах нь асуудлыг ойлгож, шийдэл олох хамгийн зөв арга байдаг. Ярилцах явцдаа асуудлаа олж хардаг гэсэн үг.
Ээж, аавууд хүүхэдтэйгээ яаж ярилцах нь үр дүнтэй байх вэ?
Спортын сэтгэл зүйч Б.Золзаяа: Эцэг эхчүүд хүүхдийнхээ байр сууринаас харж, яриаг нь таслахгүй сонсож, аль болох нээлттэй асуулт асууж харилцан яриагаа өрнүүлэх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд ээж аав нь өөрийг нь ойлгож хүлээн зөвшөөрч байгааг мэдэрдэг. Энэ нь хүүхдийн цааш хөгжих хөгжилийн үндэс нь болдог.
Биеийн тамирын багш Г.Балсанлхүндэв: Миний хувьд ч ялгаагүй ээж, аавууд хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй л гэж боддог. Мөн хүүхдээсээ "Өнөөдөр багш нь загнасан уу? Цохисон уу? гэж асуудаг. Энэ нь хүүхдэд багш гэдэг хүн чинь аймар юм байна гэсэн ойлголтыг өгөөд байгаа юм. Үүний оронд "Миний хүү өнөөдөр шинэ юм юу сурсан бэ?, багш нь юу заасан бэ?, гэх зэргээр хүүхдийнхээ сонирхлыг өдөөсөн харилцан яриа өрнүүлвэл зүгээр байдаг. Мөн хүүхэдтэйгээ насанд нь тохируулж харилцах хэрэгтэй. Хүүхдээ сонирхсон спортоор нь хичээллүүлж, багш дасгалжуулагчтай нь хамтран ажиллах нь чухал юм.
Хүүхдээ спортоор хичээллүүлэх гэж байгаа эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
Спортын сэтгэл зүйч Ж.Золзаяа: Спортоор хичээлэлснээр хүүхэд дүрэм баримтлах, өөрийгөө хянах, багаар ажиллах, шийдвэр гаргах чадвартай болдог. Мөн анхаарал, ой тогтоолт, сэтгэхүй, зэрэг танин мэдэхүйн чадварууд сайжирдаг. Тиймээс эцэг эхчүүд маань хүүхэддээ хэт дарамт өгөхгүйгээр хичээл зүтгэлийг нь үнэлж, жижиг амжилтыг нь дэмжиснээр эдгээр чадварыг аяндаа эзэмшдэг.
Биеийн тамирын багш Г.Балсанлхүндэв: Хүүхдийнхээ сонирхлыг дагаж, дуртай спортоор нь хичээллүүлж, тууштай дэмжих хэрэгтэй. Хэрвээ энэ тал дээр хүүхэдтэйгээ сайн ойлголцож чадахгүй бол багштай нь хамтарч, хүүхдийн онцлогийг ойлгож ярилцаж болно шүү дээ.
Урилга хүлээн авч ярилцсан та бүхэнд баярлалаа.



Comments