С.Даваадорж:Хүүхдийн тэтгэлгээ төлдөггүй хүмүүсийн дийлэнх нь 1980-1990 оны хүмүүс байна

Гэр бүлийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор хүүхдийн тэтгэлэг төлөхтэй холбоотой зохицуулалтад өөрчлөл орсон. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын Сүхбаатар дүүргийн хэлтсийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, Дэд хурандаа С.Даваадоржтой ярилцлаа.
Хүүхдийн тэтгэлэг төлүүлэхтэй холбоотой хуульд ямар өөрчлөлт орсон бэ?
Гэр бүлийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Үүнд хүүхдийн тэтгэлэг төлөөгүй тохиолдолд хариуцлага тооцох хугацааг богиносгосон зохицуулалт багтаж байна. Өмнө нь гурван сарын хугацаанд тэтгэлгээ төлөөгүй тохиолдолд дараагийн албадлагын арга хэмжээг авч эхэлдэг байсан. Шинэ зохицуулалтаар хоёр сарын хугацаанд тэтгэлгээ төлөөгүй, төлбөрийн хуримтлал үүсгэсэн тохиолдолд албадлагын арга хэмжээ авна. Түүнчлэн, зээлийн мэдээллийн санд бүртгэх, зээл авах боломжийг хязгаарлах, хүүхдийн тэтгэлэг төлөөгүй талаар мэдээллийг цахим бүртгэлд оруулж, мэдээллийг нээлттэй байршуулна.
Хүүхдийн тэтгэлгээ санаатайгаар төлөөгүй иргэдэд ямар албадлагын арга хэмжээ авдаг вэ? Энэ оны байдлаар тэтгэлгээ төлөөгүй хэчнээн иргэнд хариуцлага тооцсон бэ?
Хүүхдийн тэтгэлгээ санаатайгаар төлөхгүй байгаа тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд баривчлах, торгох, албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулдаг. 2026 оны байдлаар нийт 114 иргэнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулснаас 67 тэтгэлэг төлөгчид 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл, 36 тэтгэлэг төлөгчид торгуулийн шийтгэл оногдуулсан.
2025, 2026 онд хүүхдийн тэтгэлэг гаргуулах ажиллагаа хэдийг явуулсан бэ?
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах ажиллагаа нь шүүхийн шийдвэр гарсны дараа тэтгэлэг авагч өөрөө шүүхийн шийдвэр болон холбогдох гүйцэтгэх баримт бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлснээр эхэлдэг. 2025 онд 7186, 2026 онд 7750 гүйцэтгэх баримт бичгийн хүрээнд хүүхдийн тэтгэлэг гаргуулах ажиллагаа явуулсан. Өнөөдрийн байдлаар 7,750 гүйцэтгэх баримт бичгийн 50 орчим хувьд нь тэтгэлгийн төлөлт тогтмол хийгдээд явж байна.
Үлдсэн 50 хувь нь тэтгэлгээ яагаад бүрэн төлөхгүй байна вэ?
Тэтгэлгийн төлбөр бүрэн төлөгдөхгүй, үлдэгдэл хуримтлал үүсэх нь 100 хувь тэтгэлэг төлөгч төлбөрөөс санаатайгаар зайлсхийж байгаатай холбоотой байдаггүй. Тухайлбал, тэтгэлэг авагч шүүхийн шийдвэр, холбогдох гүйцэтгэх баримт бичгээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хугацаа алдаж хүргүүлснээр төлбөрийн хуримтлал үүсэх тохиолдол ч бий. Мөн тэтгэлэг төлөгч тогтмол төлбөр төлж байгаа ч орлого нь хуульд заасан тэтгэлгийн хэмжээнд хүрэхгүй байх тохиолдол бас байдаг.
Жишээлбэл, Нийслэлийн амьжиргааны доод түвшинг 543,700 төгрөгөөр тооцвол гурван хүүхэдтэй хүн гэхэд сард нийтдээ ойролцоогоор 1.8 сая төгрөгийн тэтгэлэг төлөх шаардлагатай. Гэвч тухайн иргэний сарын цалин, орлого энэ хэмжээнд хүрэхгүй бол тэтгэлгээ бүрэн төлөх боломжгүй. Ийм тохиолдолд тухайн хүн сард нэг сая төгрөг аль эсвэл 1.2 сая төгрөгийн тэтгэлэг төлж байсан ч үлдсэн төлбөр нь хуримтлагддаг.
Танай байгууллагын статистик мэдээллээр энэ онд хэдэн төгрөгийн тэтгэлэг төлөгдсөн байна вэ? Өмнөх онтой харьцуулахад ямар байна вэ?
Хүүхдийн тэтгэлгийн төлөлтийн мөнгөн дүнгийн хувьд 2025 онд дансаар нийт 6.6 тэрбум төгрөгийн тэтгэлэг төлөгдсөн. 2026 оны 10-р сарын байдлаар энэ дүн 14.9 тэрбум төгрөг болсон. Өмнөх оны мөнгөн дүнгээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт. Тэтгэлгийн нийт төлөлтийн мөнгөн дүн өсөж буй нэг шалтгаан нь Үндэсний статистикийн хорооноос жил бүр амьжиргааны доод түвшнийг шинэчлэн тогтоодогтой холбоотой. Амьжиргааны доод түвшин нэмэгдэхийн хэрээр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ дагаад өсөх зохицуулалттай.
Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг ямар зарчмаар тогтоодог юм бэ?
Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг хүүхдийн наснаас хамааран тогтоодог. Хуульд зааснаар 0-11 насны хүүхдэд тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 насны хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр тогтоодог. Харин 16-18 насны хүүхэд суралцаж байгаа тохиолдолд уг зохицуулалтыг үргэлжлүүлэн хэрэглэхээр заасан.
Одоогийн байдлаар танайхаар дамжуулан нийт хэдэн хүүхэд тэтгэлэг авч байна вэ?
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын статистик мэдээллээр 2026 оны байдлаар 9,500 орчим хүүхэд тэтгэлэг авч байна. Шүүхээс шинээр ирүүлсэн гүйцэтгэх баримт бичгийн тоо 2025 онд 1021 байсан бол 2026 оны 10 дугаар сарын байдлаар 1144 болж нэмэгдсэн байна.
Дийлэнхдээ хэдээс хэдэн насны хүмүүс хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй байна вэ?
Хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй байгаа иргэдийг оноор нь авч үзэхэд 1980-1990-ээд онд төрсөн хүмүүс дийлэнх хувийг эзэлж байна.
Хүүхдийн тэтгэлгээ олон жил төлөхгүй, ор сураггүй болох тохиолдол гардаг уу? Ямар арга хэмжээ авдаг вэ?
Хүүхдийн тэтгэлгээ төлөхгүйгээр 5-6 жил хүртэл явчихдаг цөөн тохиолдол гардаг. Ийм үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, тухайн хүний оршин суугаа хаягийг тогтоох, шаардлагатай тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагаа явуулдаг тусгай багийн оролцоотойгоор тэтгэлгийг ямар нэг байдлаар гаргуулах арга хэмжээ авдаг.
Гэр бүлээ цуцлуулсан боловч хүүхдийн тэтгэлгээ хэрхэн гаргуулахаа мэдэхгүй байгаа иргэд хаанаас, яаж эхлэх хэрэгтэй вэ?
Юуны өмнө гэр бүл цуцалсан болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гарсан байх бөгөөд уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. Үүний дараа Банкны төлбөр барагдуулах байгууллагад хандаж хэдий хугацааны тэтгэлэг авах ёстой байсан, хэдэн төгрөг авсан болон ямар хэмжээний төлбөр дутуу байгаа талаар тодорхой бичсэн хүсэлт гаргана. Мөн тэтгэлэг хүлээн авах банкны дансны тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргаж өгөх шаардлагатай.
Ярилцсанд баярлалаа.



Comments