top of page

Хаврын морин уралдааныг сэргээх агуулгатай хуулийн төсөлтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ

6 days ago
2 min read

Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвслэл ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

Улсын Их Хурлын нэр бүхий 25 гишүүн 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг тусгасантай холбогдуулан “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн зүгээс дараах байр суурийг илэрхийлж байна.

Хүүхдийн сурч боловсрох эрх, эрүүл мэнд, аюулгүй байдал, эсэн мэнд амьдрах эрх нь аливаа уламжлал, соёлын үйл ажиллагаанаас ямагт дээгүүр тавигдах ёстой. Гэвч хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах нь эдгээр эрхийг зөрчих, хүүхдийн боловсролын тасралтгүй байдлыг алдагдуулах бодит эрсдэлийг бий  болгох өндөр эрсдэлтэй.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 оны статистикийн эмхэтгэлд дурдсанаар, 2024 оны байдлаар улсын хэмжээнд давхардсан тоогоор 16,092 уралдаанч хүүхэд бүртгэгдсэн байна. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2023 онд нийтэлсэн судалгааны мэдээлэлд бүртгэлтэй 15,885 уралдаанч хүүхдийн 5308 нь 7-9, 6000 орчим нь 10-12, 2743 нь 13-15, 323 нь 16-18 насны буюу сургуулийн насны хүүхдүүд байна.

Түүнчлэн “Боловсролоос хөндийрч буй хөвгүүд” судалгаанд хурдан морь унаач хүүхдүүдийн 96 хувь нь хөвгүүд байгааг дурдсан ба тэдний хичээл хоцрогдлын талаар багш нарын 43 хувь нь их, 46.2 хувь нь дунд зэрэг гэж үнэлсэн. Энэ нь хурдан морь унах үйл ажиллагаа нь хүүхдийн боловсролд үзүүлж буй сөрөг нөлөө төдийгүй хөвгүүдийн боловсролын тэгш боломж, сургуульд хамрагдалтын асуудалтай холбоотойг анхаарах шаардлагатайг харуулж байна.

Хаврын морин уралдаан нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацаатай давхцдаг. НҮБ-ын Хүүхдийн сангаас хийгдсэн судалгаанд хаврын уралдааны үеэр хүүхдүүд 30 хүртэл хоногоор хичээлээс чөлөө авах, таслах байдал элбэг талаар дурдсан. Үүний шалтгаан нь унаач хүүхдүүд зөвхөн уралдааны өдөр морь унахаас гадна уралдааны бэлтгэл, сунгаа, үсэргээ хийх, морь малын бусад ажлыг давхар гүйцэтгэдэгтэй холбоотой. Үр дагавар нь хүүхэд хичээл таслах, сурлагын хоцрогдол үүсэх, хичээл сургалтын үйл ажиллагаанаас хөндийрөх, улмаар заавал эзэмших боловсролыг дүүргэж чадахгүйд хүрч байгаа нь хүүхдийн эрхийн ноцтой зөрчил юм.   

Хаврын морин уралдааны хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгэм сэтгэлзүйн сөрөг нөлөөлөл, үр дагавар судалгаа баримтаар нотлогдсон, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 26 дугаар тогтоолд ч тусгагдсан байдаг.

Монгол Улсын Үндсэн хууль болон НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцоор хүүхдийн сурч боловсрох эрхийг баталгаажуулж, хүүхдийн дээд ашиг сонирхлыг эн тэргүүнд харгалзан үзэх, эдийн засгийн мөлжлөгөөс болон боловсрол эзэмшихэд нь саад учруулах аливаа хөдөлмөрөөс хамгаалах үүргийг төрд хүлээлгэсэн.

Үндэсний өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах нь чухал боловч өв соёлоо хадгалж, хамгаалах нэрийн дор хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж, боловсрол, ирээдүйн боломж сонголтыг хязгаарлаж, золиослох ёсгүй. Хүүхэд бол өв соёлыг хадгалах үүрэг хүлээсэн арга хэрэгсэл бус, өөрийн гэсэн эрх, эрх чөлөө, хүсэл сонирхол, хөгжих боломжтой, эн тэргүүнд хамгаалагдах ёстой бие даасан субьект юм.

Иймд хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь хүүхдийн сурч боловсрох эрхээс гадна хүүхдийн амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд сөргөөр нөлөөлөх эрсдлийг дахин бүрдүүлнэ гэж үзэж  “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, гишүүн 42 төрийн бус байгууллага хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах агуулга бүхий дээрх хуулийн төслийг дэмжихгүй бөгөөд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол, сурч боловсрох эрхийг нэн тэргүүнд тавихыг хууль тогтоогчдоос шаардаж байна.


2026 оны 11 сарын 16

Comments


bottom of page