50 гаруй ТББ-ын нэгдэл Хүний эрхийн форум мэдэгдэл гаргалаа

Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй ТББ-ын нэгдэл Хүний эрхийн форумаас хаврын хурдан морины уралдаанд хүүхдээр морь унуулахыг хуулиар зөвшөөрөхийг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа. /2026.11.18/ Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Хүний эрхийн форум (ХЭФ) нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёсыг эрхэмлэх үнэт зүйл дээр нэгдсэн 50 гаруй төрийн бус байгууллага хамтран ажилладаг иргэний нийгмийн нэгдэл юм.
Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслөөр 14 болон түүнээс дээш насны хүүхдийг хаврын хурдан морины уралдаанд оролцуулахыг зөвшөөрөхөөр тусгасныг Хүний эрхийн форум эрс эсэргүүцэж байна. Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулах үйл ажиллагааг хуулиар зөвшөөрөх нь хүүхдийн эрхийн хамгаалалтыг сулруулсан ухралт болно.
Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенц, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) 182 дугаар конвенцын оролцогч улсын хувьд хүүхдийг аюултай хөдөлмөрөөс хамгаалах, хүүхдийн хөдөлмөрийн хамгийн хүнд хэлбэрийг устгах үүрэг хүлээсэн. Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлд хууль тогтоох байгууллага хүүхэдтэй холбоотой аливаа шийдвэрдээ хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихаар, 32 дугаар зүйлд хүүхдийг эрүүл мэнд, хөгжилд хор хохирол учруулах, сурч боловсроход нь саад болох аюултай хөдөлмөрөөс хамгаалахаар заасан. 18 нас хүрээгүй хүн бүр хүүхэд тул эдгээр үүрэг 14–17 насныханд адил хамаарна.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо болон ОУХБ-ын хяналтын механизм хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулж буй асуудлаар Монгол Улсад удаа дараа зөвлөмж өгч, 18 нас хүрээгүй хүүхдийг уралдаанч болгон ажиллуулахыг таслан зогсоох арга хэмжээ авахыг шаардсан. УИХ эдгээр зөвлөмжийн хэрэгжилтийг ахиулж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хууль тогтоомжид бодитойгоор тусгах ёстой.
Хуулийн төсөлд хамгаалалтын хувцас, хэрэгсэл, даатгал, эмнэлгийн тусламжийн талаар тусгасан нь хүүхдийг хүйтэн, цас, мөстэй нөхцөлд холын зайд морь уралдах аюулаас бүрэн хамгаалахгүй. Хүүхдийн өөрийн хүсэлт, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл ч хүүхдийг аюултай хөдөлмөрөөс хамгаалах төрийн үүргийг орлохгүй.
Хүүхдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан арилжааны шинжтэй хурдан морины уралдаан нь Монголын өв соёл биш бөгөөд харин үр хүүхдээ нүдний цөцгий мэт хайрлан өсгөх нь манай ард түмний олон мянган жилийн өв соёл, үнэт зүйл юм. Үндэсний өв соёл, уламжлалыг хадгалаx нэрээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, сурч боловсрох эрхийг эрсдэлд оруулахыг зөвтгөж болохгүй.
Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдөр болох 11 дүгээр сарын 20-ны Дэлхийн хүүхдийн өдрийг угтаж буй энэ үед УИХ хүүхдийн эрхийн хамгаалалтыг бэхжүүлэх бодит шийдвэр гаргах ёстой.
Иймд хүүхдийг хаврын хурдан морины уралдаанд оролцуулахыг зөвшөөрсөн агуулга бүхий уг хуулийн төслийг хэлэлцэн дэмжихээс татгалзахыг УИХ-ын гишүүдээс, төслөө буцаан татахыг хууль санаачлагчдаас шаардаж байна. Мөн хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлын баталгааг сулруулахгүйгээр, хүүхдийг аюултай хөдөлмөрөөс хамгаалах олон улсын үүргээ бүрэн хэрэгжүүлэхийг Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт уриалж байна.
Үр хүүхдээ хайрлах Монгол соёлоо дээдлэе!



Comments