top of page

А.Хонгорзул: Санхүүжилт, хүний нөөцийн асуудал дээр нэмээд төрийн тогтворгүй байдал үйлчилгээгээ хаахад нөлөөлсөн  

  • Jun 15
  • 4 min read
2026 он гарсаар хувийн хэвшлийн зарим байгууллага үйл ажиллагаагаа зогсоож буй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болов. Ялангуяа хүүхдийн хөгжил, боловсролын чиглэлд ажилладаг Чимээтэй номын сан үүд хаалгаа барилаа гэх мэдээллийн хойноос шил даран гарсан Хөөрхөн Зүрх ТББ-ын мэдэгдэл бүр ч олныг цочроов. Мэдэгдэлд тус байгууллага 14 жилийн турш бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэд болон тэдний гэр бүлд үзүүлж ирсэн сэтгэцийн гэмтэлд суурилсан нийгэм, сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээгээ 2026 оны 7 дугаар сарын нэгний өдрөөс бүрэн зогсоохоор болсноо зарласан байлаа. 

Тухайн үед Хөөрхөн Зүрх ТББ-аас шийдвэрийнхээ талаар хэвлэлд дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй билээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Хөөрхөн Зүрх ТББ-ын Үүсгэн байгуулагчдын нэг, доктор Амарсанаагийн Хонгорзултай ярилцсаныг уншигч танд хүргэж байна. 

Сайн байна уу? Танай байгууллагын хувьд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаасаа эхлээд 4 чиглэлд ажиллаж эхэлсэн байдаг. Үүнээс бараг танай байгууллагын амин сүнс гэж хэлж болохуйц үйлчилгээгээ зогсоож байна гэж зарласан. Яагаад ийм шийдвэрт хүрэх болсон бэ?  

Бидний гаргасан мэдэгдэл бол нэг өдрийн дотор гаргасан шийдвэр биш. Сүүлийн таван жилийн турш яах вэ гэдгээ ярилцаж, хэлэлцэж, аль болох л энэ үйлчилгээгээ үргэлжлүүлэхийг хичээсэн л дээ. Маш олон байгууллагад санхүүжилтийн асуудлаараа хүсэлт өгч үзсэн.

Өнгөрсөн жилүүдэд бид дотоодын хувийн салбарынханд ч хандаж үзсэн. Гэвч амжилт олоогүй. Үүнд олон хүчин зүйлс нөлөөлсөн л байх. Магадгүй манай хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний үр дүн нь шууд маргаашийн дотор мэдэгддэг ажил биш. Тэдэн үйлчлүүлэгч ингэсэн байна, тэгж өөрчлөгдсөн байна гэж хэлэх боломжгүй байдаг. Гэтэл хувийн хэвшлийн байгууллагууд шууд үр дүн гардаг ажилд л илүү төсөв зарцуулах хандлагатай. Энэ ч бас нөлөөлсөн л байх. 

Зарим хүн “Гадаадын грант авч болоогүй юм уу?” гэж бодож магадгүй. Дэлхий даяар л орон нутгийн хүний эрхийн төлөө ажилладаг ТББ-ууд санхүүгийн тулгамдсан асуудалтай байдаг.

Байгууллагын тогтвортой ажиллах үндэс нь мэдээж санхүүжилт. Танай хувьд санхүүжилттэй холбоотой тулгарсан асуудлынхаа талаар дэлгэрүүлээд яривал. 

Энэ асуудлыг зөвхөн манайх биш, бусад байгууллагууд ч адилхан ярьдаг. Төрийн хүлээсэн үүрэг, үүрэх ёстой ачааг хуваалцаж байгаа боловч төрөөс тогтмол дэмжлэг авч чаддаггүй. Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагуудын ихэнх нь гадаадын байгууллагуудын төсөл, хөтөлбөрөөс хамааралтай байдаг. Гэвч энэ нь санхүүжилтийн найдвартай эх үүсвэр биш. Төсөл бичээд сонгогдохгүй байх эрсдэлтэй. Олон улсын байгууллагууд хүртэл орон нутгийн ТББ-уудтай адилхан өрсөлддөг. Зарим нь сэтгэцийн гэмтлийн талаар, сэтгэцийн гэмтэлд суурилсан аргазүйн талаар огт ойлголт, туршлагагүй хэр нь л өрсөлддөг нь шударга биш. Мэдээж санхүүжилтээ бол олон улсын байгууллага нь авчихдаг. Авч чаддаг.  Яагаад гэвэл мэдээж тэд төслийн санал бичихдээ туршлагатай байна шүү дээ. Зарим тохиолдолд орон нутгийн ТББ-тай хамтарна гэх нэрийдлээр санхүүжилт хүсээд үйл ажиллагаан дээрээ оролцуулдаггүй, оролцоог хязгаарладаг тохиолдлууд ч гардаг даа. 

Санхүүжилтээс гадна өөр ямар асуудал тулгарсан бэ?

Цалин бага учраас хүний нөөцийн дутмаг байдалд орох нь ойлгомжтой. Цөөн хүний нөөц нь ажлын ачааллаас улбаалан ажлаас халшрах гэх зэрэг сэтгэл зүйн сайн сайхан байдалд нь ч нөлөөлдөг. Тэгэхээр энэ нь цогц асуудал юм. Мөн энэ салбар нь хүн бүрийн орж ажиллая гэж бодох хүсэмжит сэдэв биш байх. Тиймээс жинхэнээсээ зүрх сэтгэлээсээ ажиллах л хүн орж ирдэг . Гэвч хүний нөөцөө тогтоох тогтолцоо сул, бараг байхгүй гэж хэлж болно. 

Хүмүүс “Яагаад хамгийн чухал үйлчилгээгээ хаачхав” гэж их асуусан. Гэхдээ тэр мэдэгдлийн цаана хүмүүс яаж ажиллаж ирсэн бэ гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Бид хүнээс хүнд хүрсэн үйлчилгээ үзүүлдэг. Энэ үйлчилгээ нэг хүнээр хязгаарлагдахгүй. Тухайн хүүхдийн ард байгаа гэр бүлтэй нь хүртэл тулж, нягт ажиллах шаардлага үүсдэг. Зөвхөн сэтгэл зүйчийн 45 минутын уулзалтаар дуусдаггүй. Дараа нь ч тухайн хүүхдийн амьдралыг хэрхэн сайжруулах талаар баг хамт олноороо ярилцаж, төлөвлөдөг тийм л нарийн мэдрэмжтэй ажиллахыг шаарддаг. Зөвхөн өглөөний 9-өөс оройн 18 цаг гээд дуусдаг ажил, үйлчилгээ биш л дээ. 

Улс төр, нийгмийн тогтворгүй байдал гэдэг нь зөвхөн манай салбараар хязгаарлагдахгүй нийгмийн бүхий л бүлгүүдэд сөргөөр нөлөөлж байгаа шүү дээ.

14 жилийн турш үргэлжилсэн үйлчилгээ сүүлийн таван жилд доголдсоор өнөөдрийн нөхцөлд хүрсэн гэлээ. Санхүүжилт, хүний нөөцөөс гадна улс төрийн нөхцөл байдал нөлөөлсөн гэж мэдэгдэлдээ дурдсан байсан. 

Хүний амьдралын чанарт  хүртэл нөлөөлж байна. Улмаар хүн хоорондын харилцаа гэх мэт. Түрүүн хэлсэнчлэн мэргэжилтнүүдийг хүний эрх болон сэтгэцийн гэмтэлд суурилсан аргачлалд удаа дараалан бэлдэх, чадваржуулах зэрэгт маш их цаг, нөөцөө шавхаж байна. Нэг яам шинээр байгуулагдана. Сайд нь солигдоно. Бүтэц нь өөрчлөгдөнө. Ингээд арай гэж манай салбарын талаар ойлголттой болсон хүмүүс нь солигдчихоор дахин шинэ хүмүүст  энэ талаар ойлгуулах шаардлагатай болдог. Тиймээс бид мэдэгдэлдээ “улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалсан” гэж тухайлан оруулсан. 

Танай байгууллага 7 дугаар сарын нэгнээс зогсоох гэж байгаа сэтгэцийн гэмтэлд суурилсан сэтгэл заслын үйлчилгээнд жилд 40 орчим хүүхдийг хамруулдаг гэж байсан. Энэ үйлчилгээгээ яаж үзүүлдэг вэ?

Сэтгэцийн гэмтэлд суурилсан сэтгэл заслын үйлчилгээ нэг удаагийн уулзалтаар дуусдаггүй. Зарим тохиолдолд таван жил ч үргэлжлэх тохиолдол байж болно. Үйлчлүүлэгч долоо хоног бүр эсвэл сар бүр үйлчилгээнд хамрагдаж болно. Харин клиник нийгмийн ажлын үйлчилгээний хүрээнд хүүхэд болон тухайн гэр бүлийн  нийгмийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, сургуульд тасралтгүй хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах байдлаар дэмжлэг үзүүлдэг. Гэр бүл бүрийн нөхцөл байдал өөр өөр учраас үйлчилгээний хугацаа, агуулга ч харилцан адилгүй байдаг.

Хүний эрхийн Үндэсний Комиссын судалгаагаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгджээ. Ийм үед энэ төрлийн үйлчилгээ зогсох нь ямар үр дагавартай вэ?

Одоогийн статистик бол зөвхөн бидэнд мэдэгдсэн тохиолдлууд. Мэдэгдээгүй хэчнээн хүүхэд, эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгааг хэн ч мэдэхгүй. Мэргэжлийн, мэргэшсэн үйлчилгээ үзүүлдэг байгууллага үйл ажиллагаагаа зогсооно гэдэг маш харамсалтай. Бидэнд ч гэсэн хэцүү байна. Гэхдээ энэ асуудал зөвхөн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын ажил биш. Салбар бүр анхаарч, урьдчилан сэргийлэх ажлаа хийж, иргэн бүр хариуцлагатай оролцож чадвал энэ тоог бууруулах боломжтой гэж бодож байна.

Бусад улс оронд ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд олон улсын санхүүжилтэд найддаг уу? Хэрхэн санхүүждэг вэ?

Европын зарим оронд сэтгэл заслын үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалаар төлдөг. Австралид гэхэд улсынх нь эрүүл мэндийн яамнаас санхүүжилт авч үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагууд ч бий. Мөн орон нутгийн ТББ-тайгаа гэрээлдэг жишиг ч бас бий. 

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор цаашид ямар стратеги барьж ажиллах вэ?

Бид нөлөөллийн, урьдчилан сэргийлэх, чадавх бэхжүүлэх  зэрэг бусад гурван үйлчилгээгээ үргэлжлүүлнэ. Харин сэтгэл заслын үйлчилгээгээ дахин нээх боломжгүй. Одоо авчихсан байгаа 40 гаруй  үйлчлүүлэгчийнхээ үйлчилгээг бол тасалдуулахгүй. Харин цаашдаа бодлогын түвшинд илүү анхаарах шаардлагатай гэж үзээд байгаа. Нэг байгууллага үйл ажиллагаагаа зогсоолоо гэхэд нөгөө нь нөхөж ажилладаг тогтолцоо байх ёстой. Гэвч алга байна. Тиймээс энэ салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулахад анхаарна. 

Энэ сэдэвтэй холбоотой нэмж хэлэх зүйл бий юу?

Хөөрхөн Зүрх ТББ үйлчилгээгээ хаалаа, одоо яах вэ гэдгээс илүү хүн бүр хүүхдийн асуудалд анхаарах хэрэгтэй байна. Жишээлбэл, бэлгийн хүчирхийллийг онигоо болгож ярихад дагаж инээдэггүй байх, ийм яриаг таслан зогсоодог байх, энэ яриаг хөндсөн хүнийг, хохирогчийг буруутгаж шившиглэдэггүй байх хэрэгтэй юм. Ингэж чадвал та өөрөө эерэг өөрчлөлтийн нэг хэсэг болж чадна гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа. 


Comments


bottom of page