Ар гэрийн итгэмжлэлээр хил давсан хүүхэд биеэ үнэлээд, гэрээсээ холбоо тасарсан байсныг илрүүлжээ
- child.mn

- Nov 10, 2025
- 4 min read

Child.mn/Хүүхэд.мн сайт ХЭҮК-оос Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод хяналт шалгалт хийх үеэр Анбауд Монгол ТББ-ын ажилтнуудтай хэсэг ярилцлаа. Тус байгууллага нь хүүхэд, эмэгтэйчүүдийг хил дамнан хүүхэд худалдаалах, биеийг нь үнэлүүлэх, хүүхдээр хориглосон ажил хийлгүүлэх зэрэг эрсдэлд өртөхөөс сэргийлэх зорилготой ажилладаг байна. Анбауд Монгол ТББ-ын менежер Ц дараах мэдээллийг бидэнд өгсөн юм.
Сайн байна уу? Та байгууллагынхаа талаар товч танилцуулна уу.
Манай Амбаунд Монгол ТББ нь Замын-Үүд боомтод 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэл, хүний наймаанаас урьдчилан сэргийлж, хохирогч болохоос нь өмнө таслан зогсоодог байгууллага гэж хэлж болно. 2017 оноос хойш Замын-Үүд боомтоор хил давж байгаа 15,730 зорчигчоос асуулга авч, 235 хүүхдийг эрсдэлтэй гэж дүгнээд, түүнээс одоогийн байдлаар 104 хүүхдийн аялалыг таслан зогсоосон.
Хүүхэд хил нэвтрэхтэй холбоотой ямар асуудал хамгийн их гардаг вэ?
Насанд хүрээгүй хүүхэд Монгол Улсын хилээр гарахдаа эцэг, эхтэйгээ үгүй бол эцэг, эхийн нотариатаар баталгаажуулсан итгэмжлэлтэй байх ёстой. Зарим эцэг, эхчүүд хүүхдүүдээ ах, дүү нарт нь даатгаад ямар нэг итгэмжлэл хийлгүүлэхгүй явуулчихдаг. Хүүхэд нь хил дээр, эцэг, эх нь өөрсдөө хотод байж байдаг. Тэгэхээр хүүхдийнхээ амь нас, бүх юмыг даатгаж байгаа бол заавал нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл хийлгэх хэрэгтэй. Зарим хүүхдүүд хаашаа, хэн дээр очиж байгаагаа мэдэхгүй хүн дагаад явж байдаг. Иймэрхүү асуудлууд маш их гардаг. Тийм учраас хүн болгон хүүхдэдээ анхаарал тавьж, ямар хүнд хүүхдээ өгч явуулж байгаа юм, тэр хүн нь яг найдвартай хүн мөн үү гэдгийг судалж байж хүүхдээ даатгах хэрэгтэй. Жишээ нь, уралдаан тэмцээнд явж байгаа хүүхдүүдийн эцэг, эхийн итгэмжлэлийг цагдаагийн байгууллагаас баталгаажуулдаг. Тэр зөвшөөрлийн бичиггүй бол хилээр гаргадаггүй. Зарим тохиолдолд ажлын таван өдөрт авах ёстой тийм бичиггүйгээр хилээр гарах гээд ирдэг. Ийм үед бол тэр уралдаан тэмцээнд явах гэж байгаа багш, хүүхдүүдийг бүгдийг нь гаргахаас татгалздаг. Цагдаагаас өгсөн зөвшөөрлийн бичигтэй, хариуцаж яваа багш нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй тохиолдолд л хүүхдүүдийг хилээр гарахыг зөвшөөрдөг.
"Хоёулаа урагшаа гараад хувцас аваад ирье!" гэж хэлээд өөр дээрээ болон найзынхаа ээжээр нь итгэмжлэл хийлгүүлж аваад хил давсан. Тэгээд найзыгаа хүнд худалдаалах гэж байсан.
Тэгэхээр эцэг, эхийнх нь зөвшөөрч, нотариатаар баталгаажуулсан итгэмжлэлтэй л байвал хүүхдийн аюулгүй байдал 100 хувь хангагдах уу?
Ингэж ойлгох нь бас учир дутагдалтай. Зарим 18 насанд хүрээгүй хүүхдүүд урагшаа ажил хийнэ гэж хил даваад, очоод бааранд ажилладаг. Ширээний үйлчлэгч, ширээний хүүхэн хийгээд байдаг. Тэгээд буцаад найзыгаа дагуулаад дахин дахин явж байгаа тийм тохиолдлууд гарсан. Жишээ нь, сургуулиасаа авхуулаад хамт сурч, дараа нь нэг компанид цуг ажиллаж байсан хүүхэд найзыгаа "Хоёулаа урагшаа гараад хувцас аваад ирье!" гэж хэлээд өөр дээрээ болон найзынхаа ээжээр нь итгэмжлэл хийлгүүлж аваад хил давсан. Тэгээд найзыгаа хүнд худалдаалах гэж байсан. Ийм гэмт хэрэг гараад манайх цагдаагийн байгууллагад өгч, шалгуулж байгаа. Эцэг, эхчүүд хичнээн хүүхдийнх нь найз нөхөд байсан ч хаашаа, хэнтэй, яах гэж явж байгааг нь судлах хэрэгтэй байгаа юм.
Зарим хүүхдийг хүмүүс тэмцээнд авч явна гээд хил даваад тэндээ очоод морь унуулж, ажлын байрны хориотой жагсаалтад орсон ажил хийлгүүлээд байдаг. Эцэг, эх нь энэ тохиолдолд мэдсээр байж явуулсан байдаг.
2017 оноос хойш 104 хүүхдийг гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй гэж үзээд аяллыг нь зогсоосон буюу хилээр гаргаагүй гэлээ. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийн эцэг, эх нь ийм эрсдэлтэй нөхцөл рүү хүүхэд нь явж байгаа гэдгийг мэдэхгүй байна гэсэн үг үү?
Зарим хүүхдийг хүмүүс тэмцээнд авч явна гээд хил даваад тэндээ очоод морь унуулж, ажлын байрны хориотой жагсаалтад орсон ажил хийлгүүлээд байдаг. Эцэг, эх нь энэ тохиолдолд мэдсээр байж явуулсан байдаг. Өөр нэг жишээ нь, хүүхдийг нь хамт яваад бараа аваад ирье, цуг тэмцээнд ороод ирье, цуг аялаад яваад ирье гээд хил давдаг. Энэ хооронд хүүхдүүд нь эрсдэлд ороод эхэлдэг. Хүүхдийн ээж, аав нь энийг мэддэггүй. Бүр нэг ийм тохиолдол гарсан. Охин нь ээждээ "Ах, эгчийндээ оччихоод ирье" гэж хэлж гэрээсээ гараад маргааш нь Замын-Үүдэд явж байсан. Бид хүүхэдтэй ярилцахад ээжийгээ усанд орж байхад нь иргэний үнэмлэхнийх нь зургийг аваад нотариатаар ээж зөвшөөрсөн гэж хэлээд итгэмжлэл хийлгүүлсэн байсан. Найз нь болохоор тэр хүүхдэд Эрээнд очоод байр хоол нь үнэгүй, баар, ресторанд цалин сайтай ажиллана гэж хэлсэн байсан. Хүүхэд ямар эрсдэлтэй зүйл рүү явж байгаагаа мэдээгүй л явж байсан. Бид таслан зогсоосон.
Хүүхэд ямар нэг бичиг баримтын зөрчилгүйгээр хилээр гараад дараа нь эрсдэл, асуудалд орсон тохиолдол байдаг уу?
Гарсан. Хүүхэд нь итгэмжлэл хийлгүүлчихсэн Эрээн рүү гарах гэж байхад нь манай байгууллагаас эрсдэлтэй гэж үзээд гаргахгүй байх хүсэлт тавьсан. Эцэг, эхтэй нь утсаар ярьсан. Танай хүүхэд ямар зорилгоор хаашаа явж байгаа билээ? Та хүүхдээ аюулгүй гэж бодож байна уу? гээд холбогдсон. Хүүхдийн ээж нь "Гаргаад явуулчих аа. Зүгээр ээ" гэж хэлсэн. Ингээд хүүхэд ч хил даваад гарсан. Гэтэл сарын дараа хүүхдийн ээж бидэн рүү "Хүүхэд маань урагшаа гараад огт холбоогүй болчихлоо" гэж хандсан. Тэгээд манайх боомтын удирдлагатай ярилцаад тэр хүүхдийг буцаж орж ирэх визний хугацааг тогтоогоод, визний хугацаагаа сунгуулж штамф даруулах гээд ирэх үед нь олж авсан. Эрээнд очоод бааранд биеэ үнэлж байсныг нь илрүүлсэн. 30 хоногийн хугацаагаа сунгах гээд ирэхдээ царай зүсээ өөрчилсөн байсан. 17 настай хүүхэд байсан. Тэгээд хүүхдийг олж аваад, ар гэрт нь хүлээлгэж өгсөн.
Та бүхний үйл ажиллагаатай холбоотой дэмжлэг хэрэгтэй зүйл байдаг уу?
Манайд өөрийн гэсэн хүүхэд хамгааллын байр байдаггүй. Сумынхаа түр хамгаалах байр руу холбогдохоор хүчирхийлэлд өртсөн ч юм уу тэ үйлчилгээ үзүүлэх шаардлагатай сумынхаа хүүхэд, эмэгтэйчүүдийг авчихсан байдаг. Тэгээд манайхаа хүн хүлээж авах боломжгүй, байр нь дүүрчихсан байдаг. Бидний ажил бол тэдний өдөр ийм хүүхдийг хамгаална, ингэнэ гэсэн тогтсон өдөр байхгүй. Хэзээ хүүхэд эрсдэлд орсон байхыг бид мэдэхгүй шүү дээ.
Эцэг, эхчүүдэд хандаж юу гэж хэлмээр байна вэ?
Хүүхдээ хэн нэгэнд даатгаж өөр улс руу явуулж байгаа бол заавал тухайн авч явах хүн баталгаатай эсэхийг шалгах, нягтлах, мөн нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл хийлгэх хэрэгтэй. Үүнээс гадна анхаарах ёстой нэг зүйл нь эцэг эхчүүд хүүхдээ сонсдог байх хэрэгтэй байна. Хүүхдийнхээ амьдралд юу болж байгааг анзаардаг, цаг, зав гаргаж ярилцдаг байх хэрэгтэй байгаа юм. Гэртээ хариад л утсаа оролдоод л хүүхэд нь ярилцах гэхээр "Ээж нь, аав нь ядраад байна. Дараа болъё" гэх зэргээр тоодоггүй. Гэтэл өнөөдөр таны хамгийн үнэ цэнтэй зүйл юу вэ гэхээр үр хүүхэд чинь шүү дээ. Тийм учраас та түр зуур утсаа хойш нь тавиад үр хүүхэдтэйгээ яриач ээ. Үр хүүхдээ сонсооч ээ гэж л хэлмээр байна. Мөн ихэвчлэн өндөр цалинтай, байр хоол нь үнэгүй ажилд зуучлана, ирэх бүх зардлыг нь даана гэж хүүхдүүдийг хил давуулахыг оролддог. Тиймээс ийм зүйлд хууртаж болохгүй гэдгийг сайтар санаж, хүүхдүүддээ ч бас ойлгуулах хэрэгтэй байна.



Comments