top of page

Тэгш хамруулах боловсрол анги танхимаар хязгаарлагдахгүй

ree

#МэргэжилтнийҮг буланд Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвслээс 2020 онд гаргасан Тэгш хамруулах боловсрол, хүүхэд хамгааллын сайн туршлага товхимлоос орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын сайн туршлагаас хүргэж байна.

Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын IV сургууль

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын IV сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд нийт 1296 суралцагч суралцсанаас 17 нь хөгжлийн бэрхшээлтэй байжээ. Сургуулиас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургахад анхаарч, Норвегийн хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын оролцоог ханган, “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагатай хамтран ажиллаж буй ажээ. Аймгийн Боловсрол Соёл Урлагийн газраас (цаашид “БСУГ” гэх) ерөнхий боловсролын сургуулиудад ирүүлсэн албан бичгийн дагуу Дэмжих багийг байгуулж, тэгш хамруулан сургах чиглэлээр сургуулийн дотоод журамд нэмэлт, өөрчлөлт оруулан багш нарын хурлаар хэлэлцүүлэн баталжээ. Түүнчлэн БСУГ-ын мэргэжилтний өгсөн зөвлөмжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах ганцаарчилсан хөтөлбөрийг боловсруулжээ. Энэ дагуу таван багш тэгш хамруулах боловсролын чиглэлээр сургалтанд хамрагдан, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчидтай ажиллаж байна. 2019-2020 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын тав нь ганцаарчилсан, үлдсэн нь үндсэн хөтөлбөрөөр хичээллэжээ. Эл сурагчдын тал нь сургуулийн гар зураг, домбор, бүжиг, ширээний теннис, даамны дугуйланд хамрагдсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад сургуулийн орчин, анги танхимын байрлал, тэр дундаа ариун цэврийн өрөө чухал нөлөөтэй. Сургуулиас нэгдүгээр давхарт тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэдтэй ангийг хичээллүүлэхийн хамт эмэгтэй, эрэгтэй бие засах өрөөг шинээр тохижуулсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нэмэлт дугуйланд хамрагдсанаар амжилт гаргах боломжтой нь харагдаж байгаа. Манай ангийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд үе тэнгийнхэнтэйгээ суралцаж, спортоор хичээллэж амжилт гаргаж буйдаа илүү сэтгэл хангалуун болж, өөрөөрөө бахархах, үнэлэх нь нэмэгдсэн.
Багш нартай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас

Мэргэжлийн багш, анги удирдсан багш нар эцэг, эхчүүдэд мэдээлэл өгч, зөвлөн туслах, улмаар тэдний оролцоотой нийт сурагчдад хүүхдийн эрх, хүний ялгаатай байдал зэрэг агуулга бүхий сургалт зохион байгуулах зэргээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа суралцах боломж бий болгохоор ажиллаж байна. Тус сургуулийн багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд урам зориг өгөх, тэднийг хөгжүүлэх, чадавхжуулах зорилгоор сайн туршлага хэрэгжүүлэх, түгээх, бусдын туршлагаас суралцах сонирхол, сэдэл байна. Үүнд дэм болж сургууль тэгш хамруулан сургах чиглэлийг дэмжин сургуулийн дотоод журамд заалт оруулсан нь багш нарт тэгш хамруулан сургах чиглэлээр ажиллах эрх зүйн орчин бүрджээ. Тэгш хамруулан сургах чиглэлээр ажиллаж буй багш нарыг урамшуулах тогтолцоог бүрдүүлж эхэлж буй.

Би гурван хүүхэдтэй. Том хүү минь зүүн гар, хөлний хурууны эмгэг, түнхний мултрал, эпилепсийн хүнд хэлбэрийн өвчтэй. Хүү минь энэ сургуульд найман жил суралцаж байна. Нийгмийн халамжийн сангаас өгдөг асаргааны тэтгэмж, хүүхдийн мөнгөөр амьдардаг хэдий ч хүүхдээ уралдаан тэмцээнд оролцуулах, бусад хүүхэдтэй адил боломж олгохыг эрмэлздэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургахад эцэг эхийн оролцоо, идэвх чухал гэж үздэг.
Эцэг, эхчүүдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагаас

Анхаарах нэгэн зүйл

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дунд ангиас сургуулиа орхих нь түгээмэл. Тиймээс цаашид үргэлжлүүлэн суралцахад сургуулийн дэмжлэг чухал юм. Зарим багш нарын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх хандлага, ойлголт, мэдлэг хангалтгүй буйгаас тэдэнд таагүй хандах, бусадтай харьцуулах эсвэл ялгааг харгалзалгүй эн тэнцүү үзэж үнэлэх зэрэг сул тал бий. Иймд нийт багшийн энэ талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цааш үргэлжлүүлэн суралцахад боловсролын төдийгүй эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллах шаардлагатайг

багш, сургуулийн захиргаа, эцэг эхчүүд цохон тэмдэглэж байв.


Comments


bottom of page