Тэгш хүртээмжтэй боловсролд багшийн заах арга зүй чухал
- child.mn

- Sep 5
- 2 min read

#МэргэжилтнийҮг буланд Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвслээс 2020 онд гаргасан Тэгш хамруулах боловсрол, хүүхэд хамгааллын сайн туршлага товхимлоос орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын сайн туршлагаас хүргэж байна.
Булган аймгийн Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль
Булган аймгийн Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд 13071 суралцагчтай байснаас хөгжлийн бэрхшээлтэй 16, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд амьдарч буй 108 хүүхэд байжээ. Багш нарын хувьд нийт 75 багшийн 21 нь тэгш хамруулан сургах чиглэлийн сургалтанд хамрагджээ. Бага ангийн сурагчдын зарим нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй, хэл ярианы бэрхшээлтэй, нийгэмшлийн хоцрогдолтой, харилцааны хөгжил доогуур, багштайгаа харилцах хангалттай чадваргүй, эцэг эхийн бичиг үсэгт тайлагдсан түвшин харилцан адилгүй нь багш нарт бэрхшээл учруулдаг аж. Бага ангийн багш нар сурагчдыг тэгш хамруулах зорилгоор “Цагаан толгой” заах үеэс эхлэн монгол хэл, бичгийн хичээлд “Тайлбартай дасгал”-ын аргыг хэрэглэж байна. Энэ аргын цөм нь хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, бие даан даалгавар гүйцэтгэх чадвар эзэмшүүлэх, аливаа асуудлыг өөрөө шийдвэрлэж сурах, олж авсан мэдлэгээ ашиглаж сургахад чиглэдэг.
“Тайлбартай дасгал”-ын аргаар нэг хичээлийн 40 минутад нэг сурагчийг дөрвөөс таван удаа хичээлд оролцуулдаг аж. “Тайлбартай дасгал”-ын аргыг гол төлөв хичээлийн хоцрогдолтой, маргинал бүлгийн хүүхдүүдтэй ажиллахдаа ашигладаг. Цэцэрлэгт явж байгаагүй, хараа хяналт сул, хэл ярианы хөгжил муу хүүхдүүдтэйгээ тусгай хөтөлбөр гаргаж ажилладаг бөгөөд тэдний эцэг, эх нь ихэнхдээ бичиг үсэг мэдэхгүй байх нь түгээмэл. Тэдэнд тухайн эхийн агуулгыг ярьж өгч, хүүхдээ хэрхэн зөв уншуулж сургах талаар сургалт хийдэг. Эцэг, эхчүүд хүүхдийнх нь хэл ярианы хөгжил сайжраад, хичээлдээ ахиц гаргаад эхлэхээр их урамтай болж, сургууль дээр ирэх, багштай уулзахдаа ч дуртай болчихдог.
Багш нартай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас
“Тайлбартай дасгал”-ын аргаар суралцсан хүүхдийн хэл ярианы чадвар сайжирч, сурлагын чанар дээшилж байсан бол энэ аргыг хэрэглэсэн багш нар хүүхэд бүрийн онцлогийг судалгаанд үндэслэн тогтоож, тохиромжтой аргыг сонгон ажиллах чадварт түлхүү суралцжээ. Харин эцэг эхчүүдийн хувьд багш болон хүүхэдтэйгээ хамтран ажиллах нь нэмэгджээ.
Би сургалтанд сууж “Тайлбартай дасгал”-ын талаар мэдэж авсан. Багш ганцаараа хүүхдэд заах бус бидэнд хүүхэдтэйгээ гэрийн нөхцөлд хэрхэн ажиллах арга зааж өгдөг. Надад багш хичээлдээ бүх хүүхдийг адил оролцуулдаг нь таалагддаг. Манай хүүхэд ном унших дуртай, өөртөө итгэлтэй, чанга дуугаар ярьдаг болсон. Энэ аргыг хэрэгжүүлэхэд бидний оролцоо их чухал санагдсан.
Эцэг, эхчүүдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагаас
Дээрх аргаас гадна тус сургууль “Цүнхтэй эцэг эх” аяныг тогтмол хийж, эцэг эх сард нэг удаа хүүхдийнхээ хичээлд суудаг аж. Энэ аян нь Дэлхийн банкны санхүүжилттэй БСШУЯ-наас хэрэгжүүлсэн “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд хэрэгжсэн СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр болох “Сургуулийн бүтээлч хамт олон” бичил төслийн нэг үр дүн юм. Төсөлд нийт 60 багш, нэгээс тавдугаар ангийн 300 орчим эцэг эхчүүд хамрагдсан ба тэдэнд тэгш хамруулах боловсрол болон нийгмийн эгэх хариуцлагын талаар сургалт орж, хамтран ажиллажээ. Улмаар багш, эцэг эхийн санаачилгаар ариун цэврийн өрөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан суултуур нэмж суурилуулж, тэргэнцэртэй хүүхдэд зориулсан стандарт хаалга, шат, налуу замаа сайжруулжээ.
Онцлох нэгэн зүйл
“Тайлбартай дасгал”-ын арга нь нэг талаас хүүхдүүд сэтгэл ханамжтай, нөгөө талаас эцэг эхийн оролцоотой байх үндэс болж байна. Багш нарт энэхүү аргыг аймагтаа төдийгүй орон даяар түгээн дэлгэрүүлэх, практикт хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлэл, сэдэл, боломж дүүрэн байна. Цаашдаа зөвхөн бага анги төдийгүй анги ахих тусам бүх хичээлд хэрэглэх нь урт хугацаанд, тогтвортой үр дүнд хүрэхэд нэмэртэй хэмээн эцэг эх, багш, сургуулийн удирдлагууд онцолж байв.



Comments