top of page

Хүчирхийлэлтэй хаалгыг орхин гарсан нь амьдралаа өөрчлөх хаалгыг татах эхлэл болжээ

ree

Child.mn сайтын #МэргэжилтнийҮг буланд Гүнж Төв ТББ-аас ирүүлсэн “Хүүхдийн эрх хамгаалал: Практик үйл ажиллагаа” сайн туршлагын товхимлоос цувралаар хүргэж байна. Эхний дугаарт гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийнхээ хамт даван туулсан нэгэн ээжийн түүхийг хуваалцъя.


Нүдэндээ нулимстай, бие, сэтгэлдээ шархтай би хүчирхийлэлтэй хаалгыг орхин гарсан нь амьдралаа өөрчлөх хаалгыг бага багаар татах эхлэл болсон юм. Гэхдээ хаана хонох, хэнээс тусламж авахаа ч мэдэхгүй бүх зүйл нь тодорхойгүй байсан ч би гэрээсээ зугтаж чадсан".

Тэрээр гэр бүл байх зургаан жилийнхээ туршид нөхрийнхөө зүгээс сэтгэл санаа, оюун ухаан, бие махбод, эдийн засгийн хүчирхийлэлд өртөж, ямар ч эрх чөлөөгүй, бусдаас бүрэн тусгаарлагдаж байснаа тэвчиж ирсэн ч, цаашид гэртээ байх нь түүний болон охиных нь амь насанд аюул учрах эрсдэл үүссэн тэр үед нэг өдөр зориг гаргаж, охины хамт гарчээ. Тэдний очсон газар нь хүчирхийлэгчээс хамгаалж чадахуйц газар байх нь чухал байсан.

Кейс 1 дээр “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ жил гаруй хугацаанд холбон зуучлан дэмжин ажилласан. Тухайн эмэгтэйг охины хамт 6 сарын хугацаанд хамгаалах байрандаа байрлуулж, нийгэм-

сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэн, өмгөөлөгчөөр хангасан байна.


ӨӨРЧЛӨЛТИЙН ХААЛГА ДОТРООСОО ОНГОЙДОГ

Энэ бол нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээний үр дүнд гэр бүлийн хүчирхийллийг даван туулсан, охиноо хамгаалж, өөрийгөө нээн ялан дийлсэн нэгэн эмэгтэйн түүх юм. Дайн хүүхэд насыг мартуулдгийн адилаар гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүл дэх дайнтай дүйцэх бөгөөд тэр эмэгтэйн өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдөл, ирээдүйн зорилгыг нь үгүй хийж, уйтгар гуниг, гомдол цөхрөл, бугшсан их айдаст автуулсан байлаа. Тэрээр өөрийгөө хэн ч биш гэдгээр мэдэрдэг, нөхөр нь түүний гадаад төрх, хаашаа явсан, хэнтэй ярьсан, тэр байтугай түүний бодлыг хүртэл хянаж чаддаг гэдэгт бүрэн итгэчихсэн байсан. Хамгаалах байранд байхдаа нөхөрт нь хэзээ ч хуулийн хариуцлага хүлээлгэж чадахгүй, учир нь тэр хууль сахиулах байгууллагын өндөр албан тушаал эрхэлдэг учир бусдад яаж нөлөөлөхийг айдастайгаар ярьж “цаашид нөхөргүйгээр амьдарч чадахгүй, тэр л ажил хийдэг, тэр л зөв шийдвэр гаргадаг би дандаа буруу зүйл хийдэг” гэх мэтээр өөрийгөө буруутган, эхэндээ үе үе буцаж гэртээ харих тухай ярьж байлаа.

Даван туулагч болох зам хүн бүрийн хардгаар амархан бас дардан байдаггүй. Ялангуяа энэ кейсийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл хэнд ч тохиолдож болдгийн жишээ. Нийгмийн ажлын тууштай үйлчилгээ, мэргэжлийн ур чадвар, үйлчлүүлэгчдийн амьдралд гэрэл гэгээ, өөрчлөлтийг бий болгоход маш том нөлөө үзүүлдэг билээ. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдтэй ярилцаж, тэдэнд үйлчилгээ үзүүлж ажиллахад зөвлөгчөөс ихээхэн ур чадвар, цаг хугацаа шаарддаг.

ХЭҮТ нь 27 жилийн турш гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдэд хүний эрхэд суурилсан цогц үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэж ирсэн бөгөөд хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдтэй ажиллах туршлагад тулгаарласан арга зүйг ашигладаг.

Энэ кейс дээр хамгийн түрүүнд аюулгүй газар байгааг нь мэдрүүлж, тайвшруулах, чи буруугүй, чамайг хамгаалах олон байгууллага, мэргэжилтнүүд байгаа гэдгийг ойлгуулан, үйлчлүүлэгчийнхээ хүүхэд насны хүсэл мөрөөдөл, сайн сайхан дурсамжуудыг нь дахин сэргээж амьдралын зорилгыг нь тодорхойлох, өөртөө итгэх итгэлийг нь бий болгохын төлөө ажиллаж эхэлсэн. Олон удаагийн ганцаарчилсан уулзалт, дэмжих бүлгийн сургалтын үр дүнд үйлчлүүлэгч маань өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүлэлтэй болж амьдралаа дахин шинээр эхлэх бат суурийг тавьж чадсан юм. Үйлчлүүлэгчийн өөртөө итгэх итгэл өдрөөс өдөрт нэмэгдэж, нүүрэнд нь инээмсэглэл тодорч “Би тэрийг ч хиймээр байна, энийг ч дахин шинээр сурмаар байна” гэсэн хүсэл мөрөөдөлтэй болсон байлаа. Гэртээ байхдаа хоол сайн хийдэг байсан тул цаашид тогооч болно гэсэн зорилго тавьж тогоочийн сургалтад хамрагдаж амжилттай төгссөн.

Хүний анхдагч хэрэгцээ болох аюулгүй гэр орон гэдэг хамгийн чухал зүйл. Хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүдийн хувьд өөр орон гэр байхгүйн улмаас аргагүй эрхэнд гэртээ буцаж очих сонголтыг хийх тохиолдол их байдаг. Энэ эмэгтэйд ч мөн ийм асуудал тулгарч байлаа. Байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааны үр дүнд бид түрээсийн орон сууцны хөтөлбөрт үйлчлүүлэгчээ хамруулж чадсан. Мөн хуулийн асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд мэргэшсэн өмгөөлөгчөөр хангаж ажилласан. Хуулийн процесс жил гаруй үргэлжилсэн ч, тэрээр тууштай байсны үр дүнд нөхөрт нь хуулийн хариуцлага хүлээлгэн, гэрлэлтийг нь цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, сэтгэл санааны хохирлоо нөхөн гаргуулж чадсан.

Одоо үйлчлүүлэгч маань нэгэн ресторанд тогоочоор ажиллаж, охинтойгоо хоёулаа сайхан амьдарч байна. Гэхдээ бидний хамтын ажиллагаа, түүний амьдралыг өөрчлөх алхмууд амархан бас хурдан байгаагүй. Түүнд амьдралаа шинээр эхлэхэд үнэхээр хэцүү байсан. Алхам бүрд нь асуудал тулгарч, тэр болгонд хийж чадахгүй юм шиг мэдрэмж төрж, эргэж буцан шантрах үе их байсан. Аюулгүй байдал, орон байр, цаашид амьдрах итгэл найдварыг бий болгохын тулд хүний эрхэд суурилсан хохирогч төвтэй цогц үйлчилгээ, мэргэжилтнүүд бидний хамтын ажиллагаа хамгаас чухал билээ.


Эх сурвалж: Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын бодит кейс дээр ажилласан туршлага бүхий “Хүүхдийн эрх, хамгаалал: Практик үйл ажиллагаа” СУРГАМЖИТ ТҮҮХҮҮД товхимол, 2023 он

Comments


bottom of page