Хүндээ ээлгүй хотын золиос хүүхэд
- child.mn

- 6 days ago
- 6 min read

Өвөл айсуй!, 9 дүгээр сарын 1 айсуй! Энэ энгийн хэр нь, ёжтой үгийг жил бүр төрийн эрх барьж буй сайд, дарга нар мартсан мэт. Сурах сургуульгүй, хоёроор суух ширээнд гурваар чихэлдэж, халуурч бүлээрсэн багачуудаар дүүрсэн эмнэлгүүд. Энэ бол төлөвлөх, хэрэгжүүлэх, хэмжих, засах гээд хот төлөвлөлтийн бугшсан алдааны идээ бээр бугларч, гоожиж байгаа дохио юм.
Хот төлөвлөлт бол шинэ тутам ойлголт биш. МЭӨ-өөс хүмүүс хотоо төлөвлөж эхэлсэн

МЭӨ 2600–1900 онд өнөөгийн Пакистан болон баруун Энэтхэгийн зарим хэсэгт оршиж байсан Мохенжо-Даро, Пакистаны Синд муж нь тухайн үедээ Месопотами, Египетийн хотуудтай эн зэрэгцэх, өндөр хөгжилтэй төвүүд байв. 20,000-40,000 мянган хүн амтай. Дэлхийн хамгийн эртний бохир ус зайлуулах системийг эдгээр хотод байгуулсан түүхтэй. Ингээд харахаар хотоо төлөвлөх, байгуулах нь шинэ тутам ойлголт биш юм.
Монгол улсын хувьд Их хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар хотыг анх Ширээт нуурт байгуулж, улмаар 28 удаа нүүдэллэсэн. Улмаар 1778 онд Туул голын хөндийд суурьшмал төв болов. Үүнээс хойш БНМАУ байгуулагдсанаар хотыг төлөвлөх шаардлага үүсэж, эхний төлөвлөлтийн зураг 1930-аад оноос төв талбай, захиргааны барилгууд, худалдааны гудамжуудаар эхэлсэн. 1980 он хүртэл хотын ерөнхий төлөвлөлтийг хийсээр. Үүнд сургууль, цэцэрлэгийг хорооллын дотор 5–15 минутын зайд байршуулах микро районы системийг ч нэвтрүүлж байж. Улмаар 1980 оноос хойш хүн ам өсөж, хотжилт дагасан асуудлууд үүсэж эхлэв. Улаанбаатар хотыг анх 700-800 мянган хүн амтай, 80 мянган машинтай байхаар төлөвлөсөн байдаг ч өдгөө 1,6 сая хүн амтай, 600 мянга гаруй бүртгэлтэй тээврийн хэрэгсэлтэй болоод буй. Энэ хэрээр даац хэтэрсэн хотын асуудлууд бидний үр хүүхэд, гэр бүлийн эрүүл, эсэн мэнд амьдрах боломжийг өдөр өдрөөр хумсалсаар байна.
Даац нь хэтэрсэн хотын асуудлын гол хохирогчид нь хүүхдүүд
Хотын ерөнхий төлөвлөгөөнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг суурин газрын үндсэн шалгуур үзүүлэлт гэж үздэг. Хүүхэд гэрээсээ сургууль руугаа 10–15 минут алхаж хүрэх ёстой. Мөн НҮБ-ын зөвлөмжийн дагуу энэ зай 500–700 м байдаг. Гэвч Улаанбаатарт одоо ч гурван ээлжээр хичээллэдэг сургууль байсаар л.

Хүснэгт нэг: Үе үеийн сайд нарын үед сургуулийн хүртээмж ямар байсан бэ?
Үе үеийн Боловсролын сайд | Он | Сурагчдын тоо | Нийт сургууль (улс) | Төрийн сургууль (УБ) | Шаардлага-тай сургууль | Дутуу сургууль | УБ хүн ам |
А. Цанжид | 2000–2004 | 520,000 | 670 | 113 → 129 | 693 | 23 | 760 → 900 мянга |
П. Цагаан | 2004–2006 | 530,000 | 688 | 129 → 135 | 707 | 19 | 900 → 980 мянга |
Ө. Энхтүвшин | 2006–2007 | 540,000 | 700 | 135 → 138 | 720 | 20 | 980 → 1.01 сая |
Н. Болормаа | 2007–2008 | 560,000 | 710 | 138 → 140 | 747 | 37 | 1. → 1.05 сая |
Ё. Отгонбаяр | 2008–2012 | 570k–600k | 720–760 | 140 → 150 | 760–800 | ≈40 | 1.05 → 1.22 сая |
Л. Гантөмөр | 2012–2016 | 600k+ | 770 | 150 → 158 | 800 | 30 | 1.22 → 1.36 сая |
Ж. Батсуурь | 2016–2017 | 650,000 | 790 | 158 → 160 | 867 | 77 | 1.36 → 1.41 сая |
Г. Чулуунбаатар | 2017–2018 | 680,000 | 815 | 160 → 162 | 907 | 92 | 1.41 → 1.47 сая |
Ц. Цогзолмаа | 2018–2019 | 700,000 | 830 | 162 → 165 | 933 | 103 | 1.47 → 1.52 сая |
Ё. Баатарбилэг | 2019–2020 | 730,000 | 839 | 165 → 169 | 973 | 134 | 1.52 → 1.58 сая |
Л. Цэдэвсүрэн | 2020–2021 | 740,000 | 839 | 169 → 172 | 987 | 148 | 1.58 → 1.61 сая |
Л. Энх-Амгалан | 2021–2024 | 760k–770k | 850–885 | 172 → 186 | 1,013–1,028 | ≈140 | 1.6 → 1.7 сая |
П. Наранбаяр | 2024–… | 771,000 | 885 | 186 | 1,028 | 143 | 1,7 сая + |
Ямар намын улс төрч сонгогдохоос үл хамаарч жил бүр боловсролын салбарт хүүхдийн сургууль хүртээмжгүй байжээ. Үүнээс улбаалсан дараах асуудлууд Монголын ирээдүйн боловсон хүчийг ур чадварын хувьд, өсөж дэвших боломжийн хувьд маш их доройтуулсаар байгаа юм.

Хүснэгт хоёр: Сургуулийн хүртээмж ба боловсролын чанар
Үзүүлэлт | Тоон хэмжээ | Эх сурвалж |
Дунд боловсролоос завсардсан охидын түвшин | 5.1% | |
Дунд боловсролоос завсардсан хөвгүүдийн түвшин | 13.4% | |
PISA 2022: Математикийн суурь чадварт (Level 2+) хүрсэн сурагчдын эзлэх хувь | 49% | |
PISA 2022: Унших чадварт суурь түвшинд хүрсэн сурагчдын эзлэх хувь | 36% | |
PISA 2022: Шинжлэх ухаанд суурь түвшинд хүрсэн сурагчдын эзлэх хувь | 50% |
Хүн амын төвлөрөл ихтэй хотод сургууль хүртээмжгүй байгаагаас үүдэж ирээдүйд хичнээн олон хүүхэд амжилттай ажиллах, дэвших, илүү орлого олох, хийж бүтээх боломжоо алдаж байгааг төсөөлөхөд бэрх. Энэ бол хотын хүн амын өсөлттэй уялдуулсан бодлого, төлөвлөлт, хэрэгжилт тааруу байгаагийн нэг шинж юм. Үүнээс гадна хүн ам өсөхийн хэрээр гэр хороололд амьдарч буй өрхийн тоо ч дагаад нэмэгдэв. Үүний үр нөлөө нь утаа, мөн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг хүний эрхийн мэдрэмжтэй хийж чадахгүй байгаагаас үүдсэн хохирогчид юм.
Жишээ нь дахин төлөвлөлтийн улмаас хаяг шилжээгүй гэх шалтгаанаар харьяаллын бус учраас хүүхэд сургууль завсардах эрсдэл үүсдэг. Тэр бүү хэл байрыг нь хүчээр дахин төлөвлөлтөд хамруулан нурааж, очих газаргүй болсон тул байрныхаа балгасанд хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж, лааг нь үлээлгэсэн тохиолдол хүртэл гарсан байна. Орон байртай байх нь хүний анхдагч хэрэгцээ. Гэвч нийтийн эрх ашгийн төлөө бусдын орон гэрийг "булаан", олон жилээр түрээсийн байранд амьдрах зардлыг нь ч өгөлгүй, тамлан зовоох нь өөрөө хүний эрхийн, тэр өрхөд амьдарч буй хүүхдийн эрхийн асар том зөрчил юм. Энэ явцад хүүхэд айх, сэтгэл зүй гэмтэх, сургууль шилжих, өөр сургууль авахгүй байх, шинэ ангидаа дасахгүй байх, хүүхэд харах хүн байхгүй газарт шинээр амьдарч эхлэх зэрэг тухайн өрхөд сорилт болох олон асуудлууд өрнөж байдаг. Гэвч төр энэ бүхнийг нүдээ аньж өнгөрүүлээд, утаагүй болж л байвал гэх нэрээр иргэдийнхээ эрхийг зөрчсөөр байгаа юм.
Манай улсын хувьд 2011 оноос хойш гэр хорооллын айлуудыг дахин төлөвлөлтөд хамруулж эхэлсэн бөгөөд энэ ажил эхэлснээс даруй 14 жилийн дараа ч бид утаатайгаа, асуудалтайгаа амьдарсаар л байна.

Хотын суурь асуудлаа шийдэлгүй явсаар өнөөдөр унтаад маргааш өглөө угаартаад сэрж чадахгүй байх вий гэх айдаст хотоороо автах болсон. Энэ хэмжээнд агаарын бохирдол их хотын асуудал болоод мөн л олон арван жил болж байна. "Ийм утаатай улсад хүүхэд төрүүлэхээс айдаг учир жирэмсэн болохгүй" гэж хүртэл залуу эмэгтэйчүүд ярих болжээ. Тэдний яриа ч оргүй биш юм. Доорх тооноос утаа бидний үр хүүхдийн эрүүл мэндийг ямар их сүйтгэж буйг харж болно. Сүүлийн 20 жилд агаарын бохирдлыг бууруулах нэрийн дор дор хаяж 4.7 их наяд төгрөг зарцуулсан ч, хүүхдийн уушги ба амьсгалын замын өвчлөлийн ачаалал буураагүй. Харин ч өссөн хэвээр байна. Улаанбаатар хотод амьсгалын замын халдварт өвчлөл сүүлийн 10 жилд 2.7 дахин нэмэгдэж, зөвхөн хатгаагаар 2015–2021 оны хооронд 17,607 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. НҮБ-ын Хүүхдийн сангийн тооцоогоор Монголд жил бүр агаарын бохирдолтой шууд холбоотойгоор ойролцоогоор 300 хүн нас бардаг бөгөөд тэдгээрийн 240 нь 5 хүртэлх насны хүүхэд байдаг.
Нөлөөлөл | Тоон үзүүлэлт (маш товч) | Эх сурвалж |
Амьсгалын замын өвчин | Сүүлийн 10 жилд Улаанбаатарт амьсгалын замын халдварын тохиолдол 2.7 дахин нэмэгдсэн. Хүүхдийн уушгины хатгалгаа нь 5-аас доош насны хүүхдийн нас баралтын шалтгааны 2-т эрэмбэлэгдэж байна. | |
Ургийн эндэгдэл | Монголд өвөл ургийн эндэгдэл зуны улирлаас 3.5 дахин их. Гол шалтгаан нь агаарын бохирдол. | |
Хүүхдийн эндэгдэл | Жилд ойролцоогоор 300 хүн агаарын бохирдолтой холбоотой өвчнөөр нас бардаг бөгөөд үүний 240 нь 5-аас доош насны хүүхэд (80%). | |
Уушги | Улаанбаатарын хотын агаарын бохирдол ихтэй дүүрэгт амьдарч буй хүүхдүүдийн уушгины үйл ажиллагаа хөдөөний хүүхдүүдээс 40% бага гэж хэмжсэн. | UNICEF–ийн агаарын бохирдлын тайлан, FES Mongolia (UNICEF) |
Нярайн жин | 2008–2013 онд Улаанбаатарт төрсөн 160,676 нярайд бага жинтэй төрөлт 4.49% байв. NO₂, SO₂, CO, PM10 өндөр байх тусам бага жинтэй төрөх эрсдэл 1.02–1.06 дахин өссөн. | |
Нярайн уушгины хатгалгаа | Судалгаанд гэр дотор агаарын бохирдлын хэмжээ нэг нэгжээр өсөхөд 7 сартайд уушгины хатгалгаагаар өвдөх эрсдэл 2% нэмэгдсэн. | Dai Z. нар – “Assessing the association between household air pollution and child health in Mongolia” (Scientific Reports, 2024) (PDF) |
Эмчилгээний зардал | 2016 онд Улаанбаатарт 0–18 насны 73,747 хүүхэд агаарын бохирдлоос шалтгаалсан өвчнөөр эмнэлэгт хэвтэж, эмчлүүлжээ. Эрүүл мэндийн зардал 2016 онд 10.4 тэрбум, 2025 онд 24.8 тэрбум төгрөг зарцуулахаар байна. | UNICEF & НЭМХ – “Mongolia’s Air Pollution Crisis: A call to action to protect children’s health” (PDF) |
Хүндээ ээлтэй хот төлөвлөх, байгуулах нь зөвхөн байшин барилгаар хязгаарлагдахгүй ойлголт. Хүн амын өсөлтийн хурдаа тооцож, түүнийгээ гүйцэж, үр дүнтэй ажиллахыг шаарддаг. Өнгөрсөн хэдэн арван жил үүнийг хийх ёстой албан тушаалтнууд сонгуулиас сонгуулийн хооронд л хэдхэн жилээ бодож явсаар эцэст нь иргэдийн, хүүхдүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, боловсрол, бүхэл бүтэн амьдралыг үр дагаварт нь золиосолсоор байна. Хэзээ ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ХОТ, ТӨРТЭЙ БОЛОХ ВЭ?
Нийтлэлд ашигласан эх сурвалжууд:
Нийслэлийн статистикийн газар, 07-р хүснэгт https://ubstat.mn/StatTable=209 Ubstat
Барилга, хот байгуулалтын сайдын 2022.10.19-ний 211 дүгээр тушаалын хавсралт https://legalinfo.mn/mn/detail?lawId=16531723968611 Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем+1
ЕБС-ийн 12-р сургуулийн шинэ барилга (960 хүүхдийн хүчин чадалтай) https://moe.gov.mn/post/155114 greensoft.mn
Боловсрол, шинжлэх ухааны яам. “Боловсролын статистик тайлан” (2003, 2015–2016, 2020–2021).
Үндэсний статистикийн хороо. “Боловсролын салбарын статистикийн эмхэтгэл” (2003, 2015–2021).
GoGo.mn. “ЕБС-ийн сурагчдын тоо 771 мянгад хүрсэн тухай мэдээлэл.”
Macrotrends. “Ulaanbaatar Metro Area Population (2000–2024).”https://www.macrotrends.net/global-metrics/cities/21882/ulaanbaatar/population
ҮСХ, Монгол Улсын хүн амын тоо
UBSTAT — Нийслэлийн статистикийн газар. “ЕБС-ийн тоо өмчлөлийн хэлбэрээр (2000–2024).”https://ubstat.mn/
Боловсрол, шинжлэх ухааны яам. “Үе үеийн сайдууд.”https://www.meds.gov.mn/
Нийслэлийн боловсролын газар. “Гурван ээлжийн сургуулийн статистик.”
UNICEF Mongolia. “Air Pollution and Child Health” тайлан.
UNICEF, WHO хамтарсан үнэлгээ (PCA/PCV13 вакцины нөлөөллийн судалгаа (Улаанбаатар хотын 4 дүүргийн 4 эмнэлэг).
Хүүхдийн уушги, хатгааны өвчлөлийн бүртгэл – Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн үндэсний тандалтын өгөгдөл.UNICEF. Mongolia: Air Pollution and Child Mortality Estimates
WHO. Ambient Air Pollution Country Profiles (Монгол Улсын үнэлгээ).
Эрүүл мэндийн яам. Халдварт өвчний тандалтын тайлан (2015–2023)
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв. Амьсгалын замын халдварт өвчний тайлан, судалгааны эмхэтгэл.
UNICEF / NCPH (Public Health Institute of Mongolia). “Mongolia’s Air Pollution Crisis” судалгаа.
WHO. Global Health Observatory Data – Air Pollution & Child Health.
Боловсролын Яамны жил бүрийн Бага, дунд боловсролын салбарын хичээлийн жилийн статистик 2011-2025 он









Comments