top of page

Оны тойм: Хүүхдэд ээлгүй жил

ree

Улиран одож буй 2025 онд Монгол Улсад болж өнгөрсөн хүүхдийн эрх, хөгжил, хамгаалалтай холбоотой онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Засгийн газар хурдан морины уралдаанч хүүхдийн асуудлаар хойш хоёр, урагш нэг алхав

2016 оны Дүнжингарав хурдан морины уралдааны үеэр...
2016 оны Дүнжингарав хурдан морины уралдааны үеэр...

2025 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр Монгол Улсын Засгийн газар өвөл, хаврын (11 дүгээр сарын нэгнээс – 5 дугаар сарын 1 хүртэл) морин уралдааныг хориглосон 2019 оны 57-р тогтоолыг хүчингүй болгож, хаврын уралдааныг сэргээх шийдвэр гаргав. Улмаар 1 дүгээр сарын 30-ны өдөр ХЭҮК, 2 дугаар сарын 5-нд НҮБ зэрэг байгууллагуудаас тус шийдвэрийг эсэргүүцэн, албан ёсны мэдэгдэл хийсэн юм. Үүнээс хойш тухайн асуудал нь олон нийтийг өв соёлоо хадгалах, хүүхдийн эрхийг хамгаалах гэсэн хоёр сэдвээр талцахад хүргэсэн. Улмаар Засгийн газраас Хүүхдийн эрхийг хамгаалах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоол гаргаж, хаврын хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулж болохоор шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ өвөл, хаврын улиралд 18 нас хүртэлх хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргасан юм.

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх цаг болжээ

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөөг тохижуулсан байдал. Өрөөнд мэдүүлэг өгч буй хүний урд, ард талаас дуу, дүрс бичих камер байршуулсан.
Дорноговь аймгийн Цагдаагийн газрын насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөөг тохижуулсан байдал. Өрөөнд мэдүүлэг өгч буй хүний урд, ард талаас дуу, дүрс бичих камер байршуулсан.

2025 онд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний 24 дэх тайлан илтгэлийн 5 дугаар бүлэгт Насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн нөхцөл байдлын талаар судалсан байна.

Тайланд бичсэнээр 2020-2024 оны хооронд 5 жилийн хугацаанд насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах нийт 1,601 гэмт хэрэг бүртгэгдэж, 1,630 хүүхэд хохирчээ. Харин мөн тухайн 5 жилийн хугацаанд шүүх шинжилгээний байгууллагад бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх үндэслэлээр нийт 4,161 хүүхэд үзлэгт хамрагджээ. Энэ нь дээр дурдсан хэрэг нь шийдэгдсэн хүүхдийн тооноос даруй 2.5 дахин их байгаа нь анхаарах татах асуудал юм.

Мөн ХЭҮК-оос уг судалгааны хүрээнд насанд хүрээгүй хүүхэд хохирсон 40 хавтаст хэрэгт дүн шинжилгээ хийжээ. Хэргийг шалгах явцад долоон настай хүүхдээс “Эгчийн дүү б**в гэж юу юм бэ?, урьд өмнө нь б**в харж байсан уу?” зэргээр хүүхдийн насанд тохироогүй хүнлэг бус асуултуудыг асуусан байжээ. Уг тайлангийн мөрөөр цагдаагийн байгууллагад хүүхдээс мэдүүлэг авахдаа асуултад анхаарах, мэдүүлэг авах өрөөний стандартыг мөрдүүлэх, мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хүүхдээс эмэгтэй мөрдөгч мэдүүлэг авах зэргээр эерэг өөрчлөлтүүд гарч эхэлжээ.

  • Бага насны хүүхдийн эсрэг үйлдэж буй бэлгийн хүчирхийллийн талаарх нэвтрүүлэг үзэх холбоос

  • Орон нутаг дахь хүүхдээс мэдүүлэг авах өрөөг хэрхэн тохижуулж буй талаарх сурвалжилга үзэх холбоос

Гурван ээлжээр хичээллэх нь багадаад гурваараа нэг ширээнд суух болов

2025 оны 9 дүгээр сарын нэгний өдөр...
2025 оны 9 дүгээр сарын нэгний өдөр...

Жил бүрийн 9 дүгээр сарын нэгэнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал эцэг, эхчүүдийг бухимдуулдаг хэвээр байна. 2025 оны 8-р сарын 30-нд Боловсролын сайд П.Наранбаяр сургуулийн хүртээмжийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаар фэйсбүүк лайв хийсэн нь иргэдийн шүүмжлэлийг ихээр хүртсэн билээ.

Монгол Улсын хүн ам өсөх нь тодорхой, жил бүр сургууль, цэцэрлэгт элсэх хүүхдийн тоо нэмэгдэх нь тодорхой юм. Гэтэл уг асуудлыг урьдчилан шийдээгүйн дээр гурван ээлжээр хичээллэхээс гадна зарим сургуульд нэг ширээнд гурваараа зэрэгцэн, чихэлдсээр 9-р сарын нэгний өдрийн хичээл эхэлсэн юм. Энэ талаарх нийтлэлийн дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

2026 оныг Боловсролыг дэмжих жил хэмээн зарлаж, боловсролын салбарын төсвийг даруй 5.3 их наяд төгрөгөөр баталсан. Боловсролын төсөв ДНБ-ний 5.2 хувийг эзэлж байгаа юм. УИХ-ын ажлын хэсгийн судалгаагаар  2028 он хүртэл улсын хэмжээнд нийт 108 сургууль барих бөгөөд үүний 24 нь орон нутагт, 84 нь Улаанбаатарт барих хэрэгцээ бий юм байна. Үүнд 1.6 их наяд төгрөг шаардагдах судалгаа гарсан байдаг. 2026 оны хувьд 45 сургууль, 45 цэцэрлэг барихаар төлөвлөсөн хэмээн мэдээлсэн байдаг. Тиймээс 2026 оны 9-р сарын нэгэнд ч хүртээмжгүй сургуулийн асуудал сөхөгдсөөр л байх төлөвтэй байна.

Дээрэлхэлтийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн анх удаа тунхаглав

ree

2025 оны 9 дүгээр сарын 26-нд иргэн Г.Уянга өөрийн цахим хуудастаа тоглоомын талбайд хүүхдээ салхилуулж байхад нь суррон унасан хүүхдүүд хэл амаар доромжилсон талаарх мэдээллийг нийтлэв. Тухайн хүүхдүүд 1 дүгээр сургуулийн сурагчид байсан бөгөөд иргэн Г.Уянгыг цахим орчинд мэдээлэл оруулсны дараа сэтгэгдэл, хувь чат, пост оруулах зэргээр доромжлох, гутаах үйлдлийг тэдгээр хүүхдүүд болон тус сургуулийн сурагчдын зүгээс гаргажээ. Бүр "Амиа хорлооч. Ингэж байхаар үхээч!" зэргээр элдэв зурвас хүүхдүүдээс авсан байна. Хүүхдийн хүмүүжил, сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал олон нийтийн анхааралд өртөж, нийгмийн хэлэлцүүлэг өрнөж эхэлсэн билээ. Тухайн үйл явдлаас хойш хоёр сарын дараа ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас албан ёсны мэдэгдэл гаргаснаар асуудал намжив.

Мэдэгдэлд "Сургууль болон сургуулийн бус орчинд дээрэлхэлтийн шинжтэй зүй бус үйлдэл сурагчдын зүгээс гаргахыг сургууль цааших хүлээн зөвшөөрөхгүй. Ийм дээрэнгүй зан хандлагатай, зан үйлтэй хүүхдүүд бусдын сурах эрх, аюулгүй байх эрх, бүтээмжтэй байх эрхэд халдаж байгаа гэж үзэж эрдмийн өргөөгийн хувьд бид цаашид уг нийгмийн эсрэг зан хандлагатай хүүхдүүдийг өөрийн харьяалалд байлгаж, сурган хүмүүжүүлэх боломжгүй байх болно."

хэмээн анх удаа нийгмийн хэм хэмжээний түвшинд дээрэлхэлт, зүй бус хандлага, үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тунхагласан үйлдэл болсон юм. Энэ сэдвээрх видео сурвалжилгыг эндээс...

Томчууд шинэ жилдэж, хүүхдүүд гэртээ "хоригдов"

ree

2025 онд Монгол улсад олон жилийн дунджаас 14 хоногийн өмнө томуугийн тархалт нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэв. Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ-ын зөвлөсөн A хүрээний 2 хэв шинж + B хүрээний 2 хэв шинж агуулсан 4 цэнт томуугийн вакциныг нийт 300,000 хүнд хийхээр төлөвлөсөн. Үүнд:

  • 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүд;

  • Жирэмсэн эмэгтэй;

  • 65-аас дээш насны ахмадууд, архаг хууч өвчтэй хүмүүс;

  • Эмч, эмнэлгийн ажилтан, хүүхдийн байгууллагын багш нар орох бөгөөд томуугийн дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдсан юм.

Эрүүл мэндийн байгууллагуудын тайлбарласнаар вакцин нь зөвхөн томуугийн 4 хэв шинжээс хамгаалдаг бөгөөд энэ үед A(H3N2) томуу болон RSV зэрэг амьсгалын замын өөр вирусүүд зэрэгцэн эргэлдэж, ялангуяа вакцинд хамрагдаагүй 6–15 насны хүүхдүүдийн өвчлөл өндөр байсан нь ачааллыг өсгөсөн хэмээн мэдээлсэн байдаг.

Улмаар томуугийн халдварыг намжаахаар Улаанбаатар хотын 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн бага болон дунд ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлсэн.

Мөн 11 дүгээр сарын 28-нд ЭМЯ-наас олныг хамарсан шинэ жил зохион байгуулахгүй байх уриалга гаргасан. 12 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Үүний үр дүнд 2025 онд томчууд албан байгууллага, найз нөхөд, холбоо, клубийн шинэ жилдээ чөлөөтэй орж, баяраа тэмдэглэж байгаа бол хүүхдүүд анхны, сүүлийн зэрэг 10 жилийнхээ дурсамжтай шинэ жилээ "алдав".

Эргэн санахад цар тахлын үед ч хүүхдүүд цахимаар хичээллэж, олныг хамарсан шинэ жил тэмдэглээгүй боловч томчууд олноороо хурал, цуглаан, баяр наадмаа нижгэр хийсэн билээ.

Аминаас үнэтэй бизнес скүүтер, суррон

ree

Анх 2022 оны 12-р сарын 17-нд Монцамэ агентлагийн мэдээлснээр 2023 оноос скүүтер түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Уг мэдээнд "НЗДТГ, “Евро-хан” ХХК, “Нордик кристал стар” ХХК хамтран ажиллах гэрээг өчигдөр/2022.12.16/байгууллаа. Гэрээний хүрээнд 2023-2024 онд нийт 1000 ширхэг цахилгаан скүүтэр оруулж ирэх юм." гэж бичиж байжээ.

Үүнээс хойш гурван жил өнгөрч, скүүтер, суррон зэрэг тээврийн хэрэгслийг нас харгалзахгүй явган хүний зам, машин зам дээр гээд хаа сайгүй сүлжилдэн унах болсон ч ямар нэг эрх зүйн зохицуулалтгүй байв.

2024 оны байдлаар

  • “Жэт Шэйринг Монголиа” ХХК 6000 орчим цахилгаан скүүтер

  • “Ви Эм Си Групп” ХХК нь “Табо” нэртэй 1500 орчим цахилгаан скүүтер

  • “Эко технологи” ХХК нь “Эко байк” нэртэй 2500 орчим цахилгаан дугуйг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлээд буй.

Анх 1000 ширхэг цахилгаан скүүтрээр эхэлж байсан энэ бизнес гурван компани 10,000 мянган цахилгаан скүүтер, дугуйг нэвтрүүлж тэлжээ. Уг бизнес тэлэхийн хэрээр осол, гэмтлийн тоо ч мөн өссөн.

2024 оны 8-р сард ХЭҮК-оос хийсэн мэдээлэлд 2020-2024 оны хооронд 5,546 хүн гэмтэж бэртсэнээс 1040 нь 18 наснаас доош насны хүүхэд байна. Түүнчлэн ТЦА-ны мэдээллээр 2025 оны 8-р сарын байдлаар скүүтер, сурронтой осолдсон 470 тохиолдол бүртгэгджээ.

Сурроны дээд хурд нь 120 км/цаг. Цахилгаан скүүтэр нь 50 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай. Нидерланд, Ирланд, Грек, Франц, Канад, Индонез, БНХАУ зэрэг улс орнууд замын хөдөлгөөнд оролцуулахыг бүрэн хориглосон байдаг аж.

Манай улсын хувьд Улсын Их Хурлын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Жил гаруйн хугацаагаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл нөхцөл байдал хэвээр...

D-parliament сайтад байршуулсан хуулийн төслийг эндээс уншина уу

Сурагчийн ширээ, сургуулийн буланд вэйп уушгилах болов

ree
ЭМЯ-ны мэдээллээр 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи татаж байна гэсэн статистик үзүүлэлт гарчээ.

Цахилгаан тамхи буюу вэйп татах нь янжуур тамхинд орох магадлалыг 7 дахин, хар тамхи хэрэглэх магадлалыг 2 дахин нэмэгдүүлж, донтох эмгэг үүсгэдэг. Гэвч зарим эцэг эхчүүд хүүхдээ янжуур тамхинаас гаргахын тулд цахилгаан тамхи татахыг зөвшөөрч, сургуульдаа цахилгаан тамхитай явахыг нь зөвшөөрсөн байжээ. Энэ мэт томчуудаас гадна хүүхдүүдийн дунд цахилгаан тамхины хэрэглээ нэмэгдэж, сургуулийн өнцөг булан, 00, анги доторх камераас нуугдаж ширээн доор гэх мэтээр зах замбараагүй хэрэглэх болсон.

Уг асуудлыг цэгцлэх үүднээс Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулан, өргөн мэдүүлээд байгаа юм. Хуулийн төслийг эндээс уншина уу.

Сумын сурагчид утасны гэрэлд хичээлээ хийж буй нь олныг цочирдуулав

ree

Говь-Алтай аймгийн Алтай сумын сурагчид хичээлээ утасны гэрлээ асаагаад хийж буй зураг цахим орчинд цацагдсан нь 2025 оны онцлох олныг цочирдуулсан үйл явдал байв. Учир нь Алтай сум тог цахилгаангүй олон жил болж буйг амьдарч байсан хүмүүс нь мэддэг ч өнөөг хүртэл цахилгаанд холбодоггүй, дарга нар анхаарлаа хандуулалгүй "хаясан" асуудал болсон байжээ.

2024 оны 7 дугаар сарын 22-нд тухайн сум цахилгаантай боллоо гэх мэдээлэл нийтлэгдэж байжээ. Мэдээнд "Төвлөрсөн системд холбогдоогүй цорын ганц сум болох Говь-Алтай аймгийн Алтай сумыг БНХАУ-аас 35 кВ-ын 70.7 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж, цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн санаачлан 2022 оны Улсын төсөвт суулган тухайн онд барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Эрчим хүчний яамны ажлын хэсэг 2024 оны 06 дугаар сарын 14, 15-ны өдөр ажиллаж, Алтай сумыг БНХАУ-аас төвлөрсөн системээс хангаж эхэлснээр тус сум найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангагдаж эхэллээ." хэмээн бичиж байжээ.

Гэвч 2025 онд уг асуудал шийдэгдээгүй хэвээр байгааг хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж NTV мэдээний баг газар дээрээс нь сурвалжилга бэлтгэсэн байна.

ree

Үүнээс хойш "Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй Говь-Алтай аймгийн Алтай сумыг БНХАУ-ын Хами аймгийн цахилгаан эрчим хүчний шугам сүлжээтэй 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 36 минутад “АУЭХС” ТӨХК-ийн инженер техникийн ажилчид амжилттай холбож тус сум цахилгаан эрчим хүчний байнгын тасралтгүй, найдвартай эх үүсвэртэй боллоо." хэмээн Монгол Улсын Эрчим хүчний яам өөрийн цахим хуудсаараа мэдээлжээ.

Монгол Улсад анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргээр дагнасан шүүхтэй болов

ree

2026 оны нэгдүгээр сарын нэгнээс Гэр бүл, хүүхдийн хэргээр дагнасан шүүх үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн төслийг боловсруулжээ.

Гадаад улсын туршлагаас үзэхэд, Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн хууль ёсны дээд эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах зорилгоор гэр бүлийн нөхцөл байдлыг нарийн шалган тогтоох ажиллагаа хийгддэг. Тодруулбал, Япон, БНСУ зэрэг гэр бүлийн дагнасан шүүхтэй улсуудад, гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч өөрийн санаачилгаар захирамж гарган хүүхдийн эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах зорилгоор гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчээр гэр бүлийн нөхцөл байдлыг шинжлэн судлуулж, үнэлгээний тайлан гаргуулах, ач холбогдол бүхий бусад шаардлагатай мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах зэрэг бүрэн эрхтэй байдаг. Манай улсын хувьд гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчийн систем шүүхэд байхгүй бөгөөд холбогдох зохицуулалт хуульд байхгүй, түүнчлэн иргэний хэргийн шүүгч өөрөө идэвхтэй шалгах зарчмыг хэрэгжүүлдэггүй байна.

Хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй эндээс уншина уу.


Гэрэл зургийг Д.Занданбат









Comments


bottom of page