top of page

Улсын дээд шүүхээс Өмнөговь аймагт нас барсан унаач хүүхдийн хэргийг шийдвэрлэлээ

6 minutes ago
2 min read

Шүүгдэгч Я.Ц нь Өмнөговь аймгийн ********* сумын төвийн хойно байрлах хурдан морь барианы газарт 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр азарга насны хурдан морь хөлслөх ажилд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS:6264-2018 стандарт”-ыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй өөрийн уяж сойж буй хээр зүсмийн морийг насанд хүрээгүй н.А-ийн хоёр хөлийг нь олмоор даруулж унуулсны улмаас хурдан мориноосоо унаж, чирэгдэн гавал ясны хугарал гэмтлийн улмаас хүний амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Я.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ц-аас оршуулгатай холбоотой болон бусад зардалд 10,755,510 төгрөг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 195,000,000 төгрөг, нийт 205,755,510 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.У-д олгохоор шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

Я.Ц-ийн өмгөөлөгч н.Н-ийн зүгээс “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг 3-р зэрэглэлд хамааруулж тооцсон нь үндэслэлгүй. Гэм бурууг тогтооход үндэслэл болсон стандартад уралдааны морь болон унаач хүүхдэд хэрэглэх хэрэгслийг тус бүрд нь тодорхойлон заасан байгаагийн чухам аль хэсгийг мөрдөөгүй зөрчсөн болохыг зайлшгүй тогтоох ёстой. Иймд хорих ялыг хөнгөрүүлж зорчих эрх хасах ял болгож өөрчилж өгнө үү” хэмээн,

Я.Ц-ийн өмгөөлөгч н.Э-ийн зүгээс “Шүүх Сэтгэцийн эрүүл мэндийн зэргийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хэрэглэхгүйгээр дундаж насны ангиллаар тооцож, ялгамжтай байдлаар хууль хэрэглэж байна. Я.Ц-ийн үйлдэл нь хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан зүйл байхгүй тул цагаатгаж өгнө үү” хэмээн тус тус хяналтын гомдол гаргажээ.

Хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээ, үйл баримтыг сэргээн тогтоож түүнд хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болсон гэж дүгнэлээ.

Харин гэм хорын хохирол буюу хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо Улсын дээд шүүхийн тогтоосон жишгээс өөрөөр буюу Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд тулгуурлаж шийдсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоол болон магадлалын 6 дахь заалтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 195,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний үнийн дүн болох 99,000,000 сая төгрөг болгож өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.


УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН

Comments


bottom of page