Д.Эрдэнэцогт: Түр хамгаалах байранд ирдэг зарим хүүхэд огт сургуульд явж үзээгүй байдаг
- child.mn

- Nov 17
- 2 min read

Child.mn/Хүүхэд.мн сайт Баянзүрх дүүргийн түр хамгаалах байрны зохицуулагч Д.Эрдэнэцогттой ярилцлаа. Тэрээр 2006 оноос архинд донтсон эрэгтэйчүүд рүү чиглэн ажиллаж эхэлжээ. Улмаар 2017 оноос хүүхэдтэй ажиллаж, насанд хүрсэн хойноо архинд донтохоос нь сэргийлэхгүй бол нэгэнт архинд донтсон хүнтэй ажиллах нь ниргэсэн хойно нь хашхирав гэдэгтэй адил байсан хэмээн ярьсан юм. Тиймээс 2023 оны 11 дүгээр сараас Баянзүрх дүүргийн хүүхэд түр хамгаалах байранд ажиллаж эхэлжээ.
2025 он гарсаар танай хүүхдийн түр хамгаалах байр хичнээн хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн бэ? Хамгийн их анхаарал татаж буй асуудал юу байна вэ?
Манайх 0-18 хүртэлх насны хүүхдүүдийг авдаг. 2025 он гарсаар 200 гаруй хүүхдэд үйлчлээд байна. Манайд үйлчилгээ авахаар ирдэг хүүхдүүд ихэвчлэн маш их бөөстэй, хиртэй ирдэг. Тэгээд бид өдрийн дөрвөн хоолтой, долоо хоногт хоёр удаа усанд оруулж, хичээл хоцрогдлыг нь арилгахаар ажилладаг. Цэцэрлэгийн насны хүүхдийг бол өөрсдийнхөө цэцэрлэгт авчихдаг.
Анхаарах ёстой нэг чухал асуудал бол хүүхдүүдийн хичээл хоцрогдол. Жишээ нь манайд ирсэн нэг айлын 5, 6 хүүхэд бүгдээрээ сургуульд явж үзээгүй байсан. Зарим хүүхэд нэрээ бичиж чадахгүй, хүрд мэдэхгүй ирдэг. Нэг хүүхэд ээж, аав уг нь 9 дүгээр ангид орох ёстой гэж байсан гээд мөн л бичиг, үсэг мэдэхгүй байсан. Энэ бол эцэг, эхчүүд хүүхдээ үл хайхарч, боловсрол эзэмшүүлэхгүй орхиж байгаа маш том асуудал. Шилжилт хөдөлгөөнтэй бас их холбоотой байна. Нэг хороонд амьдарч байгаад түрээслэж буй байраа солиод өөр дүүрэг, хороо руу шилжихээр хүүхэд завсардаад байдаг юм билээ.
Танай түр хамгаалах байранд ирж байгаа хүүхдүүд ямар шалтгааны улмаас хохирсон байдаг вэ?
Үл хайхрах хүчирхийллээс болж хүүхдүүд маш их хохироч байна. Найм, есөн настай хүүхдүүд үүнээс болж гэмт хэрэгт холбогдож байна. Эрэгтэй хүүхдүүд нь хулгайн гэмт хэрэгт холбогдож, эмэгтэй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Аав, ээж нь салаад дундаа хүүхдээ тоохгүй үл хайхарчихдаг. Мөн хүүхэд үрчилж авчихаад үрчлэлээсээ татгалзчихдаг. Ийм тохиолдолд хүүхэд маш их эрсдэлтэй нөхцөл байдалд орчихдог. Манай улсад байгаа асрамжийн газрууд төгсөлт байхгүй бол хүүхэд нэмж авдаггүй. Ингэхээр хүүхэд л хохирч үлдэх болчихдог.
Асуудлыг шийдэхийн тулд бид юуг илүү анхаарах шаардлагатай байна вэ?
Зарим хүмүүс энэ их сахилгагүй гээд хүүхдэд буруу өгөх гээд байдаг. Тэгвэл хүүхэд биш ар гэртэй нь, насанд хүрэгчидтэй сайн ажиллах шаардлагатай байна. Гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэгтэй болгох хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор гэр бүлийн хүчирхийлэл, салалтын ард хүүхэд эцэс сүүлд нь хохирч үлдээд байна.



Comments