top of page

ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив

  • 2 hours ago
  • 2 min read

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр  хуралдаж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Үүний нэг нь Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д хүргүүлсэн "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл"-ийг хэлэлцлээ.

Энэ жилийн илтгэлийг зургаан бүлэг сэдвийн хүрээнд бэлтгэж, хүний эрхийн асуудлаар шийдвэр гаргуулахаар 60 саналыг ирүүлсэн тухай Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор Д.Сүнжид танилцуулав. Зөвхөн хүний эрхийн зөрчил төдийгүй хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, ажил хэрэгч бүтээлчээр хандсан байна хэмээн Байнгын хорооны гишүүд дүгнэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, бүгд аман дээрээ гоё ярьдаг мөртлөө хүний эрхийн илтгэлийг хэлэлцэх үед танхимд дөрөвхөн гишүүн сууж байгааг шүүмжилж, цаашид ХЭҮК-ын илтгэлийг үнэ цэнэтэй мэдээлэл, эх сурвалж гэдгийг чухалчлан үзэж, илтгэлийг хэлэлцэхдээ Засгийн газрын холбогдох яамд, байгууллагаас төлөөлөл байлцуулах, чуулганы хуралдааны дэгээ өөрчилж, хүний эрхийн илтгэл хэлэлцэж хугацааг тавиу болгож сунгах, хэрэгжилтийг хангуулахад хариуцлагын тогтолцоог чангатгах шаардлагатай гэв. Харин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Хүний эрхийн Үндэсний Комисс тулгамдсан чухал асуудлыг илтгэлдээ тусгаж, байнгын хороонд танилцуулахдаа ихэд бэлтгэж, хүндэтгэлтэй хандаж ирсэн байна гэж сайшаав. Тэрээр, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг тодруулж асуусан. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, энэ жилийн илтгэлийн мэдээлэл эрэмбэ дараатай, эмх цэгцтэй, үр дүнтэй болжээ. Одоо УИХ-ын гишүүд бид асуудалд нухацтай хандах нь чухал байна гэв. Шүүхийн шинжилгээний асуудлаар Хүний эрхийн дэд хороо хаалттай хуралдаж, нөхцөл байдлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг Хүний эрхийн дэд хорооны даргын хувиар гаргалаа.

Ийнхүү 25 дахь илтгэлийг хэлэлцээд, Байнгын хорооны санал, дүгнэлтийг хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Мөн энэ өдөр УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл"-ийг эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцээд, хүүхдийн эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай асуудлаар санал, дүгнэлтээ ирүүлснийг хуралдаан даргалагч танилцууллаа. 

Байнгын хороо “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, хүүхэд хамгааллын чиглэлээр Хүний эрхийн дэд хорооноос ирүүлсэн саналыг төсөлд тусгуулахыг 52.6 хувийн саналаар дэмжлээ. Уг тогтоолын төсөлд үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох асуудлыг нэмж тусгахыг гишүүдийн олонх дэмжив.

Comments


bottom of page