top of page

Монголын Сэтгэл Судлалын Шинжлэх Ухааны Холбооноос мэдэгдэл гаргалаа

23 minutes ago
3 min read

Монголын Сэтгэл Судлалын Шинжлэх Ухааны Холбооноос хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд: Монголын Сэтгэл Судлалын Шинжлэх Ухааны Холбоо (MAPS) нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 14–17 насны хүүхдийг хаврын хурдан морины уралдаанд оролцуулахыг зөвшөөрөхөөр тусгасныг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна.

Хурдан морины уралдаан бол Монголын үндэсний өв соёлын салшгүй хэсэг мөн. Морь унаж сурах, уламжлалт мал аж ахуй, монгол ахуйгаас суралцах нь хүүхдийн бие даах чадвар, хариуцлага, өөртөө итгэх итгэл, тэсвэр хатуужлыг хөгжүүлэхийн зэрэгцээ үндэсний өв соёлоо өвлөн эзэмших үнэ цэнтэй боломж юм. Гэвч эдгээр чадварыг төлөвшүүлэхийн тулд хүүхдийг өвөл, хаврын эрс тэс цаг агаар, байгалийн хүнд нөхцөлд хурдан морины уралдаанд оролцуулж, эрүүл мэнд, амь насанд нь учирч болзошгүй өндөр эрсдэлд өртүүлэх шаардлагагүй гэж үзэж байна.

Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс хүүхдийн эрүүл хөгжил нь зөвхөн бие махбодын аюулгүй байдлаар хязгаарлагдахгүй. Хүүхэд айдас, дарамт, албадлагаас ангид, сэтгэл зүйн хувьд аюулгүй, дэмжлэгтэй орчинд өсөж хөгжих эрхтэй. Өсвөр насанд эрсдэлийг үнэлэх, шийдвэрийнхээ урт хугацааны үр дагаврыг тооцоолох, сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар хөгждөг. Түүнчлэн гэр бүл, нийгмийн хүлээлт болон насанд хүрэгчдийн нөлөөлөл нь хүүхдийн бие даасан шийдвэр гаргах боломжид нөлөөлж болзошгүй.

Иймээс хүүхэд өөрөө оролцох хүсэлтэй байгаа, эсвэл эцэг эх, асран хамгаалагч нь зөвшөөрсөн гэх үндэслэлээр тухайн үйл ажиллагааг хүүхдэд аюулгүй гэж үзэх боломжгүй юм. Хүүхдийн хүсэл сонирхол, эцэг эхийн зөвшөөрлийг хүндэтгэхийн зэрэгцээ тэдгээрийг хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг зөвтгөх үндэслэл болгон ашиглаж болохгүй. Хүүхдийн эрх, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах нь төрийн нэн тэргүүний үүрэг юм.

Хүүхдийн хөгжлийг дэмжих сорилт, бэрхшээл болон эрүүл мэнд, аюулгүй байдалд нь заналхийлэх эрсдэлтэй нөхцөлийг ялгаж ойлгох шаардлагатай. Нас, хөгжлийн онцлогт тохирсон, аюулгүй, дэмжлэгтэй орчин дахь сорилт нь хүүхдийн өөртөө итгэх итгэл, бие даасан байдал, асуудал шийдвэрлэх болон бэрхшээлийг даван туулах чадварыг хөгжүүлдэг. Харин хэт хүнд нөхцөл, хүчтэй айдас, бие махбодын зовуурь, сэтгэл зүйн дарамт нь зарим хүүхдэд түгшүүр, айдас, бэрхшээлээс зайлсхийх зан үйл бий болох, өөртөө итгэх итгэл буурах, суралцах идэвх, хүсэл эрмэлзэл сулрах, улмаар сурлагын амжилтад сөргөөр нөлөөлөх зэрэг урт хугацааны үр дагавар дагуулж болзошгүй.

Тиймээс урьдчилан сэргийлэх боломжтой, ноцтой эрсдэлд хүүхдийг өртүүлэх нөхцөлийг хуулиар зөвшөөрөх нь хүүхэд хамгааллын үндсэн зарчимтай нийцэхгүй. Хүүхдийн аюулгүй байдлыг зөвхөн осол, гэмтлийн тоон үзүүлэлтээр хэмжих бус, сэтгэл зүйн сайн сайхан байдал, хөгжлийн онцлог, урт хугацааны эрүүл мэнд, хөгжлийн үр дагавартай нь цогцоор нь авч үзэх шаардлагатай.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод заасны дагуу төрийн байгууллагууд хүүхэдтэй холбоотой аливаа бодлого, хууль тогтоомж, шийдвэр гаргахдаа хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд харгалзан үзэх үүрэгтэй. Хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн сайн сайхан байдал, аюулгүй өсөж хөгжих эрхийг хамгаалах нь бие даасан, бүтээлч, санаачилгатай, хариуцлагатай, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай иргэнийг төлөвшүүлэх үндсэн нөхцөл юм. Энэ нь зөвхөн хүүхдийн өнөөгийн сайн сайхан байдлыг хамгаалаад зогсохгүй улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэх ач холбогдолтой.

Иймд Монголын Сэтгэл Судлалын Шинжлэх Ухааны Холбоо (MAPS) нь Монгол Улсын Их Хурал, хуулийн төсөл санаачлагчид болон холбогдох байгууллагуудад дараах шаардлага, уриалгыг хүргүүлж байна. Үүнд:

1. 14–17 насны хүүхдийг хаврын хурдан морины уралдаанд оролцуулахыг зөвшөөрөх тухай хуулийн зохицуулалтыг батлахгүй байх;

2. Өвөл, хаврын хурдан морины уралдаанд хүүхэд оролцуулахыг хориглосон эрх зүйн хамгаалалтыг хэвээр хадгалж, хэрэгжилтийг тууштай хангах;

3. Хүүхдийн бие махбодын болон сэтгэл зүйн эрүүл мэнд, хөгжилд учирч болзошгүй эрсдэлийг шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан, цогц байдлаар үнэлэх;

4. Хүүхдийн дээд ашиг сонирхол, сэтгэл зүйн сайн сайхан байдал, эрүүл, аюулгүй хөгжих эрхийг хүүхэдтэй холбоотой аливаа бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн үндсэн шалгуур болгох.

Үндэсний өв соёл, уламжлалаа хойч үедээ өвлүүлэн уламжлуулах нь хүүхдийн эрх, аюулгүй байдал, эрүүл хөгжлийг хамгаалах зарчимтай зайлшгүй нийцсэн байх учиртай. Өв соёлоо өвлүүлэх олон арга зам бий. Тэдгээрийн аль нь ч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүйн сайн сайхан байдлыг эрсдэлд оруулах үндэслэл болох ёсгүй.

Хүүхдийн өнөөгийн сайн сайхан байдлыг хамгаалах нь төрийн үүрэг төдийгүй Монгол Улсын ирээдүйг хамгаалж буй хэрэг юм гэжээ.

Comments


bottom of page