Нийслэлийн төсөв 2027-хэлэлцүүлэг эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга Д.Ихбаярт өнгөрөгч ням гарагт өргөн барилаа.
Нийслэлийн ирэх оны төсвийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцсон нь өмнөх оныхоос 600 орчим тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.
Төсвийн төслийг иргэдийн санал асуулга, судалгаанд үндэслэн боловсруулсан бөгөөд агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн хүртээмж, засаглалын асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлжээ. Мөн төсөв, хөрөнгө оруулалтын эрх мэдлийг дүүрэг, хороонд түлхүү шилжүүлж, иргэдийн тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Өнгөрсөн жилүүдэд нийслэлд хэрэгжсэн төсөл, арга хэмжээний гол эх үүсвэр нь нийслэлийн төсөв байсан бол ердөө долоон хувь нь бусад эх үүсвэрээс санхүүжиж байжээ. Цаашид хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого баримтална. Ирэх жилүүдэд хотын эдийн засгийн тэнцвэрийг сайжруулж, бизнесүүдээ дэмжинэ” гэлээ.
Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу нийслэлийн төсвийн төслийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-ны дотор НИТХ-д өргөн мэдүүлж, арванхоёрдугаар сарын 5-ны дотор батлах ёстой. Тус төсвийн төслийг НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байна.
Иргэд нийслэлийн 2027 оны төсвийн төсөлтэй дараах холбоосоор орж танилцах боломжтой.



Comments