Т.Ариунзаяа өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болсон анхны монгол жүдоч боллоо

Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Тэрбишийн Ариунзаяа алтан медаль хүртэж, өсвөр үе болон залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо.
Узбекистаны нийслэл Ташкент хотод болж буй “Ташкент-2026” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Т.Ариунзаяа аваргын төлөө Киргизстаны тамирчин Жанар Жолдошеватай барилдаж, ялалт байгуулсан юм. Тэрбээр финалын барилдаанд эхлээд юко үнэлгээ авч, улмаар сугадаж тонгорох мэхээр өрсөлдөгчөө цэвэр ялснаар дэлхийн аварга боллоо.
Тэрбээр тэмцээний хэсгийн барилдаанд Туркменистан, Узбекистан, Венесуэлийн тамирчдыг дараалан ялж, хагас шигшээд Азербайжаны Хадижа Гадашоваг буулган авснаар финалд шалгарсан юм.
Ийнхүү 18 настай Т.Ариунзаяа 2024 онд Перу улсын Лима хотод болсон өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн амжилтаа залуучуудын ангилалд бататгаж, хоёр насны ангилалд дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч болж байна.
Тэрбээр энэ онд насанд хүрэгчдийн улсын аварга болж, “Айчи–Нагояа 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн амжилттай.
“Ташкент-2026” залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11-р сарын 19-22-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Тус тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жинд нийт 18 жүдоч оролцож байна.



Comments