top of page

Х.Эрдэм-Ундрах: Дэлхий улс орнууд 100 жилийн өмнө хүүхдийн хэргийг дагнасан шүүхтэй болсон

  • 1 day ago
  • 3 min read

Өнөөдөр /2026 оны 3 дугаар сарын 31/ Монгол Улсад насанд хүрээгүй хүний гэмт хэрэг, гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх болон хэвлэл мэдээллийн ёс зүйтэй оролцоо дугуй ширээний хэлэлцүүлэг боллоо.

Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, доктор Х.Эрдэм-Ундрахтай хэсэг ярилцлаа.

Бүр 100 гаруй жилийн өмнөөс дэлхийн улс орнуудад хүүхдийн хэргийн дагнасан шүүхтэй, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэдэг төрөлжсөн хуультай болсон байдаг.

Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулах хэрэгцээ шаардлага юу байгаа вэ?

Манай улсын Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар өсвөр насны хүнд зориулсан зохицуулалт, нэг бүлэг байдаг. Гэтэл дийлэнх тохиолдолд насанд хүрсэн хүнтэй яг адилхан журмаар хэргийг хянан шийдвэрлээд байна. Хүүхэд өөрөө нас, бие, сэтгэл зүй, оюун ухааны хөгжлөөрөө насанд хүрсэн хүнтэй шууд харьцуулагдахгүй. Энэ утгаараа бүр 100 гаруй жилийн өмнөөс дэлхийн улс орнуудад хүүхдийн хэргийн дагнасан шүүхтэй, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэдэг төрөлжсөн хуультай болсон байдаг.

Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийг ингэж дагнасан хэлбэрээр байгуулснаар насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэг болон зөрчлийн хэргийг тухайн хүүхдийн онцлогт тохирсон байдлаар шийтгэх, яллах зорилгоор биш, харин хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор хянан шийдвэрлэх боломжтой болж байгаа юм. Ингэхийн тулд энэ дагнасан шүүхэд мэргэшсэн шүүгч ажиллана. Энэ бол бүхэл бүтэн тогтолцооны асуудал учраас цагдаагийн байгууллага, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг мэддэг, хүүхдийн хэргээр тухайлан бэлтгэгдсэн ийм мэргэшсэн хуулийн байгууллагын ажилтнууд ажиллана.

Ялангуяа хүүхэд, гэр бүлийн дагнасан шүүх дээр "нөхцөл байдлын шинжээч" гэдэг нэрээр хуулийн төсөлд явж байгаа сэтгэл судлаач, нийгмийн ажилтан, боловсролын мэргэжилтэн хүүхэдтэй тулж ажиллана, ярилцлага хийнэ, судалгаа авна. Гэмт хэрэг, зөрчил үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг нь очиж шинжилж, тогтооно. Ингээд эцэст нь дүгнэлт гаргаж шүүгчид өгнө. Шүүгч тэр дүгнэлтийг харгалзан үзэж шийдвэр гаргана. Энэ бол хүүхдэд ээлтэй эрх зүйн орчин бий болж байна гэсэн үг.

Өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт дахин холбогдох тохиолдол хэр их байдаг вэ? Статистик тоо баримт бий юу?

2025 оны байдлаар Монгол улсын хэмжээнд 45,000 гаруй гэмт хэрэг Цагдаагийн ерөнхий газарт бүртгэгдсэн байна. Үүний 6.6 хувийг насанд хүрээгүй хүүхдүүд үйлдсэн буюу холбогдсон байдаг. Хүүхдүүдийн холбогдоод байгаа үндсэн гурван төрлийн гэмт хэрэг бий. Нэгдүгээрт, хулгайлах, дээрэмдэх гээд бусдын өмчлөх эрхэд халдсан гэмт хэрэг нийт хэргийн 65%-ийг эзэлж байна. Хоёрдугаарт, 20%-ийг зодоон цохион буюу бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг, 10%-ийг цахим орчинд үйлдэгдэж буй хэрэг эзэлж байна.

Хэрэв ял шийтгэлийн бодлого зөв, зохистой байж чадвал хүүхдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Манайх Эрүүгийн хуулийнхаа ял шийтгэлийн бодлогод эрс шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байна. 2017 оны Эрүүгийн хуулийн 8-р бүлгийг зөвхөн өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгоор баталсан нь анхны дэвшилтэт алхам байсан. Одоо дагнасан шүүхтэй болж байгаа учраас илүү нарийвчилсан зохицуулалтууд хэрэгтэй. Ялын бодлого нь хүүхдийг шийтгэхээс илүүтэй хүмүүжүүлэх, нөлөөллийн арга хэмжээ авах замаар алдахаас сэргийлэх чиглэл рүү явах ёстой.

Дагнасан шүүх яг ямар төрлийн хэргүүдийг шийдвэрлэх вэ?

Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх гэж байгаа. Нэг талаасаа гэр бүлийн маргаан буюу Иргэний хууль, Гэр бүлийн хуульд заасан хүүхэд үрчлэлт, гэрлэлт цуцлалттай холбоотой хэргүүд. Нөгөө талдаа хүүхэд холбогдсон эрүүгийн гэмт хэрэг болон зөрчлийн хэргүүдийг шийдвэрлэнэ. Хүүхэд яагаад гэмт хэрэг үйлдээд байна вэ гэдэг шалтгаан нөхцөлийг судлах ёстой. Дэлхийн улс орнуудын судалгаагаар хүүхэд гэмт хэрэгт холбогдох шалтгааны 90%-ийг ядуурал, гэр бүлийн таагүй орчин, үе тэнгийнхний сөрөг нөлөө эзэлдэг. Ийм хүүхдийг нэмж хорьж шийтгэх юм бол тэр хүүхэд хэзээ ч засаршгүйгээр алдагдана. Хорих байгууллага, шорон гэдэг бол "гэмт хэргийн сургууль" юм гэж криминологийн судалгаанууд харуулдаг. Тиймээс ял шийтгэл чангадаа гол нь биш, дахин хэрэг үйлдэхгүй байх тал дээр нь анхаарах ёстой.

Боловсон хүчний нөөцийг хэрхэн бэлдэж байна вэ?

Одоо Гэр бүлийн хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Үүнийг дагаад Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль гээд холбогдох хуулиудад өөрчлөлт орно. Цагдаа дээр одоо байгаа хүүхдийн хэргийн мөрдөгчдийг нэмж сургалтад хамруулна. Прокурор дээр хүүхдийн хэргийн прокурорууд байгаа. Шүүхийн академитай хамтран гэр бүлийн шүүхэд ажиллах шүүгчдийг тусгайлан бэлтгэх сургалт хийж байна. Мөн нөхцөл байдлын шинжээч гэдэг шинэ дүрийг бэлтгэх шаардлагатай. Шүүхийн ерөнхий зөвлөл дээр ажлын хэсэг байгуулагдаж, Монгол улсын хэмжээнд хэдэн шинжээч хэрэгтэй вэ гэдгийг тооцож, орон тооны судалгааг гаргаж байна. Сэтгэл судлаач, нийгмийн ажилтан, социологич нарыг хүүхдийн чиглэлээр нэмж мэргэшүүлэх, сургалтын ажлуудыг төлөвлөөд явж байна.

Шүүхийн ачаалал болон орон нутагт ямар байх вэ?

Нийслэлийн төвийн зургаан дүүргийг хамарсан Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх байгуулагдана. УИХ-аас баталсан тогтоолын дагуу анхан шатны шүүхэд 28 шүүгч, 1 ерөнхий шүүгчтэй, давж заалдах шатны шүүхэд 17 шүүгчтэй байхаар орон тоог баталсан. Энэ тоог сүүлийн 3-5 жилийн хэргийн тоон дээр үндэслэж гаргасан. Орон нутгийн хувьд эхний ээлжинд анхан шатны шүүхүүд дээрээ ердийн журмаар шийдвэрлэж яваад, цаашид мэргэшсэн шүүгч нар ажиллуулахаар зохион байгуулахаар төлөвлөж байна.


Comments


bottom of page