top of page

Хилийн чанд дахь Монгол хүүхдүүдийн хэл, соёлыг хамгаалах чиглэлд хэрэгжүүлэх ажлуудыг танилцууллаа

  • 21 minutes ago
  • 2 min read

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ж.Алдаржавхлан “Хилийн чанадад амьдардаг хүүхдийн хэл, соёлоо өвлөн уламжлуулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ” сэдэвт илтгэл танилцууллаа.

Тэрээр “хилийн чанадад амьдарч буй Монгол хүүхэд багачуудын асуудал нь Монгол Улсын хувьд чухал асуудлын нэг мөн. Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад Монгол Улсын 210 мянга орчим иргэн оршин сууж байгаагаас олон мянга нь хүүхэд байна.

 Сүүлийн жилүүдэд хилийн чанад дахь хүүхдүүдэд Монгол хэл, соёлоо таниулах, өвлөн уламжлуулах чиглэлээр эрх зүйн орчинд ахиц гарсан. Монгол Улсын Үндсэн хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд “Хүүхэд өөрийн эх хэл, соёл, өв уламжлалаа сурч мэдэх, өвлөн уламжлах эрхтэй” хэмээн баталгаажуулсан байдаг. Энэ нь гадаадад амьдарч буй Монгол хүүхдүүд хэл, соёлын дархлаагаа хадгалж, эх оронтойгоо холбоотой байх үндэс болсон гэж үзэж байна.

Мөн засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хилийн чанадад амьдарч буй гэр бүл, хүүхдүүдэд зориулсан Монгол хэл, соёлын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, цахим сургалтын орчныг бүрдүүлэхээр тусгасан нь олон ажлыг эхлүүлэх боломж гэж бид үзэж байна” гэлээ.

Яамнаас хилийн чанадад суугаа Монголчуудын зөвлөлтэй хамтран “Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монголчуудын нүүдэлчдийн ахуй, үндэсний бичиг үсэг, өв соёлыг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулжээ.

Түүнчлэн Монголын соёлын өдрүүдийг олон улсад зохион байгуулж, Монгол Улсаас 1000 гаруй уран бүтээлч, тамирчин оролцсон нь тухайн оронд амьдарч буй Монгол хүүхдүүдэд үндэсний урлаг, өв соёлоороо бахархах үзэл төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэв.

2024 онд Монгол хэл, соёлыг дэлхийд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монгол хэл бичгийн интернэшнл фонетик альфабет” буюу олон улсын авиа зүйн галиг руу хөрвүүлэх ажлыг эхлүүлээд байгаа талаар мөн танилцууллаа.

Цаашид Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Үүнд:

  1. Хилийн чанадад амьдарч буй хүүхдүүдийг эх оронтой нь холбох зорилгоор зуны “Чөлөөт цаг” арга хэмжээг зохион байгуулах.

  2. Элчин сайдын яамдаар дамжуулан Монгол хүүхдүүдэд үндэсний өв соёлыг сурталчлах ажлыг эрчимжүүлэх.

  3. Монголын түүх, соёлын дурсгалт газруудтай танилцах хөтөлбөр хэрэгжүүлэх.

  4. Гадаадад үйл ажиллагаа явуулдаг Монгол сургууль, соёлын төвүүдийг сургалтын материал, гарын авлагаар хангах

  5. Хүүхэд багачуудад зориулсан Монгол соёлын зуны сургалтыг тогтмол зохион байгуулах.

  6. Нүүдлийн соёлын наадам Европ 2026 арга хэмжээг Брюссель хотноо зохион байгуулах.

Мөн сайд хэлэхдээ “Цаашид хилийн чанад дахь Монгол хүүхэд багачуудын хэл, соёлын дархлааг хамгаалах, тэднийг эх оронтой нь холбох чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй идэвхтэй хамтран ажиллана” хэмээв.

 

Comments


bottom of page