Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдлаа
- 1 hour ago
- 4 min read

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдаж шинэ тогтоол гаргалаа. Уг тогтоолд хүүхэд хамгааллаас эхлээд үндэсний морины уралдаан, сургууль цэцэрлэгийн орчныг сайжруулах хүртэлх маш чухал заалтууд тусгагджээ.
Үүнд:
Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хүүхэд бүрийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үндэсний хэмжээнд төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн оролцоотой дараах арга хэмжээг зохион байгуулж, 2027 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор үр дүнг Хүүхдийн төлөө үндэсний Зөвлөлд танилцуулахыг засгийн газрын гишүүд, бүх шатны засаг дарга нарт даалгасугай.
1.1. Төрийн байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, 2026 оны 06 дугаар сарын 05-наас 9 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд бүх сум, баг, хороо, дүүрэг, аймаг, нийслэлд хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг зохион байгуулах, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлж, шаардлагатай төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх.
1.2. Дэд бүтцийн болон орчны аюулгүй байдлын эрсдэлийг үнэлж, хор уршгийг арилгах, хүүхдэд ээлтэй орчинг төр, хувийн хэвшлийн байгууллагын оролцоотой бүрдүүлэх.
1.3. Хүүхэд хамгааллын бодлогоо баталж, хэрэгжүүлж байгаа төр, хувийн хэвшлийн байгууллагын жагсаалтыг олон нийтэд ил тод мэдээлэх ажлыг цахимжуулахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Сангийн сайд (З.Мэндсайхан) нар хамтран зохион байгуулж, хэрэгжилтийг 2026 оны 09 дүгээр сарын 05-ны дотор танилцуулах.
1.4. Эцэг эх, хүүхдэд зан чанарын боловсрол олгох, өсвөр үед цахим ур чадвар олгох хөтөлбөр хэрэгжүүлэх, нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нарт.
1.5. Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах хөтөлбөрийг боловсролын сургалтын байгууллагад хэрэгжүүлж, зөрчлийн илрүүлэлтийг 100 хувьд хүргэх ажлыг зохион байгуулж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд танилцуулахыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нарт;
2. Гэр бүлийн хөгжлийг дэмжих хүрээнд "Тэгшрэх үйлчилгээ хөтөлбөр"-ийг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс санхүүжүүлжээр хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган зохион байгуулж, хэрэгжилтийн тайланг 2027 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд танилцуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир-д даалгасугай.
3. Хурдан морины уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэн дараах арга хэмжээг авч, үр дүнг 2026 оны 07 дүгээр сарын 25, 2026 оны 11 дүгээр сарын 05-ны хугацаанд тайлагнахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.1. Хурдан морины уралдааны зам талбайг засаж, аюулгүй байдлыг ханган баяр наадмыг зохион байгуулах;
3.2. MNS 4099:2025, Мал аж ахуй. Монгол адуу. Ерөнхий шаардлага стандартыг хангасан монгол морийг уралдаанд оролцуулах;
3.3. Даага, шүдлэн, хязаалан насны морийг 8-12 хүртэлх насны хүүхэд, азарга, соёолон, их насны морийг 13-аас дээш насны хүүхэд, эрлийз бага, дунд, дээд насны морийг 15-аас дээш насны хүүхэд унаж уралдах зохион байгуулалтыг хийж, холбогдох дүрмийг шинэчлэн батлахыг Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Бүх шатны Засаг дарга нарт;
4. Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хүртээмжйг сайжруулах, зарим байгууллагын Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төв гэх мэт менежмент, бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, "Хүүхдийн ордон-2"-ыг байгуулж, Нийслэлийн захирагчийн ажлын албаны байранд хүүхдийн хүсэл, сонирхолд чиглэсэн сургалтын үйл ажиллагаа явуулах талаар судлан холбогдох ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Сангийн сайд З.Мэндсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарт даалгасугай.
5. Засгийн газрын 2024 оны 143 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Хүүхдийн эрхийн улсын байцаагчийг батлагдсан орон тоогоор ажиллуулж, цалин хөлсийг 2026 оны төсвийн тодотголд тусгахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нарт үүрэг болгосугай.
6. "Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээний хэрэгжилт"-д үнэлгээ хийж, хүүхдийн бие бялдар, эрүүл мэнд, хөгжлийг цогцоор нь тандаж, хянаж, хөгжлийн хоцрогдлын эрсдэлтэй хүүхдийг бага насанд 9, 18, 36 сар эрүүл мэндийн цогц үзлэгийг сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаанд тулгуурлан тогтмол зохион байгуулах, хэрэгжилтийг хянахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт;
8. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсрол эзэмшүүлэхэд шаардагдах нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг тухайн хүүхдийн суралчаж байгаа сургалтын байгууллага, төвд шилжүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт хийж, боловсролын тохирох үйлчилгээнд хамруулах ажлыг 2026-2027 оны хичээлийн жилээс зохион байгуулахыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд З.Мэндсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нарт;
9. Боловсрол эзэмших насны ялгааг арилгах, нэг гараанаас жигд суралцах боломжийг бүрдүүлсэн, нас сэтгэхүйн онцлогт нийцсэн боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх, нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажлыг бүрэн дуусгаж, үр дүнг танилцуулахыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, бүх шатны засаг дарга нарт;
10. Хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг зуслангуудаар дамжуулан хэрэгжүүлэх хүрээнд орон нутаг болон нийслэлийн өмч хувьчлах тухай тогтоол, шийдвэрийн дагуу хувьчлагдсан хүүхдийн зуслантай холбоотой асуудлаар явуулж буй хяналт шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулж дуусган, үр дүнг холбогдох байгууллагуудад танилцуулахыг Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа-д;
11. Монгол хүүхдэд эх хэл, соёлоо өвлөн уламжлах, үндэсний үнэт зүйл, ёс заншлаа хадгалсан, эх оронч үзэлтэй иргэн болон төлөвшихөд чиглэсэн олон талт санаачилгатай үйл ажиллагааг гэр бүл, эцэг эх, бүх шатны боловсролын байгууллагын оролцоонд тулгуурлан тогтмол зохион байгуулж, хүүхэд, залуучуудын оролцоо, санал санаачилгыг бодитоор дэмжин ажиллахыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, бүх шатны Засаг дарга нарт;
12. Өмнө батлагдсан тогтоолын хэрэгжилтэд үнэлгээ хийж, хэрэгжилт хангалтгүй арга хэмжээг эрчимжүүлэх арга хэмжээ авах, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Зөвлөлийн цахим хурлыг 14 хоног тутам хийх арга хэмжээ авахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар Б.Баярсайхан-д тус тус үүрэг болгосугай.



Comments