Л.Энх-Амгалан: 2026-2027 оны хичээлийн жилд сургуулын орчныг бүрэн камержуулж дуусна
- 3 hours ago
- 3 min read

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж, Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын хэрэгжилт, боловсролын сургалтын байгууллагын орчинд үе тэнгийн дээрэлхэлтийг зогсоох нь” сэдэвт илтгэл тавьлаа.
Тэрээр илтгэлдээ:
“Боловсрол, сургуулийн ойлголт зөвхөн анги танхимаар хязгаарлагдахаа больж байна. Боловсролын яамнаас гэр бүл, нийгмийн орчныг боловсролын нэг хэсэг гэж үзэж, сургалтын хөтөлбөр, агуулгын шинэчлэлүүд хийж байна. Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий сайдын дэвшүүлсэн "Монгол хүүхэд бүрийн мэдлэг чадварын хоцрогдлоос чөлөөлөх" бодлогын хүрээнд "Гэртэй ойрхон сургууль, Хамгийн сайн сургууль" тогтолцоог нэвтрүүлж байгаа. Энэ нь урам зоригтой, хамтын удирдлагатай, цахимжсан сургууль байхаас гадна халуун хоолтой, үе тэнгийн дээрэлхэлтгүй орчин юм” хэмээн онцоллоо.
Засгийн газар сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр сугалааны цэцэрлэг болон гурван ээлжийн сургуулийн тогтолцоог бүрэн халсан байна. Улаанбаатар хотод байдаг 3,000-аас дээш хүүхэдтэй 38 сургуулийг энэ жил хотын бага сургууль болон төрэлжсөн ахлах сургууль болгон зохион байгуулах аж. Мөн орон нутгийн 200-аас доош хүүхэдтэй 200 орчим сургуульд бүтцийн өөрчлөлт хийж, суманд есөн жил, сум дундаа олон улсын Кембрижийн хөтөлбөртэй ахлах сургууль болон бүсийн сургуулиудыг байгуулахаар ажиллаж байгааг дурдлаа.
Тухайлбал, 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 886 сургуулийн 748,378 суралцагчийг эрсдэлийн үнэлгээнд хамруулсан байна. Сургуулийн хүүхэд хамгааллын баг нийт 7,933 гишүүнтэйгээр урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд суманд ажиллаж буй гэр бүл, хүүхэд хамгааллын нийгмийн ажилтан болон бусад төрийн нэгжүүдийн хамтын ажиллагаа чухал байгааг сайд тэмдэглэв.
2022 оноос эхлэн нэгдсэн дугаар үүсгэж, ажлын үр дүнг үндэсний хэмжээнд нэгтгэснээр өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн суралцагчдын тоо 2023 оны мөн үетэй харьцуулахад хоёр хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Сайд хэлэхдээ, хэдийгээр ийм сайн үзүүлэлт байгаа ч хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт улсын хэмжээнд жигд бус, хяналтын тогтолцоо болон салбар дундын уялдаа холбоо сул байгаа сорилтыг хүлээн зөвшөөрч, системийн тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатайг хэлэв.
Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт нэмэгдэж нийгмийг цочроох түвшинд хүрээд байгаа тул айдасгүй, хамгаалагдсан хүүхдийг төлөвшүүлэх зорилтыг бодлогын түвшинд авч үзэж байна. Хүүхэд хамгаалал бол зөвхөн хууль биш, үндэсний дархлаа тул салбар бүрийн анхаарлын төвд авчрах шаардлага үүсжээ.
Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулиудад 978 нийгмийн ажилтан, 594 эмч, 580 сэтгэл зүйч, 333 хоол зүйч багаараа ажиллаж байна. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах хугацаандаа хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хариуцаж ажилласны үр дүнд улсын хэмжээнд нийт 833 нийгмийн ажилтантай болж, Монгол Улсын 33 суманд хүүхэд хамгаалал, гэр бүлийн асуудал хариуцсан тогтолцоо бүрдсэн нь том дэвшил болжээ.
Гэсэн хэдий ч сургууль завсардсан хүүхдийн асуудлыг шийдвэрлэх, боловсролын чанарыг сайжруулах, мэдлэг ур чадварын хоцрогдлоос хүүхэд залуучуудыг чөлөөлөх чиглэлд онцгойлон анхаарах шаардлага үүссэн байна. Цаашдын зорилго бол сургуулийн орчинд суурилсан хүүхэд хөгжил хамгааллын тогтолцоог хүүхдийн нийгмийн бүхий л орчинтой уялдсан цогц үндэсний загвар болгон бэхжүүлэх явдал юм. Үүний тулд хүүхэд хамгааллын бодлогыг урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх, шалтгаан нөхцөлийг арилгах гэсэн үндсэн гурван түвшинд авч үзэх хэрэгцээ байна.
Боловсролын салбарын зүгээс хүүхэд хамгааллын тогтолцооны үндсэн реформ нь нэг удаагийн гал унтраах хэлбэрээс урьдчилан сэргийлэх тогтолцоо руу шилжих стратеги байна гэж үзэж, дараах чиглэлээр бодлогын шинэчлэлүүд хийхээр төлөвлөжээ:
Хүүхэд хамгааллын үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнг их өгөгдөлд суурилан бүртгэж, байгууллага хооронд шуурхай мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлнэ.
Засгийн газраас "Нийгмийн халамжийн дөхүү байдлыг хангах тухай" хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ.
Олон улсад туршигдсан, үр дүнтэй нь батлагдсан үе тэнгийн дээрэлхлийн эсрэг KiVa (Финланд), Olweus (Норвеги) зэрэг сургуулийн орны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Дотоодын ТББ-уудын сайн туршлага бүхий хөтөлбөрүүдийг нэвтрүүлнэ.
Сургалтын байгууллага, гэр бүл болон нийгмийн бусад орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах, нөхцөл байдлыг арилгах үйлчилгээний төрөл, стандарт, үйлчлэх байгууллага, албан тушаалтны чиг үүргийг тодорхойлсон үйлчилгээний багцыг боловсруулж, нэвтрүүлнэ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн сургуулиудын орчныг бүрэн камержуулах ажлыг 2026-2027 оны хичээлийн жилд зохион байгуулна.
Үүний үр дүнд жендэр, нийгэм, эдийн засгийн байдал, газар зүйн байршил, суралцагчдын ялгаатай хэрэгцээнээс үл хамааран боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй авах боломж нэмэгдэж байгаа хэмээв.



Comments