top of page

Танилц: ПИСА 2025 үнэлгээний үр дүнгийн хураангуй /бүтнээр/

Sep 9
9 min read

PISA гэж юу вэ?

Суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм.

PISA-2025 үнэлгээний үндсэн ай нь байгалийн ухаан, дэд ай нь математик, уншаад ойлгох чадварын үнэлгээ байасн. Мөн цахим орчин дахь суралцахуйн үнэлгээгээр суралцагчдын технологи ашиглан асуудал шийдвэрлэх чадвар болон бие даан суралцах чадварыг үнэллээ. Эдгээр үнэлгээний үр дүнг 2026 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр, суралцагчдын бие даан суралцах чадварын үнэлгээний үр дүнг 2027 онд тус тус танилцуулна.

Суралцагч

  • PISA-2025 үнэлгээнд 760 мянга гаруй суралцагч 91 улсаас хамрагдсан нь нийт 33 сая 15 настай суралцагчдын төлөөлөл болж байгаа юм.

  • 2025 оны үнэлгээнд Монгол улсаас суурь боловсрол эзэмшсэн 15 настай 59,900 суралцагчийг төлөөлөн 191 сургуулийн 7,146 суралцагч хамрагдлаа.

  • PISA үнэлгээнд хамрагдаж буй суралцагчид нь үнэлгээ өгөх үедээ 15 нас 3 сартайгаас 16 нас 2 сартай байсан ба хамгийн багадаа 6 жил албан ёсны боловсрол эзэмшсэн байдаг. Энэхүү тэмдэглэлд тэднийг “15 настай суралцагчид” гэж нэрлэсэн болно.

Үнэлгээ

  • Суралцагчид хоёр цагийн турш үнэлгээнд хамрагдсан бөгөөд суралцагч бүр хоёр айн сорилоор үнэлүүлсэн. Суралцагчдад өөр өөр сорилын асуултууд болон өөр айн хослолуудыг (жишээ нь: байгалийн ухаан ба уншаад ойлгох чадвар, эсвэл математик ба байгалийн ухаан гэх мэт) хуваарилсан. Үнэлгээний даалгаврууд сонгох болон суралцагч хариултаа боловсруулж, богино хариулт өгөхөөр тавигдсан.

  • Суралцагчид асуулга бөглөсөн бөгөөд ойролцоогоор 35 минут зарцуулсан байна. Уг асуулгаар суралцагчдын тухай мэдээлэл, тэдний хандлага, зан төлөв, итгэл үнэмшил, гэр бүлийн болон сургуулийн орчин, суралцахуйн арга барилын талаар мэдээлэл авахаар боловсруулсан. Сургуулийн захирлууд сургуулийн менежмент, зохион байгуулалт болон суралцах орчин, нөөцийн талаарх асуулгыг бөглөсөн болно.

Байгалийн ухаан

Байгалийн ухааны үнэлгээнд хамрагдсан 15 настай суралцагчдын 57 хувь нь гүйцэтгэлийн суурь буюу 2-оос дээш түвшинд үнэлэгдсэн байна. Энэ нь ЭЗХАХБ-аас 17 хувиар, Хятад, Сингапур, Эстони, Япон, Тайван болон Өмнөд Солонгос улсуудаас дунджаар 28 хувиар доогуур үр дүн байна.

Суурь буюу 2 дугаар түвшнээс дээш гүйцэтгэлтэй байна гэдэг нь суралцагчид наад зах нь өөрт нь ойр, таньж мэддэг шинжлэх ухааны зарим үзэгдлийн тайлбарын зөв, буруу эсэхийг мэддэг, ижил төстэй үзэгдэл, түүний дүгнэлтийг өгөгдсөн өгөгдөл мэдээллийг ашиглан таньж мэддэг, ингэхдээ өмнө эзэмшсэн мэдлэг, чадвараа ашиглаж чадахыг илтгэнэ.

Математик

Математикийн үнэлгээнд хамрагдсан 15 настай суралцагчдын 48 хувь нь гүйцэтгэлийн суурь буюу 2-оос дээш түвшинд үнэлэгдсэн байна. Энэ нь ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын дунджаас 27 хувиар доогуур үр дүн юм.

Сууриас дээш түвшиний гүйцэтгэл гэдэг нь суралцагчид хэн нэгний зааварчилгаа, дэмжлэггүйгээр энгийн асуудлын математик илэрхийлэл (жишээ нь 2 өөр байршлын хоорондын зайг хэрхэн харьцуулах, мөнгөн дэвсгэртийн хэмжээг гадаад валютад шилжүүлэн тооцох гэх мэтйн талаар таньж мэдэж, тайлбарлаж чадахыг илэрхийлнэ.

Уншаад ойлгох

Уншаад ойлгох чадварын үнэлгээнд хамрагдсан Монгол Улсын 15 настай суралцагчдын 33 хувь нь гүйцэтгэлийн суурь буюу 2-оос дээш түвшинд үнэлэгдсэн байна. Энэ нь ЭЗХАХБ-ын дунджаас 66 хувиар доогуур үр дүн юм.

Сууриас дээш түвшиний гүйцэтгэлтэй байна гэдэг нь суралцагчид наад зах нь дунд зэргийн урттай бичвэрийн гол санааг ойлгодог, шаардлагатай тохиолдолд бичвэрээс нарийн төвөгтэй мэдээллээ олж чаддаг, хэн нэгний зааварчилгаа, дэмжлэггүйгээр бичвэрийн зорилго, хэлбэрийн талаар эргэцүүлж чаддаг гэсэн үг.

Байгалийн ухаан, математик болон уншаад ойлгох чадварын 2022 болон 2025 оны гүйцэтгэлийн харьцуулалт

Жич: Цагаан өнгийн цэгээр тэмдэглэсэн харьцуулалт нь статистикийн хувьд ач холбогдолгүй. Энэ нь математик болон уншаад ойлгох чадварын 2022 болон 2025 оны гүйцэтгэлүүд статистикийн хувьд ялгаагүй гэсэн үг.

  • Манай улсын 15 настай суралцагчдын математик болон уншаад ойлгох чадварын 2022 болон 2025 оны үнэлгээний гүйцэтгэл ялгаагүй, харин байгалийн ухааны үнэлгээний 2025 оны гүйцэтгэл 2022 оноос өссөн байна.

  • 2022-2025 оны хооронд хамгийн өндөр гүйцэтгэлтэй суралцагчдын 10 хувь болон доод гүйцэтгэлтэй 10 хувийн хоорондын ялгаа математикийн үнэлгээнд гараагүй, уншаад ойлгох чадварын үнэлгээгээр буурсан, байгалийн ухааны үнэлгээгээр нэмэгдсэн байна.

  • 2022 оны үнэлгээтэй харьцуулахад суурь буюу 2 дугаар түвшинд үнэлэгдсэн суралцагчдын хувь математик болон уншаад ойлгох чадварын үнэлгээнд өөрчлөлт гараагүй, байгалийн ухааны үнэлгээнд 7 хувиар буурсан байна.

Олон улсын дундажтай харьцуулахад...

  • Монгол Улсын 15 настай суралцагчдын математик, уншаад ойлгох чадвар болон байгалийн ухааны үнэлгээний гүйцэтгэл ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын дунджаас доогуур гүйцэтгэлтэй байна.

  • ЭЗХАХБ-ын гишүүд орнуудын дундажтай харьцуулахад Монгол Улсын цөөн тооны суралцагчид дор хаяж нэг үнэлгээнд гүйцэтгэлийн 5 болон 6 дугаар түвшинд үнэлэгдлээ. Үүнтэй адилаар цөөн тооны суралцагчид 3 үнэлгээнд сууриас доош түвшиний гүйцэтгэлтэй байна

  • Технологи ашиглан асуудал шийдвэрлэх чадварын үнэлгээний хувьд, Монгол Улсын 15 настай суралцагчдын дундаж оноо ЭЗХАХБ-ын гишүүн орны суралцагчдын онооноос доогуур байна

Монгол Улсын суралцагчдын гүйцэтгэлийн зөрүү (НЭЗҮ)

Байгалийн ухааны үнэлгээний гүйцэтгэл ба суралцагчдын, сургуулийн нийгэм эдийн засгийн үзүүлэлт


Жич: Зүүн гар талын графикт нийгэм, эдийн засгийн ялгаатай түвшиний суралцагчдын гүйцэтгэлийг ЭЗХАХБ-ын орны нийгэм, эдийн засгийн ижил түвшиний суралцагчдын дундаж гүйцэтгэлтэй харьцуулсан харьцуулалтыг харуулав. Харлуулж будсан хэсэг нь итгэх мужийг харуулж байгаа бөгөөд график дахь хувь нь нийгэм эдийн засгийн олон улсын квартил дахь Монгол Улсын суралцагчдын эзлэх жинг харуулна. Харин баруун гар талын график нь PISA 2025 үнэлгээнд хамрагдсан нийт суралцагчдын гүйцэтгэл болон нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг үзүүлэв. Бөөрөнхий дүрс нь сургууль бүрийн суралцагчдын хүн амыг илэрхийлнэ.

Нийгэм, эдийн засгийн ялгаанаас үүдэлтэй гүйцэтгэлийн зөрүү

  • PISA үнэлгээний нийгэм, эдийн засаг, соёлын индексийг үнэлгээнд хамрагдсан бүх суралцагчдын аль улсынхаас үл хамааран нийгэм эдийн засгийн ижил хэмжүүрээр тооцдог. Энэ нь уг индексийг ашиглан өөр өөр улсын нийгэм эдийн засгийн ижил төстэй нөхцөл байдалтай суралцагчдын гүйцэтгэлийг харьцуулах боломжийг олгодог. Монгол улсын хувьд, суралцагчдын 31 хувь нь (хамгийн их хувь) олон улсын нийгэм эдийн засгийн индексийн 3 дахь квартиль (доороосоо 2 дахь)-д харьяалагдаж байна. Энэ нь уг суралцагчид PISA-2025 үнэлгээний нийгэм эдийн засгийн индексийн хамгийн сайнд болон хамгийн сул бүлгийн алинд ч хамаарахгүйг илтгэнэ. Монгол Улсын энэхүү 31 хувьд багтсан суралцагчдын байгалийн ухааны гүйцэтгэлийн дундаж оноо 436 байна. Сингапур, Тайвань болон Макаогийн хувьд нийгэм эдийн засгийн ижил түвшиний индекс бүхий суралцагчдын гүйцэтгэлийн оноо Монгол Улсын суралцагчдаас өндөр байна.

  • PISA үнэлгээний нийгэм эдийн засгийн индексийг тухайн улс дотор нь хамгийн багаас хамгийн их рүү эрэмбэлэх замаар суралцагчдыг 4 бүлэгт авч үзэх боломжтой (өөрөөр хэлбэл энэ индексийн тархалтын 25 хувь бүрд нэг бүлэг). Манай улсын нийгэм эдийн засгийн индекс хамгийн өндөр (дээд 25 хувь) бүлгийн суралцагчид хамгийн сул (доод 25 хувь) бүлгээс 71 оноогоор илүү гүйцэтгэлтэй байсан. Энэ зөрүү нь ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын энэ хоёр бүлгийн дундаж ялгаанаас (85 оноо) бага байна.

  • 2022-2025 оны хооронд Монгол улсын нийгэм эдийн засгийн индексийн дээд, доод 25 хувьд хамаарах суралцагчдын байгалийн ухааны гүйцэтгэлийн зөрүү тогтвортой байсан бол ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын дундаж зөрүү буурсан. Энэ хугацаанд нийгэм, эдийн засгийн индексийн доод үзүүлэлттэй бүлгийн суралцагчдын гүйцэтгэл сайжирч, дээд бүлгийн суралцагчдын гүйцэтгэл тогтвортой хадгалагджээ.

  • Нийгэм, эдийн засгийн индекс бол PISA үнэлгээнд оролцогч орнуудын суралцагчдын байгалийн ухааны гүйцэтгэлийг таамаглах боломжийг олгодог үзүүлэлт юм. Энэ нь Монгол улсын суралцагчдын байгалийн ухааны гүйцэтгэлийн хэлбэлзлийн 12 хувийг, ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын хувьд мөн дунджаар 12 хувийг эзэлж байна.

  • Монгол улсын нийгэм эдийн засгийн индексийн тархалтын доод бүлгийн суралцагчдын 13 хувь нь байгалийн ухааны гүйцэтгэлийн хамгийн дээд түвшинд үнэлэгдсэн. Эдгээр суралцагчид академик чадварын хувьд бэрхшээлийг даван гарах чадвартай буюу нийгэм эдийн засгийн тааруу нөхцөлд амьдардаг боловч сурлагын амжилтаараа PISA үнэлгээний хамгийн дээд гүйцэтгэлийг үзүүлж чадсан. ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын дунджаар бэрхшээлийг даван гарах чадвартай суралцагчдын хувь 12 байдаг.

Суралцагчдын сургууль болон суралцахуйд хандах хандлага:

Сониуч зан, тууштай байдал, сургуулийн үнэ цэний талаарх хандлага

Үнэлгээнд хамрагдсан 15 настай суралцагчдын 81 хувь нь олон зүйлд сониуч байдаг гэсэн нь ЭЗХАХБ-ын дунджаас (73 хувь) өндөр байна. Түүнчлэн суралцагчдын 57 хувь (ЭЗХАХБ-ын дундаж нь 60 хувь) нь ямар нэг зүйл бэрхшээлтэй байсан ч илүү чармайлт, зүтгэл гаргадаг гэжээ. Харин суралцагчдын 85 хувь (ЭЗХАХБ-ын дундаж нь 76 хувь) нь сургууль нь цаг үрсэн зүйл гэдгийг зөвшөөрөөгүй байна.

2022-2025 онд Монгол улсад суралцагчдын сониуч занд өөрчлөлт ажиглагдаж байна. 2025 оны үнэлгээнд (...олон зүйлд сониуч байдаг...) гэж хариулсан суралцагчдын эзлэх хувь 5.5 хувиар, бэрхшээлтэй тулгарах үед илүү чармайлт, зүтгэл гаргадаг гэж хариулсан суралцагчдын эзлэх хувь 8.9 хувиар, мөн сургууль цаг үрсэн зүйл биш гэдэгтэй санал нийлсэн суралцагчдын эзлэх хувь 13.6 хувиар тус тус өсжээ.

Сониуч зан, тууштай байдал болон сургуулийн үнэ цэний талаарх хандлага нь байгалийн ухааны гүйцэтгэлтэй шууд хамааралтай байна. Монгол улсын суралцагчид болон сургуулиудын нийгэм, эдийн засгийн индексийг харгалзан үзсэний дараа сониуч байдлын индекс нэг нэгжээр нэмэгдэхэд байгалийн ухааны гүйцэтгэл 11 оноогоор (ЭЗХАХБ-ын орнуудын дундаж 19 оноо), тууштай байдлын индекс нэг нэгжээр нэмэгдэхэд байгалийн ухааны гүйцэтгэл 8 оноогоор (ЭЗХАХБ-ын дундаж 13 оноо), сургуулийн үнэ цэний талаарх хандлага болон сургууль цаг үрсэн зүйл биш гэдэгтэй санал нийлдэг суралцагчдын байгалийн ухааны гүйцэтгэл бусад үе тэнгийнхнээсээ 33 оноогоор илүү байсан. Харин ЭЗХАХБ-ын хувьд дунджаар 27 оноо илүү байв.

Суралцахуйд хандах хандлага

  • PISA 2025 үнэлгээгээр суралцагчдаас суралцахуйд хандах хандлага болон бусад хандлагын талаар авч үздэг. Асуулгаар Монгол улсын суралцагчдын 72 хувь нь өсөн дэвших сэтгэлгээтэй (growth mindset) буюу хичээл зүтгэл, чармайлт, үзэл бодол тэдний оюуны чадамжийг хөгжүүлдэг гэж үздэг байна. Харин ЭЗХАХБ-ын орнуудын суралцагчдын дунджаар 69 хувь ингэж үздэг. ЭЗХАХБ-ын орнуудын дунджаар өсөн дэвших сэтгэлгээтэй суралцагчдын байгалийн ухааны гүйцэтгэл бусад суралцагчдаас 28 оноогоор илүү байна. Монгол улсын хувьд суралцагчид болон сургуулийн нийгэм, эдийн засгийн индексийг тооцсоны дараах гүйцэтгэлийн зөрүү 33 оноо байв.

  • PISA 2025 үнэлгээгээр суралцагчдын өөрийн удирдлагатай, зорилготой суралцах зан төлөвийг сайжруулах боломж байна. Тухайлбал, Монгол улсын суралцагчдын дөнгөж 48 хувь нь сурах үйл ажиллагаагаа тогтмол эсвэл үргэлж төлөвлөдөг гэжээ. Түүнчлэн, суралцагчдын 45 хувь нь хичээлээ бүрэн ойлгосон эсэхээ шалгахын тулд өөрсдөөсөө асуулт асуудаг ажжээ. ЭЗХААБ-ын гишүүн орнуудын суралцагчдын хувьд энэ нь дунджаар тус тус 37 хувь ба 49 хувь байна.

  • Бие даан суралцах чадвартай суралцагч хэзээ, хаанаас тусламж хүсэхээ мэддэг. PISA-2025 үнэлгээгээр ихэнх орны суралцагч гэрийн даалгавраа хийхдээ багш болон ангийн суралцагчдынхаа дэмжлэг туслалцаанд найдах хандлагатай байна. Монгол улсын суралцагчдын 85 хувь нь шаардлагатай үедээ багшаасаа тусламж хүсдэг бол 87 хувь нь ямар нэг зүйлийг бүрэн ойлгоогүй үедээ ангийнханаасаа асуудаг байна. Энэ байдал ЭЗХАХБ-ын суралцагчдын хувьд дунджаар 77 хувь ба 82 хувь байна.

  • Монгол улсын хувьд нийгэм, эдийн засгийн ижил түвшиний суралцагчид хэн нэгнээс туслалцаа, дэмжлэг хүсдэг байдал нь тэдний байгалийн ухааны гүйцэтгэлтэй эерэг хамааралтай гарчээ. Дэмжлэг, туслалцаа хүсдэг байдал нэг нэгжээр нэмэгдэхэд байгалийн ухааны гүйцэтгэл 10 оноогоор нэмэгддэг байна. ЭЗХАХБ-ын хувьд дунджаар 6 оноо нэмэгддэг.

Сургуулийн орчин ба нөөц

Хүний болон материаллаг нөөцийн хомсдол

  • 2025 оны үнэлгээнд хамрагдсан захирлуудын асуулгаар Монгол улсын суралцагчдын 36 хувь нь багшлах боловсон хүчний, 21 хувь нь туслах ажилтны дутагдлаас үүдэлтэй сургалтын үйл ажиллагаа доголддог сургуульд суралцдаг байна. Энэ нь ЭЗХАХБ-ын холбогдох үзүүлэлтээс дунджаас 3 болон 18 хувиар бага үр дүн байна. Монгол улсад багшлах хүчний дутагдалтай гэсэн хариултын хувь 2022 онтой ижил түвшинд байна.

  • PISA-2025 үнэлгээнээс харахад ихэнх улсуудын хувьд материаллаг нөөцийн дутагдал нийтлэг байсаар байна. Монгол улсын суралцагчдын 36 хувь нь сургалтын хэрэглэгдэхүүн (жишээ нь сурах бичиг, мэдээллийн технологийн төхөөрөмж, номын сан эсвэл лабораторийн материал)-ийн, 19 хувь нь дэд бүтэц (жишээ нь барилга байгууламж, гадна талбай, халаалт/хөргөлтийн систем, гэрэлтүүлэг болон дуу чимээ тусгаарлагч)-ийн дутагдлаас үүдэлтэй сургалтын үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр саад учирдаг сургуульд суралцаж байна хэмээн захирлууд үзсэн байна. 2022 оны үнэлгээгээр ийм сургуульд суралцдаг суралцагчдын эзлэх жин тус бүр 70 хувь болон 60 хувь байсан юм.

Цахим нөөц

  • PISA-2025 үнэлгээний суралцагчийн асуулгаар хичээл дээр өдөрт дунджаар 2 цагийг цахим төхөөрөмжид зарцуулдаг гэсэн байна (ЭЗХАХБ-ын дундаж 1.7 цаг). Үүний эзрэгцээ, хичээлтэй өдрүүдэд сургалтын бус үйл ажиллагаанд багагүй цагийг цахим төхөөрөмж ашиглаж өнгөрүүлдэг байна. Тухайлбал, Монгол улсын суралцагчид сургууль дээрээ чөлөөт цагаараа цахим төхөөрөмж ашиглахад өдөрт 1.1 цаг зарцуулдаг гэж мэдээлжээ (ЭЗХАХБ-ын дундаж 1.1 цаг).

  • Монгол улсын суралцагчдын 34 хувь нь байгалийн ухааны хичээлийн ихэнх эсвэл бүх цагт ангийнхан нь цахим төхөөрөмж ашигласнаас болж анхаарал сарнидаг гэсэн байна (ЭЗХАХБ-ын дундаж 28%). ЭЗХАХБ-ын орнуудын дунджаар байгалийн ухааны хичээл дээрээ цахим төхөөрөмжөөс үүдэлтэй анхаарал сарнидаг гэсэн суралцагчдын байгалийн ухааны гүйцэтгэл бусад үе тэнгийнхнээс 11 оноогоор доогуур байв (нийгэм эдийн засгийн индексийг тооцсоны дараа). Харин Монгол улсын суралцагчдын хувьд цахим төхөөрөмж ашигласнаас болж анхаарал сарнидаг гэсэн хариулт болон байгалийн ухааны гүйцэтгэлийн хооронд ач холбогдолтой хамаарал ажиглагдсангүй.

  • Сургуулийн орчинд гар утас ашиглахыг хориглосон Монгол улсын сургуулиудын суралцагчдын хувьд “цахим төхөөрөмжөөс болж анхаарал сарнидаг” гэж мэдээлсэн суралцагчдын хувь бусад сургуулийн суралцагчидтай харьцуулахад 22 хувиар бага байна (ЭЗХАХБ-ын дундаж 13 хувь). 2025 онд Монгол улсын суралцагчдын 49 хувь нь ийм дүрэмтэй сургуулиудад суралцдаг гэсэн нь 2022 оныхтой ойролцоо байна.

  • Ихэнх орны суралцагчид хичээл сургалтдаа хиймэл оюун ухааны (AI) чатботыг ашиглаж байгаа гэсэн нь тэдний суралцахуйд шинэ сорилт бас боломжууд бий болсныг харуулж байна. Монгол улсын суралцагчдын 57 хувь нь долоо хоногт багадаа нэг удаа AI чатбот ашигладаг гэсэн бол ЭЗХАХБ-ын орнуудын суралцагчдынх дунджаар 46 хувь байна. Мөн Монгол улсын суралцагчдын 35 хувь, ЭЗХАХБ-ын суралцагчдын дунджаар 30 хувь нь хичээлд шинэ сэдэв орохоос өмнө судалгаа хийх зорилгоор, Монгол суралцагчдын 41 хувь, ЭЗХАХБ-ын суралцагчдын дунджаар 31 хувь нь унших ёстой бичвэрээ товчилж хураангуйлах зорилгоор, Монгол улсын суралцагчдын 45 хувь, ЭЗХАХБ-ын суралцагчдын дунджаар 29 хувь нь бичгийн даалгаврын эх бэлтгэх зорилгоор хиймэл оюуныг тогтмол ашигладаг гэжээ. PISA үнэлгээнд хамрагдсан суралцагчдын дөнгөж 8 хувь нь хичээл сургуулийн зорилгоор хиймэл оюуны чатботыг огт ашигладаггүй байна.

Байгаль орчны өөрчлөлт ба суралцагчдын бэлэн байдал

  • Монгол улсын суралцагчдын 56 хувь нь байгаль орчны (environmental science) чадварын гүйцэтгэлийн суурь (түвшин 2) болон түүнээс дээш түвшинд үнэлэгджээ. Харин ЭЗХАХБ-ын орнуудын суралцагчдын дунджаар 74 хувь нь энэ түвшинд үнэлэгдсэн бөгөөд долоон орны суралцагчдын 85-аас дээш хувь нь сууриас дээш түвшний гүйцэтгэлтэй байна.

  • PISA-2025 үнэлгээнээс харахад ихэнх орны суралцагчид байгаль орчныг хамгаалах чиглэлээр эерэг хандлагатай боловч хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар итгэл муутай байна. Манай улсын суралцагчдын 86 хувь нь байгаль орчны өөрчлөлтөд эергээр нөлөөлж чадна гэж, 89 хувь нь хамтын ажиллагаа, олон нийтийн оролцоо нь байгаль орчны асуудлыг шийдвэрлэж чадна гэж, 76 хувь нь байгаль орчинд эергээр нөлөөлөхийн тулд бусадтай хэрхэн хамтран ажиллахаа мэддэг гэсэн байна. Эдгээр үзүүлэлтээр манай улс ЭЗХАХБ-ын дунджаас өндөр байна.

  • Түүнчлэн манай улсын суралцагчдын 75 хувь нь ирээдүйд эрхлэх ажил, мэргэжлээрээ дамжуулан байгаль орчныг хамгаалахад хувь нэмэр оруулж сонирхож байна (ЭЗХАХБ-ын дундаж 62 хувь).

  • PISA үнэлгээнд хамрагдсан суралцагчдын дийлэнх нь үнэлгээнд хамрагдахаас өмнөх 12 сарын хугацаанд байгаль орчинтой холбоотой үйл ажиллагаанд багадаа нэг удаа оролцсон байна. ЭЗХАХБ-ын орнуудын дунджаар хамгийн түгээмэл ажиглагдсан оролцооны хэлбэрүүд нь байгаль орчинд хэрхэн эергээр нөлөөлөх талаар найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцах (Монгол улсын дундаж 77 хувь, ЭЗХАХБ-ын дундаж 56 хувь) болон байгальд ээлтэй худалдан авалтын шийдвэр гаргасан байна (Монгол улсын дундаж 75 хувь, ЭЗХАХБ-ын дундаж 54 хувь).

 


Comments


bottom of page