top of page

М.Амаржаргал:Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн барилгыг Улсын комисс 2023 онд хүлээн авсан

6 days ago
2 min read

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад барьсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв"-ийн барилгын ажил дуусаж, 2019 оны 1 дүгээр сарын 24-нд барилыг хүлээн авах ёслол болсон байдаг. Үүнээс хойш 7 жил өнгөрөхөд ГБХНХ-ын сайд олон удаа солигдож, өнөөдрийн байдлаар 7 дахь сайд Т.Аубакир ажиллаж буй юм. Энэ хугацаанд тус төвийн барилгыг Улсын комисс хүлээн аваагүй гэх мэдээллийг ГБХНХЯ-ны ТНБД УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурлаар 2026 оны улсын төсвийг тодотгох хэлэлцүүлгийн үеэр ярьжээ. Үүнтэй холбоотойгоор асуудлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор, дэд профессор М.Амаржаргалаас тодрууллаа.

Сайн байна уу? 2019 оноос ашиглалтад орсон барилгыг Улсын комисс хүлээн аваагүй гэх мэдээлэл үнэн үү? Шалтгаан нь юу вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн барилгыг 2023 оны 3 дугаар сарын 18-нд Улсын комисс хүлээн авсан байдаг. Яамны ТНБД-ын ярьсан асуудал нь барилгын газартай холбоотой гэрчилгээний асуудал байх гэж бодож байна. Барилгыг БНХАУ-ын Засгийн газрын санхүүжилтээр барьсан. Газар нь бол өмчлөгч нь өөр учраас түүнийг нь манайх шилжүүлэн аваад, дулаан, шугам сүлжээ гээд сервес үйлчилгээтэй холбоотой асуудлаа шийдээд явах нөхцөл бүрдэх ёстой. Тэр гэрчилгээтэй холбоотой асуудал бол байгаа.

2019 онд ашиглалтад орсон барилгыг яагаад 2023 он хүртэл Улсын комисс хүлээж аваагүй юм бол оо?

Миний хувьд ажлаа хүлээж аваад 10 сар болж байгаа. Өмнөх асуудлыг мэдэхгүй байна.

Төвийн аж ахуйн асуудал хүнд байгаа талаар ярьж байсан. Шугам сүлжээтэй холбоотой ямар асуудал тулгарч байгаа вэ?

БНХАУ-ын талаас манай төвийн барилгыг барьж өгсөн. Харин шугам сүлжээтэй холбоотой ажлыг Монгол талаас туслан гүйцэтгэгч компани хийхээр 2016 онд гэрээ байгуулсан байдаг. Ингээд 2023 онд Улсын комисс хүлээж авахад шугам сүлжээний асуудал байгаагүй юм байна лээ. Гэтэл тухайн ондоо ДЦС-3 дээр осол гарч, шугам сүлжээ хөлдсөн асуудал үүссэн. Ингээд тэрнээс хойш манай цэвэр, бохир усны шугам эвдэрсэн. Туслан гүйцэтгэгч компани нь засвар үйлчилгээгээ дор бүр нь үзүүлээгүйгээс өнөөг хүртэл цэвэр усаа гаднаас гүний ус зөөвөрлөдөг. Харин бохироо соруулдаг. Энэ ажлыг бол тухайн туслан гүйцэтгэгч компани хариуцаад хийдэг.

Цэвэр, бохир усны хоолой гэмтсэн асуудал танай өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

Мэдээж нөлөөлж байгаа. Энгийн жишээ гэхэд л бохироо ойр ойрхон соруулахгүй бол үнэ гарна. Үнэ дэгдэнэ гэдэг чинь нян бактери агаарт дэгдэнэ л гэсэн үг. Физик эмчилгээний нэг хэсэг нь усан эмчилгээ байдаг. Тэгэхээр шугам сүлжээгээр ирдэг ариутгасан усны оронд зөөврийн гүний ус ашиглана гэхээр мөн л эрсдэл байгаа биз.

Тухайн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авсан уу?

Миний хувьд ажлаа хүлээж авсан цагаасаа л нь цэвэр, бохир усны шугамын засварыг хийлгэхээр туслан гүйцэтгэгч компанид байнга л шаардлага тавьж байгаа. ГБХНХЯ-ны ТНБД манай дээр ирж ажилласан. Тэгээд яамнаас тухайн компанид хугацаатай үүрэг даалгавар өгсөн. 2016 онд байгуулсан гэрээнийхээ дагуу тус компани үүрэг даалгавар авсан байгаа.

Танайх өнөөдрийн байдлаар хичнээн хүүхдэд үйлчилгээ үзүүлээд байгаа вэ?

Манайх аж ахуйн асуудал хэдийгээр ийм байгаа ч гэсэн үзүүлэх ёстой үйлчилгээгээ үзүүлээд л явж байгаа. 2026 оны 8 дугаар сарын байдлаар ний 13, 516 хүүхэд үйлчлүүлсэн байна. Дунджаар 5 настай хүүхэд ирдэг. Ирж байгаа хүүхдүүдийн 70 хувь нь аутизм, үлдсэн хувьд нь хөгжлийн хоцрогдолтой холбоотой асуудлаар үзүүлдэг. Цаашид манайд хандаж байгаа насыг 3, 4 нас болгож, хүүхдийг илүү бага наснаас нь оношлох, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд чиглэж ажиллах шаардлагатай байгаа.

Comments


bottom of page