top of page

30 сая долларын тусламжаар барьсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв өнөөг хүртэл зөөврийн устай, бохироо соруулдаг гэв

Sep 10
1 min read

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад барьсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв"-ийн барилгын ажил дуусаж, 2019 оны 1 дүгээр сарын 24-нд төвийн барилгыг гардуулах ёслол болж байв. Өдгөө үйл ажиллагаагаа явуулаад 7 жил болж байгаа уг төвийн барилгыг одоог хүртэл Улсын комисс хүлээн аваагүй байна.

Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ТНБД А.Даваажаргал "Сонсголонд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв ажиллаж байгаа. 8 төрлийн сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг. Гурван хэвтэн эмчлүүлэх тасаг болон амбулаторийн үйлчилгээ үзүүлдэг. Байгууллагын даргын сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулахаар зарласан. Одоо бол түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа. Энэ байгууллагыг Улсын комисс ч аваагүй. БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар баригдсан хэр нь өнөөдрийг хүртэл зөөврийн устай, бохироо соруулдаг ийм байдалтай байгаа. Аж ахуй талаасаа шийдвэрлэх шаардлагатай зүйлс байгаа. Газар дээр нь ажиллаад байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өгсөн" гэлээ.

Тус төвийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж буюу 30 сая ам.долларын санхүүжилтээр барьсан бөгөөд иж бүрэн тоног төхөөрөмж болон боловсон хүчний асуудлыг нь цогцоор нь шийдэж өгч байжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах төрөлжсөн мэргэжлийн гурав дахь шатлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл аж ахуйн олон асуудал нь шийдэгдэхгүй, олон жилийн нүүр үзжээ.


Comments


bottom of page