СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт нярайн түнхний эрт илрүүлэг, давтан үзлэг хийх кабинет нээгдлээ
- child.mn
- May 20
- 1 min read

СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт нярай хүүхдийн түнхний үеийн дутуу хөгжил, мултралыг эрт үеийн оношилгоог зорилготой кабинет нээгдлээ. Монгол, Швейцарын хамтарсан төслийн хүрээнд нээсэн кабинетаар 0-1 хүртэлх насны нярай хүүхдийг давтан үзлэгт хамруулж, түнхний үеийн эрт илрүүлэг, оношилгоо хийх юм. Харин эмчилгээг хийхгүй бөгөөд зөвхөн илрүүлэх, оношлох үйлчилгээ үзүүлэх юм.
Энэ талаар СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн хүүхдийн их эмч Д.Ганхүү "Энэ төрлийн үзлэгийг хүүхдийг төрөх үед төрөх эмнэлгүүдэд бүгд хийдэг. Гэхдээ зайлшгүй шаардлагатай тохиолдолд давтан үзлэгт хамрагдах хэрэгтэй болдог. Энэ үзлэгийг зөвхөн ЭХЭМҮТ-д л хийж байгаа юм. Харин энэ кабинетыг ажиллуулах төслийн хүрээнд манай хүүхдийн тасгийн долоо, яаралтай тусламжийн тасгийн хоёр гээд нийт есөн эмч маань нярайн түнхний үеийн эрт илрүүлэх чиглэлд мэргэшсэн. Тиймээс ЭХЭМҮТ-д ирдэг ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах байх гэж харж байна" гэлээ.
Хэрвээ та нярай хүүхдээ түнхний эрт үеийн ЭХО үзлэгт хамруулах бол СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн цахим хуудсаар харьяалал харгалзахгүйгээр цаг авч үйлчлүүлэх боломжтой. Тус кабинет өглөөний 08:30-аас оройн 16:00 цаг хүртэл ажиллана.
Comments