top of page

Р.Мөнхтуяа:Үндэсний элчийн хувьд улс орноо бүхэлд нь хамарсан, хүүхдийн төлөө төсөл хэрэгжүүлье гэж зорьсон 

  • Jun 4
  • 5 min read

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа НҮБ-ын Хүүхдийн Сангийн Үндэсний элчээр үргэлжлүүлэн ажиллахаар болж, өнөөдөр гарын үсэг зурлаа. Тэрээр 2024 оноос хойш алслагдсан орон нутгийн хүүхдүүдэд гэртэйгээ ойр чанартай боловсрол эзэмшин, халуун ам бүлээрээ амьдрах боломжийг бүрдүүлсэн “Багийн бага сургууль” санаачилгыг манлайлан, амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Үндэсний элчээр үргэлжлүүлэн ажиллах болсонтой холбоотойгоор хэсэг хором ярилцлаа. 

Сайн байна уу? Үндэсний элчээр үргэлжлүүлэн ажиллах болсонд тань баяр хүргэе! Багийн бага сургууль санаачилгыг анх яагаад эхлүүлэх болсон бэ? Хэр хугацаанд судалж байж энэ санаачилгыг хэрэгжүүлэхээр шийдсэн бэ? 

Баярлалаа. НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамт олон болон Хаан Банкны хамт олондоо баярлалаа. Энэ ажлыг санал болгосноос хойш маш их дурлаж хийж байгаа. Хүмүүнлэгийн ажилд ийм дурлаж хийнэ гэж мэдээгүй. /инээмсэглэв/  

Миний хувьд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Үндэсний элч болж байгаа учраас улс эх орноо бүхэлд нь хамарсан төсөл хэрэгжүүлье гэж бодсон. Багийн бага сургууль төслийг олохоосоо өмнө дөрвөн сарын турш улсын хэмжээнд хүүхдэд хэрэгтэй төсөл юу байж болох вэ гээд судалсан, хайсан. Ердийн Монгол хүүхэд рүү чиглэсэн ажил хийе гэж бодсон л доо. Яг судлаад үзэхээр, тухайн үед надад ирсэн саналууд бүгд л хөгжлийн бэрхшээлтэй эсвэл ар гэрийн гачигдалтай хүүхэд рүү чиглэсэн байсан юм. Монгол дахь хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагаа ч мөн ихэнхдээ энэ бүлэг рүү чиглэсэн юм шиг санагдсан. Тиймээс зорилтот бүлэг гэж ялгалгүйгээр нийт хүүхдийг хамруулсан төсөл сонгохыг эрмэлзсэн. Манай улсын хувьд боловсролын тэгш бус хүртээмж нь улсын сургуулийн хүүхэд, хувийн сургуулийн хүүхэдтэй өрсөлдөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэдэг. Зарим хувийн сургууль бол олон улсын түвшинд дүйх, зарим нь дунджаас дээш чанартай, үзүүлэлттэй хүртэл болсон байгаа. Гэтэл нөгөө талд алслагдсан орон нутгийн хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмших боломж хомс. Тиймээс л бүх хүүхдийг ижил түвшинд очих, өрсөлдөх тэр замыг нээх, боломж олгох нь чухал юм байна гэж үзээд “Багийн бага сургууль” санаачилгыг ажил хэрэг болгосон.  

Хоёрдугаарт, энэ ажлыг сонгох шалтгаан нь Хаан банкны 530 салбарын 440 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байна. Орон нутгийн харилцагч нар ихэнх нь л манай харилцагч нар байгаа. Ялангуяа малчид их. Малчдын амьдралыг хараад байхад нэг том нийгмийн асуудал байна гэж боддог юм. Мал дээр байгаа айл хүүхдээ зургаан нас хүрэхээр нь сургуульд оруулдаг. Ингээд ямар ээж хүн зургаахан настай хүүхдийг 9 сар дотуур байранд ганцааранг нь амьдруулна гээд явуулах вэ дээ.  Яаж тийм зүрх байх вэ тэ? Тийм болохоор хүссэн, хүсээгүй хүүхдээ дагаад сумын төв, аймгийн төв рүү нүүдэг. Малчин аав гэртээ ганцаараа үлддэг. Ингээд л олон ч айл өрх тусдаа амьдардаг. Миний хувьд яг энэ чиглэлийн судалгаа мэдэхгүй, хийж үзээгүй л дээ. Монголд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.4 жил болчихсон байгаа. Магадгүй эрчүүд маань богино наслаад байгаа нь үүнтэй ч холбоотой байж магадгүй шүү дээ. Тиймээс ямар ч байсан энэ хэсэгт анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй юм байна гээд энэ төслийг сонгосон түүхтэй. 

Цаашид төслийн хүрээнд багийн бага сургууль хэдийг барих вэ? Ямар тооцоо хийсэн бэ? 

Өнгөрсөн жил Багийн бага сургууль тавыг барьсан. Харин энэ жилийн хувьд гурван сонголттой. Хаан банк 100 хувь санхүүжүүлээд зургааг барина. Санхүүжилтээ 50, 50 хувиар нь хувааж гаргах өөр компани олбол 12 сургууль барина. Энэ талаар Боловсролын сайдтай ярилцахад 18 сургууль барихаар нэмж төлөвлөөд, гуравны нэгээр нь зардлаа хуваагаад баръя гэж хэлсэн. Төсөвт нь суусан эсэхийг мэдэхгүй байна. 

Хамгийн анхны багийн бага сургуулийг ашиглалтад оруулсныхаа дараа Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтраад Монгол Улсад нийт багийн хүүхдүүдэд хэдэн сургууль хэрэгтэй юм бэ гээд стандартаа тогтоосон юм. Хүүхэд гэрээсээ 10-15 км-ийн радиус дотор өдөртөө сургуульдаа ирээд оччихдог, тараад гэртээ ээж, аавтайгаа байх боломжтой хэдэн сургууль хэрэгтэй юм бэ гэдэг тоо гаргахад 65 орчим сургууль гэсэн тооцоо гарсан. 

Өнгөрсөн жил туршилтаар тавыг бол барьчихсан. Ингэхдээ татварын нэг хувийг бас ашигласан. Бусад ААНБ-уудыг ч гэсэн энэ чиглэлд уриалаад, 2024, 2025 оны намар байгууллагуудын төсөв батлагдахаас өмнө энэ чиглэлийн ажилд оролцооч гээд мэдээлэл өгсөн. Одоо 30 орчим хамтран ажиллах байгууллагатай болсон байна. Цаашдаа ч энэ ажлаа баяртайгаар хийнэ гэж бодож байгаа. 

Багийн бага сургуулиудын урсгал зардлыг хэрхэн тооцоолж байгуулж байгаа вэ? 

Багийн бага сургууль бол анх удаа санаачилж байгаа ажил биш. Монгол Улсын хэмжээнд дөрөв дэх удаагийн давлагаа болж байгаа ажил. Өмнөх ажлууд яагаад яваагүй вэ, алга болсон бэ, баригдсан сургуулиуд яагаад хаагдсан бэ гэдгийг мэдээж судалсан. Төслийг амжилттай болгохын тулд сайн судалгаа хийгээд, өмнөх алдаануудыг засаж байж амжилттай хэрэгжинэ шүү дээ. Судлаад үзэхээр мэдээж хүүхэд цөөхөн байсан нь ойлгомжтой. Үүнээс гадна хамгийн том асуудал нь багийн бага сургуулийн үйл ажиллагааны зардал нь хэт өндөр болсон явдал. Хэтэрхий том байшин бариад байхаар, байрны цахилгаан, дулааны зардал нь сургуульд сургаж байгаа хүүхэдтэй харьцуулахад өндөр буюу Улаанбаатарт сургаж байгаа хүүхдийнхээс 10 дахин өндөр гарч байсан юм билээ. Монгол Улсын хувьд үүнийг шийдэхэд хэцүү.  

Тиймээс энэ багийн бага сургуулиудыг ирээдүйд гарах үйл ажиллагааны зардал буюу хувьсах зардлыг Монгол Улсын стандартад нийцтэй байхуйц хэмжээнд эко сургууль барьсан. Цахилгааныг нь нарны хавтангаар шийдсэн. Нарын хавтангаар цахилгаан дулаанаа шийдсэн учраас ирээдүйд гарах зардал багатай. Байшингууд нь ч гэсэн пассив хаус буюу том том цонхтой, нарны дулаан хүлээж авдаг. Байшингийнхаа бүх дулаалгыг маш сайн хийсэн. Хана, шал, тааз, цонхноос дулаан алдахаас сэргийлсэн. Эдгээр асуудлуудыг бүгдийг нь шийдэж өгсөн болохоор энэ сургуулиудын ирээдүйд гарах үйл ажиллагааны зардал нь ердийн нэг хүүхдэд оногдох хувьсах зардал дотор багтана гэж тооцоолоод энэ ажлыг эхлүүлсэн. Анхны хөрөнгө оруулалт өндөр байж магадгүй. Гэхдээ ирээдүйд энэ сургуулиуд тасралгүй ажиллана гэж бодож, тооцоолж хийж байгаа.

Үүнээс гадна, энэ сургуулийн хүүхдүүдийн сургалтын программыг хүртэл бодолцсон. Жишээ нь идэр есийн хүйтэнд өглөө үүр, цүүрээр хичээлдээ ирэх шаардлагагүй.  Хичээлийг нь өглөө найман цагаас биш 10-16 цагийн хооронд 7 хоногт 4 удаа хичээллэж болохоор сургалтын программыг Боловсролын яамны сургалтын зөвлөлөөр батлуулсан. Багш нарыг мөн энэ хүүхдүүдэд зориулж яаж хичээл заах вэ гэдгээр нь бэлдсэн. Төслөө унагаачихгүй гээд бүх талаас нь тооцоолж хийсэн дээ. Ер нь аль ч том төсөл хөтөлбөрүүдийг санхүүгийнх нь хувьд хүчтэй, тогтвортой, удаан тасралтгүй байхын тулд боломжит хэмжээнд зардал бага зарцуулаад, хүртээмжийг нь нэмэгдүүлэхээр бодвол үр дүнтэй гэж боддог.

Та НҮБ-ын Хүүхдийн Сангийн Үндэсний элчийн хувьд Багийн бага сургууль санаачилгаас гадна өөр ямар ажлууд төлөвлөсөн бэ? 

Гурван ажил хийе гэж төлөвлөөд эхнээс нь хийгээд явж байгаа. Эхнийх нь мэдээж Багийн бага сургууль төсөл. Хоёр дахь нь хүүхдийг урлаг, спортоор дэмжих чиглэлд 3х3 хэмжээтэй сагсан бөмбөгийн талбай байгуулах ажил юм. Үүнийгээ үргэлжлүүлэн хийнэ. Манай банкны 35 жилийн ой тохиож байгаа. Нийт 33 талбай байгуулсан байгаагаас нэмээд хоёр талбайг энэ жил байгуулаад, тоог нь 35 болгохоор төлөвлөсөн. Ингээд талбайдаа хүүхдүүдийн дунд бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулна. 

Гуравт, Сүү төсөл. Энэ төсөлд гол нь сүүний хангамж тасалдахгүй байх учиртай. Тиймээс банкныхаа үндсэн бизнесийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа тогтвортой хөдөө, аж ахуйн чиглэлийн сүүний кластертайгаа уяж хийж байгаа. Ер нь аливаа нийгмийн хариуцлагын ажлыг тусдаа ажил болгож хийхээс илүү өөрийнхөө үндсэн бизнес дотроо оруулж хийвэл хүртээмжтэй, ойлгомжтой болдог. Банкны бусад үндсэн ажлууд ч хоорондоо уялддаг. 

Тэр ч утгаараа манайх “Тогтвортой байдлын стратеги 2030” гэсэн стратегийг батлаад тогтвортой хөгжлийн бодлогоо шинэчлэн найруулсан. Дотор нь хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр агуулгыг бодлогодоо шингээж баталсан. Ийм бодлоготой бараг анхны хувийн ААН байж магадгүй. Энийгээ ч бас бусад ААНБ-д уриалаад, хэрхэн өөрийнхөө үндсэн бизнесийг хийхдээ хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд бүтээгдэхүүнээ бий болгох, санал болгохоос авхуулаад илүү хариуцлагатай байж болох юм бэ гэдгийг үзүүлэхээр зорьж байгаа. 

НҮБ-ын Хүүхдийн Сан ч гэсэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн идэвхтэй, олон хүнд танигдсан, хүүхэд хамгаалал гэхээр хамгийн түрүүнд санаанд нь бууж ирдэг ийм байгууллага байгаасай гэж хүсэж байгаа. Үүний төлөө хамтдаа хичээцгээе! 

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн төлөө ажиллахад танд хамгийн бахархалтай санагдсан, сэтгэл хөдөлсөн мөч хэзээ байсан бэ? 

Хүүхэдтэй холбогдож ажиллахад дандаа гоё мэдрэмж авдаг юм байна лээ. Хүүхдүүд их гэгээлэг. Юу ч бодохгүй инээгээд л, хөгжилдөөд л. Би чинь санхүүгийн салбарын хатуу санхүүч. Банкны салбарын төмөр хатагтай гэдэг нэртэй хүн шүү дээ бүр. /инээв/ Тэгсэн хүүхдийн салбартай холбогдоод ажиллаад ирсэн чинь аймар гоё зөөлхөн, дулаахан мэдрэмжтэй, дандаа баяр хөөрөөр дүүрэн байдаг болсон. 

Ажлаараа бахархсан мөч бий бий. Хамгийн анхны багийн бага сургуулийг нээдэг өдөр гадаа - 30 хэмийн хүйтэн. Бид бараг цаг гаруй гадаа зогсоод. Маш их даарсан. Гэхдээ хүүхдүүдийн харц гэрэлтээд, ээж, аавуудын царай баяр хөөрөөр дүүрэн байгааг анзаарсан. Тэр мөч миний хүүхдийн төлөө ажиллах тэр урам зоригийг илүү өрдөж, асаасан. Хүнд хэрэгтэй, хүүхдэд хэрэгтэй чухал ажил хийж байгаагаараа маш их бахархсан. 

Ярилцсанд баярлалаа. 


Comments


bottom of page