top of page

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын малчин өрхүүд шүдээ эмчлүүлэхийн тулд 100 км явах шаардлагагүй болжээ

  • Apr 16
  • 2 min read

Нийслэлээс 360 гаруй километрийн зайд орших Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төв нь 5,000 гаруй иргэнд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ч шүд, амны хөндийн тусламж үйлчилгээ өмнө нь байгаагүй байна.

Монгол Улсын хэмжээнд энэ төрлийн тусламж үйлчилгээ ихэвчлэн хоёрдугаар шатлалын эмнэлгүүдэд төвлөрсөн байдаг. Энэ нь алслагдсан сум, орон нутагт мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд хомс, шаардлагатай тоног төхөөрөмж дутмаг байдагтай холбоотой. Иймээс малчин айл өрхүүд шүдний эмчид үзүүлэхийн тулд аймгийн төв рүү 20-оос 100 гаруй километрийн зайг туулахаас аргагүй болдог аж.

Шүдний цоорол ба түүнийг дагалдах далд эрсдэлүүд

Шүдний цоорол өвчлөл нь далд эрсдэлүүдийг дагуулж, хүүхдийн насан туршийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.  "Хүүхдэд тохиолдох А бүлгийн стрептококкын шалтгаант хоолой, залгиурын халдварын тархалт, нөлөөлөх хүчин зүйлсийн"1 судалгаагаар амны хөндийн эрүүл ахуй, ялангуяа бага насны хүүхдийн сүүн шүдний олон тооны цоорол нь стрептококкын халдварын эрсдэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна.

Стрептококк нь хэрэхийн шалтгаант зүрхний өвчнийг үүсгэгч нян юм. Тиймээс тус судалгаа нь амны хөндийн эрүүл мэнд ба зүрхний эрүүл мэнд хоорондын нягт холбоог харуулж байна. 

Тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулсан нь

Эдгээр асуудлуудыг шийдэж, шүд, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг алслагдсан орон нутгийн хүүхэд, гэр бүлд илүү ойртуулах зорилгоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвд шүдний сандал суурилуулж, кабинет байгуулжээ. Энэхүү ажлыг Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн Сан  хамтран, “Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх, бууруулах” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд 2025 онд нийт 30 сумын Эрүүл мэндийн төвийг шүдний тоног төхөөрөмжөөр хангаж, 40,000–50,000 орчим хүн амд шүд, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулжээ.

Бодит өөрчлөлтийг дэргэдээс

Алтанбулаг суманд шүдний эмч Б.Ариунцэцэг ажиллаж, сумын айл өрх, хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Тэрээр зөвхөн шүдний эмчилгээ хийхээс гадна сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд жилд хоёр удаа амны хөндийн үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд эмчилдэг. 

Тэрээр “Хөдөө орон нутгийн хүүхдүүдийн дунд шүд цоорол түгээмэл тохиолддог. Харин одоо шаардлагатай багаж, тоног төхөөрөмжтэй болсноор хүүхдүүдэд чанартай тусламж, үйлчилгээ үзүүлж байгаадаа баяртай байна” гэв.

Мөн тэрээр хүүхэд, эцэг эхчүүдэд шүдээ зөв угаах, амны хөндийн эрүүл ахуйг сахихын ач холбогдлыг ойлгуулж, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөв дадал төлөвшүүлэхэд анхаарч ажилладаг байна.


Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан


Comments


bottom of page