Б.Чулуундолгор: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сонсох, хөгжүүлэх орон зай дутагдалтайг анзаарч хөтөлбөрөө эхлүүлсэн
- 2 days ago
- 2 min read

5 дугаар сарын 14-ний өдөр "Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье" хөтөлбөрийн гурав дахь форум болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх орон зай болсон уг форум 2024 оноос эхэлсэн бөгөөд өдгөө жил бүр амжилттай зохион байгуулагдаж байна.
"Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье" хөтөлбөрийг санаачлагч Монголын Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ТББ-ын тэргүүн Б.Чулуундолгортой ярилцлаа.
"Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье" хөтөлбөрийг анх яагаад хэрэгжүүлэх болсон бэ?
Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо нь хүний эрх, жендэр, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, охидын чиглэлд анхаарч ажилласаар ирсэн. Гэхдээ энэ хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй, өсвөр насны хүүхдүүд рүү чиглэсэн хөгжлийн, оролцоонд суурилсан хөтөлбөр дутагдалтай байгааг анзаарсан юм. Тиймээс хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, үзэл бодлыг нь сонсох хэрэгцээг шаардлагыг хангах үүднээс "Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье" хөтөлбөрийг анх эхлүүлж байлаа.
Хөтөлбөрт хичнээн хүүхэд хамрагдаж байна вэ?
Хараа, сонсгол, тулгуур эрхтний бэрхшээлтэй болон оюуны ялгаатай хүүхдүүд энэ хөтөлбөрт хамрагддаг. Нийтдээ 70 орчим хүүхэд өнөөдрийн байдлаар идэвхтэй хамрагдаад, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаануудад оролцоод явж байна.
Манай хүүхдүүдийн хувьд өөрсдөө гол зохион байгуулалт, үйл ажиллагаагаа хариуцаад явдаг клубүүд байгуулсан. Клубээрээ дамжуулаад хамтдаа хүний эрхий мэдлэгтэй болж, эрхээ мэдсэн хүүхдүүд түүнийг нь хэрэгжүүлэх тал дээр анхаарч, ойлголттой болж, хөгжиж чадавхаждаг онцлогтой хөтөлбөр байгаа юм.
Энэ жилийн хувьд хөтөлбөрийн агуулга ямар онцлогтойгоор хэрэгжиж байгаа вэ?
Анх эхлэхдээ бол илүү хүний эрхийн мэдлэг олгох, бие даасан байх, шийдвэрээ өөрөө гаргах гэсэн агуулгаар хүүхдүүдээ чадавхжуулж байсан. Харин энэ жилийн хувьд бид хүүхдүүддээ бэлгийн цогц боловсрол олгоход түлхүү анхаарсан.
Мөн энэ жил хөтөлбөртөө сайн дурын хүүхдүүдийг оролцуулсан. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүүхдүүд хамтдаа нэг баг болж ажиллах, найзлах, нөхөрлөх боломж бий болгосон. Энэ байдлаар бид хөтөлбөрөө жил бүр өргөжүүлээд явж байгаа юм.
Хөтөлбөрт ахлах ангийн хүүхдүүд хамрагддаг гэсэн. Тэгэхээр эхний жилд хамрагдсан зарим хүүхдүүд төгссөн байх. Тэр хүүхдүүдийн хувьд ямар ахиц дэвшил гарсан бэ?
Эхний хөтөлбөрт хамрагдаж байсан хүүхдүүд маань төгсөөд оюутан болсон. Зарим нь хүний эрхийн байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын эрхийн асуудлаар нөлөөллийн ажил хийгээд, судлаачаар ажиллаж байгаа. Тэр хүүхдүүдээ хараад их бахархдаг.
Аливаа хөтөлбөр хэрэгжүүлэхэд санхүүжүүлэгч хамгийн чухал шүү дээ. Энэ хөтөлбөрийн хувьд аль байгууллага дэмжин санхүүжүүлдэг вэ?
Манай хөтөлбөрийг Дүфрэснэ Готьерын Сангаас санхүүжүүлдэг. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос жил бүр хөтөлбөрийн хүрээнд хийж буй форумыг дэмжин ажилладаг. Түүнчлэн Child.mn-ний хамт олон ч ялгаагүй эхний жилээс л мэдээ, мэдээлэл бэлтгэн хамтран ажилласаар ирсэн.
Энэ жилийн форум ямар онцлогтой болох вэ?
Энэ жил хүүхдүүд маань мэдээж гурван жилийн турш хэрэгжүүлсэн хөтөлбөрийнхөө үр дүнг танилцуулна. Үүнээс гадна хүүхдүүдийн минь өөрсдийнх нь дуу хоолойг илэрхийлсэн өгүүлэмж болон тэдний зурсан зургуудаас бүтсэн "Миний дуу хоолой, бидний эрх" нэртэй номыг олон нийтэд танилцуулахаар бэлтгээд байгаа юм.
Гурван жилийн хугацаанд хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд өөрсдийнхөө үзэл бодол, хүсэл мөрөөдөл, тулгамдаж буй асуудлаа ярьсныг тэмдэглэл болгож, номдоо багтаасан. Энэ номынхоо нээлтийг форумтай өдрөө буюу 5 дугаар сарын 14-ндөө нээлтийг нь хийхээр төлөвлөөд байна.



Comments