top of page

Б.Ганбат:ЭШ-ын дүнг хэмжээст оноо биш анхны оноогоор зарлах хэрэгтэй

  • Jul 3
  • 1 min read

Жил бүрийн элсэлтийн шалгалтын дараа хүүхдүүдийн сурлагын чансаа ямар түвшинд байгаа нь анхаарлын төвд ордог. Тэгвэл энэ жилийн хувьд 6 дугаар сарын 25-наас 28-нд улс орон даяар элсэлтийн шалгалт болж, нийт 49,014 хүүхэд бүртгүүлснээс 47,100 гаруй хүүхэд хамрагджээ. Улмаар 2026 оны элсэлтийн шалгалтын дүнгээр шалгалт өгсөн 47 мянган хүүхдээс 194 хүүхэд 800 оноо авсан. Өөрөөр хэлбэл нийт шалгалт өгсөн хүүхдийн нэг хувь хүрэхгүй хүүхэд 800 оноо авчээ. Шалгалтын дүн оноог бодохдоо Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан тусгай аргачлал ашигладаг буюу анхны, хэмжээст, процентал гэх гурван оноогоор дүгнэдэг байна.

  • Анхны оноо гэдэг нь тухайн хичээлийн сэдэв, даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ.

  • Хэмжээст оноо нь шалгуулагч улсын дунджаас дээгүүр болон доогуур байгаа эсэх, дүнгүүдийн хооронд харьцуулалт хийдэг. Хичээл тус бүрийн анхны онооны дундаж хэд байхаас хамаарч хэмжээст оноо өөр өөр.

  • Процентал оноо нь шалгуулагч шалгалт өгсөн хичээлээрээ улсын хэмжээнд нийт шалгуулагчдаас хэдэн хувиас дээр байгааг илэрхийлдэг оноо.

Тэгэхээр нийт шалгалт өгсөн хүүхдийн нэг хүрэхгүй хувь нь 800 оноо авдаг гэх тоо нь хэмжээст оноо буюу тухайн хүүхэд шалгалт өгсөн дундаж хүүхдээс дээш, доош гэх харьцуулалтыг л харуулах ажээ.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Э.Цэрэнцоодол “Хэмжээст онооны үндсэн зорилго нь шалгуулагчдыг шударгаар эрэмбэлэн жагсаахад оршдог” гэв.







Харин МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн захирал, профессор Б.Ганбат “Хэмжээст оноонд хэвийн тархалт гэдэг зүйлийг ашиглаж байгаа учраас хэвийн л харагдана. Хэмжээст оноог хараад бид ямар нэгэн юм сайн, муу байна гэж хэлэх боломжгүй. Хамгийн гол оноо нь анхны оноо юм. Анхны оноо бага байсан ч хэмжээст оноогоор өндөр болгоод тавьчихдаг. Жишээ нь, юу ч мэдэхгүй хүүхэд шалгалтад ороод хариултын хуудасны нэг баганыг бөглөхөд л хэмжээст оноогоор бол коллежид орох боломжтой болчхож байгаа юм” гэв.






Comments


bottom of page