Өдөрт хоёр цаг гадаа тоглодог хүүхдийн хараа муудах эрсдэл бага
- child.mn
- Apr 2
- 5 min read

Хүүхдийн сурч мэдэх, хөгжих чадварын 70 гаруй хувь нь хараагаар дамжиж суудаг. Таны хүүхдийн хараа муу бол анхаарал төвлөрөл нь буурдаг. Үүнээс шалтгаалж хичээл хоцрогдол үүсч болно. Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ харааг жилдээ нэг удаа тогтмол шалгуулж хэвшихийг нүдний эмч зөвлөлөө. Хараа муудахаас үүдэлтэй ямар эрсдлүүд гарч болох вэ, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хүүхдийн хараа зүйгээр дагнасан нүдний эмч Т.Гэрэлтэй ярилцлаа.
Улсын хэмжээнд зургаан настай хүүхдийн хараа зүйн эрт илрүүлэг 21 аймагт өрнөж байна. Яагаад зургаан нас гэж онцолж байгаа вэ?
Хүүхдийн харааны хөгжил зургаан нас хүрэхэд том хүнийх шиг болж хөгжсөн байдаг. Энэ үед эцэг эхчүүд хүүхдийнхээ нүдийг мэргэжлийн эмчид үзүүлсэн байх ёстой. Ер нь бол төрсөн цагаас нь эхлээд зургаан нас хүртэлх хугацаанд багадаа 2-3 удаа нүдний эмчид үзүүлээд харааны ямар нэгэн асуудал байна уу, үгүй юу гэдгийг мэдэх нь чухал. Хэрэв хараа нь муудсан ч юм уу асуудал байвал эмчлүүлэх, эртхэн харааны шил зүүлгэж эхлэх хэрэгтэй. Харин нүдний хөгжил хэвийн байвал цаашдаа жилдээ нэг удаа хяналтаар үзүүлээд явах нь зүйтэй. Сүүлийн үед ирж байгаа хүүхдүүд ихэвчлэн харааны хугарлын гажиг буюу шил зүүхээр болсон байгаа нь элбэг байна. Энд нөлөөлөх олон хүчин зүйл бий л дээ. Удамшлын болоод олдмол харааны эмгэгүүд гэж бий.
Хүүхдээ гурван нас хүрэх үед харааг нь шалгуулаарай.
Таны ярианаас хүүхдийг зургаа хүрэхээс нь өмнө багадаа хоёр удаа нүдний эмчид үзүүлсэн байх ёстой гэж ойлголоо. Үүүнийг ээж аавууд тэр бүр мэддэггүй байх аа. Анх хэдэн настайд нь хүүхдийнхээ нүдийг эмчид үзүүлэх ёстой вэ?
Эмч нарын зүгээс ээж аавуудад дараах зөвлөгөөг өгдөг. Төрсөн цагаас нь хүүхдээ байнга ажиглах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар хүүхэд юм харахдаа асуудалтай байгаа юм шиг санагдвал хэдэн сартай ч байсан хамаагүй хүүхдийн эмчид үзүүлээд шаардлагатай тохиолдолд нүдний эмчийн оношоор эмчилгээ хийлгэнэ. Анзаарагдахаар өөрчлөлт ажиглагдахгүй байвал хүүхдээ гурван нас хүрэхэд нь нүдний эмч рүү очоорой. Учир нь хүүхдийн хараа гурван нас хүртэл маш эрчимтэй хөгжиж байдаг. Бараг харааны хөгжлийн 70- 80 хувь нь энэ үед гүйцсэн байдаг гэж ойлгох хэрэгтэй. Цаашдаа аажмаар хөгжсөөр байгаад зургаан нас хүрэхэд харааны чадвар насанд хүрсэн хүн шиг болсон байдаг юм. Ихэнх ээж аавууд сургуульд орох үед нь хүүхдийнхээ нүдийг үзүүлдэг. Энэ буруу биш ч энэнээс эрт үзүүлэх ёстой л гээд ойлгох нь. Оройтлоо гэхэд зургаан настайд нь хүүхдийн нүдийг үзүүлж эрт оншлуулах нь ирээдүйн олон эрсдлээс сэргийлэх боломжтой.
Танд үзүүлэхээр ирж байгаа хүүхдүүдийн хувьд нийтлэг анзаарагдаж зүйлс нь юу байна вэ?
Би хүүхдийн хараа зүйгээр дагнасан эмч. Өдөрт дунджаар 20 орчим хүүхэд үздэг юм. Ер нь нүдээ үзүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь харааны хугарлын гажигтай буюу шил зүүхээр болсон байдаг. За нэг үзүүлчихье, манай хүүхэд самбар дээрх юм харахгүй байна гэсээр дагуулж ирдэг ээж аавууд ч бий. Аль болох эрт оношлох тусмаа хараа улам муухадаас сэргийлж, хариу арга хэмжээ авч чадна. Холын хараа муу хүүхдүүд шил зүүхгүй яваад байвал өнөөх хараа нь залхуу буюу бидний хэлдгээр шил зүүгээд ч тодрохгүй мохос хараа болчих талтай. Шил зүүсэн ч зүүгээгүй ч ялгаагүй болно гэсэн үг. Ийм эрсдлээс сэргийлэх арга нь эрт илрүүлэх арга юм л даа.
Хараа муу ч шил зүүхгүй байх тохиолдол иргэдийн дунд байдаг. Яах вэ зүүнэ дээ гэж ярих хүмүүстэй таарч байлаа. Шил зүүхгүй байснаар хүүхдэд ямар сөрөг нөлөө гарч болох вэ?
Хүүхэд төрсөн цагаасаа эхлээд хараагаар дамжуулан алхам тутамдаа хөгжиж байдаг. Тэгэхээр харааны хувьд асуудал байвал хүүхдэд анхаарал төвлөрөл, бие даах, юм ойлгох чадварууд нь буурах эрсдэлтэй.
Хүн гаднаас авч байгаа мэдээллийнхээ 70 гаруй хувийг харааны эрхтнээрээ дамжуулж авдаг.
Тэгэхээр өөрт тохирсон шилээ зүүхгүй байвал хүүхдийн биеийн хөгжил, сурлагын амжилт, хүмүүжилд сөргөөр нөлөөлж болно. Ээж аавууд "Багш нь танай хүүхэд босч гүйгээд байна. Хүүхдийнхээ харааг үзүүл гэсэн юм аа" гэсээр нэгдүгээр ангийн хүүхдээ дагуулаад ирдэг. Эндээс юу анзаарагдаж байна вэ гэхээр сууж сурах насан дээрээ хараа муутай хүүхэд төвлөрч суудаггүй байх нь. Мөн биеийн хөгжлийн дасгал хөдөлгөөн хийх хүсэлгүй ч болох тохиолдлууд байж болно. Үүнийг ээж аавууд манай хүү, охин их хөдөлгөөнтэй хичээл дээрээ босч гүйнэ. Эсвэл ер нь дасгал хөдөлгөөн хийдэггүй ээ. Дандаа л надтай хөтөлж явах гээд байдаг гэж андуурдаг. Хүүхэд өөрийнхөө харааг муу байна, холын юм саринаад хурдан хөдлөхөөр баримжаагүй байгаагаа үгээрээ илэрхийлж чадахгүй учраас үйлдлээрээ л үзүүлээд байна гэсэн үг. Эдгээр үйлдлийг томчууд анзаарах нь чухал юм л даа.
Хараа муутай шил зүүдэг хүүхэд байлаа гэж бодъё. Тэр хүүхэд томрох тусам хараа нь мууддаг гэсэн яриа иргэдийн дунд байдаг. Энэ үнэн үү?
Ер нь ойрын харааны хэрэглээ сургуульд орсон цагаас улам нэмэгддэг. Анги дэвших тусам хичээл хийх, ном унших цагийн давтамж өсдөг. Үүнийгээ дагаад хараа муудах нэг шалтгаан болж болно. Хараа муудах нь зөвхөн дэлгэцээс хамааралтай биш гэдгийг эцэг эх, асран хамгаалагчид ойлгох хэрэгтэй. Таны хүүхэд шил зүүдэг ч бай, зүүдэггүй ч бай удаан хугацаанд, хэт ойроос юм үзэх, ном унших, зураг зурах гээд нүдэнд ачаалал өгч байгаа үйлдэл болгонд нүдээ амрааж байх хэрэгтэй.
Шил зүүх шаардлагатай хүүхдүүд бага ангийнханд арай бага байхад дунд болон ахлах ангийн сурагчдад илүү олон илэрдэг. Ийм болохоор зургаан наснаас оройтуулахгүй хараа зүйн оношилгоог хүүхдэдээ хийлгэж хэвшээрэй.
Хараа муудсан хүүхдүүдэд ямар шинж илэрдэг вэ? Томчууд юуг анзаарч байх ёстой вэ?
Гаднаас нь хараад хүүхдийн хараа ямар байгааг мэдэх боломж бараг байхгүй. Холын Аливаа зүйлийг харахдаа хүүхэд ямар хөдөлгөөн хийж байгааг сайн анзаарах нь чухал. Зурагт руу гүйж очоод ойроос үзэх, гилжийж харах болон онийж, хүчилж байна уу гэдгийг анзаарна. Томчууд энэ мэт шинж тэмдгийг анзааралгүй удчихсан байх тохиолдлууд байдаг.
Сүүлийн жилүүдэд дэлгэцийн хамаарлаас хүүхдийн хараа муудаж байна гэсэн ойлголт олны дунд бий. Ямар шалтгаанаар хараа мууддаг вэ?
Ихэнхдээ бол гений хамааралтай төрөлхийн хараа муутай байх нь бий.
Ээж, аавынх нь нэг нь харааны шил зүүдэг бол хүүхэд нь шил зүүх магадлал 50 хувьтай гэж үздэг. Хэрэв хоёулаа шил зүүдэг бол хүүхдийн шил зүүх магадлал 70 хувьтай.
Ингэхээр шил зүүдэг хүмүүс аль болох эртхэн хүүхдийнхээ нүдийг үзүүлэх хэрэгтэй. Ихэвчлэн өндөр цилиндртэй шил зүүж байгаа хүүхдүүд төрөлхийн хараа муутай байдаг. Эсрэгээрээ хасах шил зүүдэг хүүхдүүд амьдралын хэв маягаас хамаараад олдмолоор хараагаа муутгасан байх нь ч бий.
Тэгвэл хүүхдийнхээ харааг хамгаалахын тулд ээж аавууд юунд анхаарах вэ?
Бид хоёр хананы дунд суугаад гэж ярьдаг даа. Гадаа гарч тоглохгүй, гэртээ ихэвчлэн байдаг хүүхдийн хараа муудвал хасах шил зүүх магадлал өндөртэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас юу гэж зөвлөдөг вэ гэхээр,
Бага насны хүүхдийг өдөрт багадаа хоёр цаг гадаа тоглуул гэж зөвлөдөг.
Агаарт авч гараа л гэсэн үг. Гадаа тоглож байгаа хүүхдүүд алсын зүйлийг харж эхэлдэг. Өдөр бүр гадаа тоглодог хүүхэд гэртээ байдаг хүүхдээс хараа муудах эрсдэл хамаагүй бага байдгийг маш олон судалгаанаас харж болно. Мөн 20, 20-ийн дүрмийг баримтлах хэрэгтэй. Нэг юм руу төвлөрч хараад 20 минут болсон бол нүдээ 20 секунд амраана. Амраах явцдаа болж өгвөл зургаан метрээс хол байгаа зүйлсийг харахыг зөвлөдөг. Мөн хичээл хийх, дэлгэц харах, юм оёх үедээ тохой, мөрний зайг баримталж байх нь зөв.
Шил зүүдэг хүүхдүүд ихэвчлэн ямар давтамжтай эмчид үзүүлэх вэ?
Тухайн хүүхдийн харааны байдлаас шалтгаална. Эмчилгээ хийлгэж байгаа бол давтамж нь өөр өөр. Бага насны хүүхэд ихэнхдээ зургаан сар болоод хараагаа шалгуулах ёстой. Эмчийн хэлсэн хугацаанд хүүхдийнхээ нүдийг үзүүлээд, таарсан шилээ хийлгэж зүүх ёстой. Харин нэмэх шил зүүх шаардлагатай хүүхдийн хувьд бага наснаас нь зөв оношлоод эмчийн зөвлөгөөг сайн дагавал бага багаар сайжирч болдог. Бага зэргийн сул нэмэх шил зүүдэг хүүхдүүдийн хувьд нэлээн багассаар ахлах ангид орох үедээ шил зүүхээргүй болох боломжтой.
Бага насны хүүхэд шил зүүх дургүй байдаг. Яаж шилэнд нь хурдан дасгах вэ?
Хүүхэд өөрт тухгүй арамтай шил зүүвэл байнга л авах гээд байдаг. Тэгэхээр танд өнгө, хэлбэр нь ямар харагдахаас илүүтэй хүүхдэд нь хэр тухтай байна вэ гэдгийг анзаарах нь чухал. Өөрт нь тухтай байвал хүүхэд шилэндээ хурдан дасна. Гол нь гэртээ ч, гадаа ч байнга л шилээ зүүх нь чухал. Хүүхдийн нүдний шилийг хагарч нүд рүү орохоос сэргийлж сайжруулсан хуванцраар хийдэг юм. Хэрэв таны хүүхэд багаасаа шил зүүх болбол шилний тоосыг угааж, зурагдахаас сэргийлж зориулалтын арчуураар тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй. Халтардсан юм уу, зурагдсан шилтэй байвал хүүхэд юм харж чадахгүй улам нүдэндээ ачаалал өгөөд байдаг. Хэрэв шилэнд зураас үүсвэл нэн даруй солиулах нь зөв. Ерөнхийдөө ээж аавын хариуцлага, асаргаанаас хүүхдийн хараа шалтгаална л гээд ойлгочиход болно доо.
Хараа муудах шалтгааны талаар ярилцаж, зөвлөгөө өгсөн танд баярлалаа.
Ярилцсанд баярлалаа.
Comments