"Ээжтэйгээ хамт шар сүүгээр чихэр хийж сурлаа"
- child.mn

- Aug 5
- 2 min read
Updated: Aug 6

Зун цаг зугаатай сайхан. Хүүхдүүд гэр бүл, найз нөхөдтэйгөө хэрхэн амарч байгааг сурвалжиллаа.
"Ээжтэйгээ хамт шар сүүний чихэр хийж эхэлсэн"
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд сурдаг 10-р ангийн сурагч Б.Ууганзаяа амралтын нэг өдрөө хэрхэн өнгөрүүлж буйгаа бидэнтэй хуваалцсан юм. Зуны улиралд гэр бүлээрээ "Хот Айл" хэмээх амралтын кемп ажиллуулж, тэндээ зусдаг байна. Кемпэд ирэх амрагчдад үйлчлэх, гэрийнхээ ажилд туслах гээд Б.Ууганзаяа охины нэг өдөр маш завгүй өнгөрдөг байна. Өглөө босоод тугал татах, үнээгээ саахаас ажил нь эхэлдэг гэлээ.

Сүүлийн өдрүүдэд ээжтэйгээ хамт сарлагийн сүүгээр шар сүүний чихэр хийж эхэлжээ. Үүнийгээ брэнд бүтээгдэхүүн болгох боломжтой гэж хөгжүүлэхээр болсон гэнэ.

Ахуйн ажлаас гадна тэрээр энэ зун "Дөчөөд оны жавар" зохиолыг шимтэн уншиж байгаа аж. Түүний нэг өдрийн талаар бичлэгийг энд дарж үзээрэй.
"Аавтайгаа анх удаа хамт унтсан чинь бөх шиг л тас тэврээд байсан"
Налайх дүүрэгт амьдардаг нэгэн гэр бүл Хөвсгөл далайг зорин аялж явахтай тааралдав.

Гурван хүүхэдтэй айлын дунд охин нь гэрийнхнийгээ аяллын турш хөөртэй, хөгжөөнтэй явуулдаг хэмээн ээж нь хэлж байв. Энэ жил дунд охин нь аян замд анх удаа аавынхаа өвөрт унтжээ. "Аав намайг бөх барилдаж байгаа юм шиг л тэврээд унтсан" хэмээн ярьжээ. Ийнхүү тэдний аяллын өдрүүд гэр бүлийнх нь нандин дурсамж болон үлдэж байна.

"Англи хэл үзээд нэг жил болж байгаа ч аавдаа туслах гээд аман орчуулга хийж байна" гэв

А.Амин-Эрдэнэ энэ жил долоодугаар ангид орно. Тэрээр зуны амралтаараа аавынхаа ажилд туслаад гаднаас ирсэн зочинд нь англи хэлний аман орчуулга хийн тусалж байгаа аж. Энэ талаараа "Зуны амралтаараа Хөвсгөлд ирээд, аавынхаа ажилд тусалж байгаа. Би сошиал медиагаас л англи хэлээ сурсан. Германаас ирсэн Верена гэдэг хүнд орчуулга хийсэн. Орчуулга хийхэд мэдэхгүй үг гарч ирсэн. Тэгээд л аль болох ойлгуулахыг хичээгээд энгийнээр орчуулаад байсан. Миний хувьд том болоод гадагшаа явж сурах бодолтой байгаа" хэмээн хуваалцлаа.
"Хичээлээ хийх нь л миний гол ажил даа"

10 настай Б.Бум-Очир охин зуны амралтаараа гэртээ хичээлээ хийж, дүү нараа харж өнгөрүүлж байна. Аав, дүү, эмээтэйгээ хамт "Сарлагийн наадам"-д оролцохоор ирэх үед нь хэсэг ярилцсан юм.
Зуны амралтаар чиний гэртээ хийдэг хамгийн гол ажил нь юу вэ? гэхэд
"Хичээлээ хийх нь л одоо миний хамгийн гол ажил даа" хэмээн хариулав. Охины эмээ өглөөдөө 4, 5 цагт босож, үхрээ саадаг бөгөөд Б.Бум-Очир охин 9 хавьцаа босоод эмээдээ тусалдаг байна.




Comments