top of page

Цахимаар бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан гэх этгээдийг БНСУ-аас баривчлан, авчирлаа

  • 12 hours ago
  • 1 min read

Цахим орчин ашиглан бага насны хүүхдүүдтэй харилцаа тогтоож, садар самуун сурталчилсан, мөн бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан этгээдийг Бүгд Найрамдах Солонгос улсаас албадан гаргуулж, Монгол улсад авчирсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г энэ оны тавдугаар сарын 4-ний өдөр БНСУ-аас албадан гаргуулж, Монгол Улсад шилжүүлэн авчирсан байна. Одоогоор түүнд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам болон БНСУ дахь Интерполын байгууллагатай хамтран зохион байгуулсан байна. Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэн авах ажиллагааг тасралтгүй явуулж байгааг онцолж, эрэн сурвалжлагдаж буй иргэдийг сайн дураараа эх орондоо ирж, хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллахыг анхаарууллаа.

Comments


bottom of page