top of page

Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд тулгардаг, асуудлуудаа тодорхойлж шийдлүүдээ хэлэлцлээ

  • 20 hours ago
  • 4 min read

Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын дунд “Ажлын байрны тулгамдсан асуудлыг толинд тусгахуй ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.

ХГБХХЕГ-ын Сургалт, судалгааны мэдээллийн төвөөс удирдан явуулсан тус хуралд 21 аймаг, 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга нар, ахлах мэргэжилтнүүд болон анхан шатны гэр бүлийн нийгмийн ажилтнууд оролцож салбарын бодит нөхцөл байдал, кэйсүүдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг ил тод хэлэлцэж, үйлчилгээний чанарыг сайжруулах гарц шийдлүүдийг ярилцлаа.

Хурлыг нээж ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан хэлсэн үгэндээ “Нийгмийн ажилтнууд бол харанхуй салбарт харанхуй нийгэмд ганцхан гэрэл асаж буй мэт яг микрофонгүй ярьж байгаа юм шиг  дуу хоолой нь сул ийм ажлыг хийж байгаа хүмүүс. Гэвч энэ гэрлийг тодоор гаргаж ирж чадвал маш олон хүний амьдралд хайр, итгэл, урам зориг, найдвар бэлэглэж, олон хүний амь насыг аварч чадах тийм чухал алба.

Өнөөдрийн уулзалтын гол зорилго нь ажлын байранд нийгмийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэхэд оршиж байна. Та бүхэн өөрсдөө л дуугарахгүй бол нийгмийн ажилтнуудын зовлон, хүндрэлийг хэн ч гаргаж ирж ярихгүй. Бид хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал дээр санал гаргаж, холбогдох салбарын сайд нарын дэмжлэгтэйгээр "Нийгмийн ажилтнуудын холбоо"-г байгуулах шийдэлд хүрсэн.

Энэхүү холбоо байгуулагдсанаар нийгмийн ажилтнууд ажлаараа нэгдэж, орон нутаг, сумдад ганцаардахгүй ажиллах боломж бүрдэнэ. Түүнчлэн олон жил яригдсан "Нийгмийн ажилтны эрх зүйн байдлын тухай хууль" батлагдсаны дараа цалин хөлс нэгдсэн системд орж, ажлын нэр хүнд өснө.

Өнөөдрийг хүртэл нийгмийн ажилтнууд эрх зүйн тодорхой орчингүй, тогтворгүй цалинтай, нийгэмд нэр хүнд нь төдийлөн үнэлэгддэггүй, янз бүрээр хэлүүлдэг ч ядарч зүдэрсэн хүмүүст хамгийн их хэрэгцээтэй ажлыг хийсээр ирсэн.

Тийм учраас та бүхний ажлыг нийгэмд, засгийн газарт, орон нутагт болон төрийн бус байгууллагуудад зөвөөр ойлгуулахын тулд асуудлыг судалгаатай, үндэслэлтэй, гарц шийдэлтэйгээр илтгэж, дуу хоолойгоо хүргэхэд энэхүү хурал маш том түлхэц болно гэж бодож байна. Та бүхнийхээ санал, шийдлийг бодитой болгох тал дээр анхаарч ажиллах болно" хэмээв.

Энэ үеэр  анхан болон удирдах түвшний нийгмийн ажилтнууд ажлын байрны нөхцөл байдал, тулгарч буй сорилтуудын талаар байр сууриа илэрхийлэв.

Завхан аймгийн ХГБХГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Долгормаа "Манай аймагт 'Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөр хэрэгжсэн. Энэ хүрээнд өсвөр үеийнхний хүүхдийн хөгжлийн давуу чанарын судалгааг хийж, тайлангаа бичсэн бөгөөд өнөөдрийн хуралд энэ сэдвээрээ илтгэл тавьж, сайн туршлагаасаа хуваалцахаар хүрэлцэн ирлээ. Өсвөр үеийнхний бусад насныхнаас ялгарах давуу чанарыг тодорхойлж, түүнийг нь дэмжих чиглэлтэй судалгаа учраас манай аймгийн хүүхдийн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгахад чухал нөлөөтэй гэж үзэж байна.

Орон нутагт хүүхэд хамгааллын ажил явуулахад тулгамддаг нэг асуудал нь нэгж дээр нийгмийн ажилтан дутагдалтай байсан явдал юм. Харин одоо 24 сумандаа нийгмийн ажилтантай болсноор хүүхэд хамгааллын ажлыг илүү үр дүнтэй явуулах боломж бүрдлээ. Өнөөдрийн хурлаас гарсан санал санаачилга, зөвлөмжийг орон нутгийн хэмжээний бодлогын баримт бичигт тусгаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллах нь чухал гэж үзэж байна” гэв

Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Л.Сүрмаа "Бид өнөөдрийн хуралд нийгмийн ажилтнуудын ажлын байрны тулгамдсан асуудал болон архины хамааралтай гэр бүл” сэдвээр илтгэл тавьж байна. Баянзүрх дүүргийн хэмжээнд товлогдсон орон тоо нь 87 байх ёстой ч өнөөдрийн байдлаар 57 нийгмийн ажилтан ажиллаж байна. Олон улсын судалгаагаар нэг нийгмийн ажилтанд ногдох хүн ам 1000-2000 байдаг бол манайд хамгийн доод тал нь 10,516 хүн амд ганцхан нийгмийн ажилтан ногдож, хэд дахин ачаалалтай ажиллаж байна. Олон улсын жишгийг дагаж, орон тоог нэмье гэвэл манай дүүргийн хэмжээнд 125 ажилтны орон тоо дутуу байна гэсэн дүн харагдаж байгааг илтгэлдээ хөндсөн.

Мөн сүүлийн үед архины хамааралтай гэр бүлийн дуудлага, мэдээлэл маш их өсөж байна. Үүнээс үүдэлтэй бэлгийн болон бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдлын давтамж нэмэгдэж байгааг судалгаандаа тусгалаа. Энэхүү илтгэлийг зүгээр нэг хэлээд өнгөрөх биш, дээд шатныхаа албан тушаалтнуудад хүргэж, гарц шийдлийг олоосой гэж хүсэж байна" гэлээ.

Дорнод аймгийн Булган сумын хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан Д.Анхтуяа “Өнөөдрийн хэлэлцүүлэгт хүүхэд хамгааллын анхан шатны тусламж үйлчилгээ ба салбар хоорондын уялдаа холбоо” сэдвээр илтгэл тавихаар бэлдсэн. Сэдвийн гол агуулга нь хүүхэд хамгаалалд салбар хоорондын уялдаа холбоо бодит байдал дээр ямар түвшинд байгааг харуулж, дуу хоолойгоо хүргэн, гарц шийдлийн талаар өөрсдийн саналаа дэвшүүлэх. Мөн хамтарсан багийн гишүүдийн үүрэг оролцоог тодорхойлохыг зорьсон.

Бид хүүхэд хамгаалал гэж бүгд ярьдаг хэрнээ салбар хоорондын уялдаа холбоог орхигдуулаад, асуудлыг цогцоор нь шийдэж, хамтарч ажиллаж чадахгүй байгаа мэт санагддаг. Жишээлбэл, эрүүл мэндийн төв дээр хүүхэд хамгааллын кэйс ирэхэд зөвхөн тухайн эмнэлэг дээрээ аргацаах байдалтай өнгөрөөж, хамтарсан багтаа мэдээлдэггүй. Ингэснээр тухайн хүүхэд авах ёстой үйлчилгээгээ авч чадахгүй, цоожтой хаалганы цаана хүүхэд хамгааллын ажил дутуу дулимаг үлдсээр байна. Тиймээс хамтарсан багийг чиг үүргийнхээ хүрээнд хариуцлагатай ажиллуулж, хариуцлага алдсан бол хүлээдэг болгох асуудлаар дуу хоолойгоо хүргэхийг зорьлоо” гэв.

Олон улсын хүүхдийн найрамдал зуслангийн арга зүйч нийгмийн ажилтан Г.Уранчимэг “Би “Багшийн ажлын байрны сэтгэл ханамжийн судалгаа” сэдвийг хүүхдийн тусламж, асрамж халамжийн төвийн жишээн дээр судалж илтгэл бичсэн. Учир нь Монгол улсад ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын багш нарын сэтгэл ханамж, стрессийг судалсан судалгаанууд байдаг боловч хүүхдийн тусламжийн төв болон асрамж, халамжийн төвүүдэд ажиллаж байгаа бүлгийн удирдагч багш нарын сэтгэл ханамжийг судалгаа хомс байдаг тул энэ сэдвийг сонгон авсан.

Асрамж халамжийн төв нь 24 цагаар хүүхдийн аюулгүй байдал, амь нас, хөгжил, хамгааллын төлөө ажилладаг. Энэ нь багш нар 24 цагийн турш сэтгэл зүйн өндөр ачаалалтай ажилладаг гэсэн үг юм. Бид хүүхэд асрах, хөгжүүлэх, дугуйланд хамруулахаас гадна 40-өөс 50 хүүхэд хариуцаж, долоо хоногийн хугацаанд ямар дадал чадварт сургах, яаж хамт олонч болгох, зөв харилцаа, мэндлэх хүндлэх ёсыг хэрхэн хэвшүүлэх вэ гэх мэт өдөр тутмын үйл ажиллагааг явуулдаг.

Манай салбарын ажилтнууд төрийн үйлчилгээний бусад ангиллын хамгийн доод шатлалаар цалинждаг. Монгол улсын хэмжээнд хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцооны төлөө, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалахын тулд 24 цаг шахуу ажилладаг хүмүүс хамгийн бага цалингийн шатлалаар цалинжиж байгаа нь маш харамсалтай санагддаг. Жишээлбэл, манай байгууллагын үйлчлэгчийн үндсэн цалин 954 мянган төгрөг байхад хамгийн дээд цалин нь 1.8 сая төгрөг байна. Энэ нь одоогийн инфляцын түвшинд хүрэлцэхгүй цалин юм.

Түүнчлэн, хүүхдүүдтэй шууд тулж харьцдаг хүмүүсийн ажлын сэтгэл ханамж, сэтгэл зүйн байдал хамгийн чухал тул тэдний нийгмийн баталгааг үе шаттайгаар сайжруулахад төр засгаас анхаараасай гэж хүсэж байна" гэв.

Comments


bottom of page