Маргааш 06:00–19:00 цагт суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
- 1 day ago
- 1 min read

“Улаанбаатар марафон 2026” арга хэмжээ 5 дугаар сарын 23-ны бямба гарагт зохион байгуулагдана. Энэ хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 6–18 цагийн хооронд зарим байршлын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар болжээ.
Үүнд: Цэцэг төвийн уулзвар, Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар, Чингэлтэй дүүргийн уулзвар, ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун болон зүүн уулзвар, 11-р хороолол, Сансарын шатахуун түгээх станц, Сансарын туннел, Зүүн 4 замын уулзвар, Халдвартын эмнэлэг орчим, Нарантуул захын уулзвар, нүхэн гарц, Жанжин клуб, Улиастайн уулзвар, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар, Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар, Жаргалан хотхон, Шангри-Ла төвийн уулзвар зэрэг багтаж байна.
Мөн энэ өдөр суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйн хөдөлгөөнийг 6–19 цагийн хооронд бүрэн хязгаарлах бөгөөд түрээсийн үйлчилгээ эрхэлдэг долоон аж ахуйн нэгжид энэ талаар мэдэгдэл хүргүүлжээ.
Хязгаарлалтын хугацаанд зөвхөн эрүүл мэнд, цагдаа болон шуурхай албаны тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцох боломжтой талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир мэдээллээ.
Мөн иргэд хязгаарлалтад заасан шар бүсчлэлээс тээврийн хэрэгслээ гаргаж байрлуулахыг анхааруулав.




Comments