ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
- child.mn

- 1 day ago
- 2 min read

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 35 жилийн ой, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Т.Аубакир, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Монгол Улсын Засгийн газрын хамгийн том мега төсөл нь ХҮНИЙ ХӨГЖИЛ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар илтгэлдээ онцолж, хүүхдийн төлөө үйлсэд хувь нэмрээ оруулан, хүүхдийн эрх, хөгжил оролцоо, зөв төлөвшил, хүмүүжлийг дэмжих дараах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүслээ.
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй орон сууц, орчны хамтарсан төсөл хэрэгжүүлэх,
- Монголын хүүхдийн зуслангийн шинэчлэлийн хамтарсан хөтөлбөр,
- Хүүхэд, гэр бүлийн цогц хөгжлийн төвийг байгуулах,
- Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг арвижуулах,
- Олон улстай хамтарсан хүүхдийн эрхийн суурь судалгааны төв байгуулах,
- Боловсролын салбарт реформ хийхэд хамтран ажиллах асуудлыг дэвшүүлэв.
Арга хэмжээний үеэр Монголын хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Дашням “Шинэ зууны хүүхдүүд”, Хүмүүн олон улсын сургуулийн сурагч А.Мөнх-Итгэл “Миний цахим орчин, миний боловсрол бидний ирээдүй”, Монголын хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүн Г.Марал-Эрдэнэ “Миний гэр бүл миний эрүүл мэнд” сэдвээр илтгэл танилцууллаа.
Монголын хүүхдийн зөвлөлийн төлөөлөл хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатарт Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Хүүхдийн үндэсний чуулган”-аас гарсан өөрсдийн санал, зөвлөмжийг хүлээлгэн өгөв.
Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Ян Му, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган нар мэндчилгээ дэвшүүллээ. Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны Улс төрийн ажилтан М.Номинцэцэг манай улстай хамтран хэрэгжүүлсэн “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” төслийн үр дүнгээ танилцууллаа. Дэлхийн Зөн олон улсын байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын хөтөлбөрийн үндэсний захирал Б.Болорцэцэг хөтөлбөр, үйл ажиллагаагаа танилцуулж мэндчилгээ дэвшүүлэв.
Эх сурвалж: ХГБХХЕГ



Comments