top of page

"Хүүхдийн төлөө сэтгүүл зүйн өнөөгийн төрх" хэлэлцүүлгээс онцлох 10 санаа

Child.mn сайт албан ёсны нээлтээ хийж, редакцын бодлогоо танилцууллаа. Мөн нээлтээ хийж буй тус өдрөө жил бүр хүүхдийн эрхээр мэргэшсэн сэтгүүлчид цуглаж, ололт амжилт, бэрхшээл, салбарын трендээ хэлэлцдэг, ярилцдаг өдөр байхаар тогтоод байна.

Энэ жилийн хувьд "Хүүхдийн төлөө сэтгүүл зүйн өнөөгийн төрх" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнд "ӨНӨӨДӨР-ийн ХҮҮХДҮҮД”  сонины Эрхлэгч, “Өнөөдөр” сонины бизнес хөгжил, гадаад бодлого хариуцсан Орлогч эрхлэгч Б.Баярмагнай, Gogo.mn болон Yolo.mn сайтын Ерөнхий редактор  Р.Адъяасүрэн, МҮОНРТ-н Хүүхдийн нэвтрүүлгийн редакцын редактор Т.Агарзандан нар оролцлоо. Тус хэлэлцүүлгээс онцлох 10 санааг хүргэж байна.

"ӨНӨӨДӨР-ийн ХҮҮХДҮҮД”  сонины Эрхлэгч, “Өнөөдөр” сонины бизнес хөгжил, гадаад бодлого хариуцсан Орлогч эрхлэгч Б.Баярмагнай

Нэг.

"Хүүхдэд зориулсан олон сонин гарч байсан ч аль нь ч амжилтад хүрээгүй. Учир нь тэр сониныг хүүхдүүд өөрсдөө биш харин томчууд хүүхдэд зориулсан сонин хийгээд, түүгээрээ "шоуддагт" учир байсан юм.

Хоёр.

"Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулахад хамгийн түрүүнд тулгамдаж буй асуудал нь төр засгаас дэмжлэг алга байна. Улс төрчид хүүхдийг сонгуульд санал өгдөггүй учраас хэзээ ч тэдэнд зориулсан хэвлэлийг дэмждэггүй."

Гурав.

"Төр хүүхдийн нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон мэдээллээр хангах үүрэгтэй. Тэгсэн хэр нь үүнийгээ биелүүлэхгүй байна."

Дөрөв.

"Төрөөс ямар нэгэн юм хүлээгээд нэмэргүй учраас төр хүүхдийн төлөө за гэж хэлдэг болтол, хүүхдийн төлөө хуруугаа хөдөлгөдөг болтол нь хүүхдийн чиглэлээр дагнан ажилладаг хэвлэл мэдээллийн цөөн байгууллагууд бүгд цугтаа хамтарч ажиллая аа гэж уриалж байна."

Тав.

"Төр хэвлэлд саад болох ёсгүй. Гэвч сонинд жишээ нь төр саад болдог. Хэмнэлтийн тухай хуулиар хэвлэл захиалгыг хориглоно гээд гаргачихсан. Тэр хэвлэл захиалгад нь ерөөсөө сонин, сэтгүүл хоёр орж байгаа юм. Тийм хууль гаргачихсан мөртлөө өргөн нэвтрүүлгийн 18 телезивэд болохоор мөнгө өгөөд байдаг. Энэ бол дэндүү шударга биш, бүдүүлэг, доромжилсон хэрэг."


"ӨНӨӨДӨРийн ХҮҮХДҮҮД" сонинд хүүхдүүд өөрсдийн бичсэн мэдээ, ярилцлагыг 30-50 мянган төгрөгийн урамшуулал авч, нийтлүүлдэг байна. Тус сониныг сард нэг удаа 10 мянган хувь хэвлэн, хот, хөдөөгийн 800 гаруй ерөнхий боловсролын сургуульд үнэ төлбөргүй түгээдэг. 100-150 хүүхдийн дунд нэг сонин уншихаар түгээгдэж байна.

Gogo.mn болон Yolo.mn сайтын Ерөнхий редактор Р.Адъяасүрэн "Yolo.mn сайт 2015 онд үүсгэн байгуулагдсан. Анх хүүхдийн төлөө сайт байхгүй үед нээгдэж байсан. 10 жил болоход дунд нь цаашид авч явах уу, үгүй юу гэх шийдвэрт хүрэх хэмжээнд хоёр, гурван удаа дээсэн дөрөөн дээр хүрч байсан үеүд бий. Анх 20 орчим өсвөрийн сэтгүүлчид ажилладаг байсан ч одоо гурав болж цөөрсөн. Энэ жил yolo.mn-ны 10 жилийн ой тохиож байгаа мөртлөө л бид нар тэмдэглэх нь байтугай цаашаа 11 дэх жилээ үзэх юм уу, үгүй юм уу гэдэг л тийм хүнд нөхцөл байдалтай болчхоод байгаа."

Зургаа.

"Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхдэд зориулсан мэдээллийг хүргэж чадахгүй байгаа учраас тэд нөлөөлөгч гэх хүмүүсээс баталгаагүй мэдээллийг авдаг болсон. Өөрөөр хэлбэл тэнд хоосон зай үүсчихсэн. Тиймээс хүүхдийн талаар мэргэшиж мэдээлэх ёстой юм."

Долоо.

"Хүүхдийн талаар мэргэшиж сайн контент хийе гэхээр тоног төхөөрөмж, ажилтны цалин хөлсөө тасалдуулахгүй байх санхүүгийн асуудал тулгамддаг. Төрөөс мөнгөөр дэмжих нь нэн тэргүүний асуудал биш ч гэсэн бодлогын хүрээнд дэмжих, цаашлаад энэ чиглэлд зарцуулагдах ёстой төсөв өөр нэрээр, өөр тийшээ зарцуулагдаж байгааг хяналт тавих, зохицуулах ёстой."

Найм.

"Хүүхэд өөрөө түрийвчээ гаргаад, мөнгө зарцуулах эрх мэдэлгүй учраас бизнесийн байгууллагууд хүүхдээр дагнасан хэвлэлд зар сурталчилгаагаа байршуулдаггүй."

Ес.

"Байгууллагууд нэг хүүхдэд очиж тусалсныгаа хэвлэлээр гаргахыг нийгмийн хариуцлагын хүрээний ажил гэж хардаг байдлаа өөрчлөх хэрэгтэй байна. Үүний оронд хүүхдэд олгох мэдээллийг мэргэшиж, мэргэжлийн түвшинд бэлтгэхээр, дамжуулахаар ажиллаж буй, бойжиж буй хэвлэлийг дэмжих нь илүү үр өгөөжтэй гэдгийг бид нар илүү сайн ойлгуулах шаардлагатай харагддаг."

МҮОНРТ-н Хүүхдийн нэвтрүүлгийн редакцын редактор Т.Агарзандан

Арав.

"Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн хүрээнд зургаадугаар сарын нэгний шууд эфир гээд бид нар хамтран ажиллах байгууллага хайсан олдоогүй. Бүр зарим газар нь хариу ч өгөөгүй, өгдөггүй. Энэ хэмжээнд л хүүхдээр мэргэшсэн хэвлэлд ач холбогдол өгдөггүй."





コメント


bottom of page