Хүүхдийн төлөө сангаас хүүхдийн уушгины эмнэлэг барих зарим зардлыг гаргана
- child.mn

- Sep 1
- 2 min read

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлж ажилладаг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр/2025.09.01/боллоо. Хурлаар нийт хүүхдийн төлөө хийж, хэрэгжүүлэх найман ажлыг баталлаа.

Хүүхдийн төлөө санд нийт 24 тэрбум төгрөг цугларсан. Үүнээс 22 тэрбум төгрөгийг Зам Тээврийн Яамнаас онцлог тоотой авто машины дугаарыг дуудлага худалдаагаар борлуулж, тус санд төвлөрүүлжээ. Ингээд тухайн сангаас энэ оны төсөвт батлагдсан 7.8 тэрбум төгрөгийг зарцуулах ажлуудыг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлаар баталлаа.
Үүнд:
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэх, оношилгоо эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүүхдийн уушгины төрөлжсөн эмнэлэг байгуулах зарим зардлыг гаргах
Хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн асуудал болоод нэг суманд нэг хүүхдийн шүдний шаардлагатай тоног төхөөрөмж зэрэг 10 багц асуудал
Цахим сургалт, хиймэл оюун ухаан, ухаалаг анги танхимтай болох, багш нарыг таблеттай болгох зэрэг
Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор зуслангийн гадаах задгай талбай, хөлбөмбөгийн талбайн тохижилт, засварын ажлыг хийх зэрэг зардлууд багтсан байна.

Түүнчлэн Монголын Хүүхдийн Зөвлөлийн тэргүүн, сурагч Дашням сургууль бүрд Хүүхдийн зөвлөлийн салбарыг байгуулах нь хүүхдийг аливаа эрсдэлээс сэргийлэх эерэг нөлөөтэй талаар байр сууриа илэрхийллээ. Түүний энэ саналыг хүлээн авч, цаашид хийх ажлын жагсаалтад оруулан, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлаар баталлаа.

ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан "Хүүхдийн нийт 61 зуслан байгаагаас 48 нь үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 1.3 сая хүүхэдтэй боловч тэдний ердөө 11.6 хувь нь л зуслангийн үйлчилгээнд хамрагдаж байна. Тиймээс хувьчлагдсан хүүхдийн зуслангуудын асуудлыг шийдэх шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор манай агентлагаас зуслангуудад шалтгалт хийсэн дүнг тун удахгүй танилцуулна. Үүнээс гадна том зургаараа бид хүүхэд хөгжил анхаарах хэрэгтэй байна. Гол нь Монгол улс сайн иргэнтэй, хүчирхэг байхын тулд хүний хөгжлийн нэгдсэн бодлого боловсруулах шаардлагатай. Хөгжсөн улс орнуудын жишгээр энийг хариуцсан тусдаа яамтай байх хэрэгтэй талаар НҮБ-ээс манай улсад 30 гаруй жил зөвлөж байгаа гэдгийг сануулмаар байна" гэлээ.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс дээрх ажлуудыг хийж хэрэгжүүлэхдээ төр, НҮБ-ын Хүүхдийн Сан, хувийн хэвшил гэсэн гурван талт хамтын ажиллагааны хүрээнд санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн ажиллана гэлээ.



Comments