top of page

Хүний эрхийн дэд хорооноос анх удаа орон нутагт хүүхдийн эрхийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

  • 7 days ago
  • 4 min read

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх тайлан илтгэлүүдийг жил бүр УИХ-аар хэлэлцүүлж, тогтоол баталдаг. Ингэхдээ илтгэлийг зөвхөн Улаанбаатарт хэлэлцэхээс гадна орон нутгийн түвшинд ч хэлэлцүүлэг өрнүүлж, саналууд авч, түүнийгээ УИХ-аас гарах тогтоолд тусгах нь чухал юм. Тиймээс уг ажлын эхлэл болгож Хүний эрхийн дэд хорооноос санаачлан ХЭҮК-ын 25 дахь илтгэлийн хүүхэд хамгааллын тогтолцооны зарим асуудал, хүүхдийн эрх сэдвээр хэлэлцүүлгийг 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхаар сумын Нутгийн удирдлагын ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн О.Алтангэрэл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан болон Өвөрхангай аймгийн хүүхдүүдийн төлөөлөл, хүүхдийн байгууллагын ажилтнууд, орон нутгийн шийдвэр гаргах түвшний удирдлагууд танхимаар оролцов. Мөн Хүний эрх дэд хорооны гишүүд, НҮБ-ын Хүүхдийн Сан, Дэлхийн Зөн зэрэг олон улсын байгууллага болон иргэний нийгмийн төлөөллүүд цахимаар оролцлоо.  

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Өнөөдөр хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн тулгамдсан асуудлыг орон нутгийн түвшинд хэлэлцэж буйд талархалтай байна. Сүүлийн жилүүдэд УИХ-аас ХЭҮК-ын илтгэлүүдийг хэлэлцэн холбогдох тогтоолуудыг баталж ирсэн. Энэ нь хүний эрхийн асуудлыг бодлогын түвшинд авч үзэж байгаагийн тод илрэл мөн. Ялангуяа хүүхдийн эрхийн асуудал нь бидний онцгой анхаарах ёстой чиглэл юм. Орон нутагт дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол их гарч байна. Иймд хүүхэд хамгааллын тогтолцоог зөрчил гаргасны дараа хариу үйлдэл үзүүлдэг биш харин урьдчилан сэргийлдэг, эрсдэлийг бууруулдаг бодит хамгаалалт үзүүлдэг тогтолцоо болгон хөгжүүлэх шаардлагатай байна. УИХ-ын зүгээс хүний эрхийн хамгаалалтын тогтолцоог бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодлогын дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно. Гэхдээ энэ нь зөвхөн парламентын үүрэг бус. Бид бүгдийн хамтын оролцоо, хамтын хариуцлага гэдгийг онцлон тэмдэглэе. Хэлэлцүүлгийн үр дүнд бид орон нутгийн бодит нөхцөл байдлыг тодорхойлж, тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцэж, хэрэгжүүлэх боломжтой бодит санал зөвлөмжийг хамтран боловсруулах болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 

Ингээд тус арга хэмжээ хүүхдүүд газрын зураг дээр ажиллаж, тулгамдаж буй асуудлаа өөрсдөө хэрхэн тодорхойлсноо танилцуулснаар эхэллээ.

11 дүгээр ангийн сурагч Д.Буянхишиг “Би нэг удаа өвөл өглөө гэрээсээ гараад хичээлдээ явж байхад гудамжинд маш олон нохой байсан. Айгаад явж чадахгүй хичээлийнхээ эхний хоёр цагаас хоцорсон”  гэв.

12 дугаар ангийн сурагч Х.Олзгэрэл “Хүүхдүүд сургуулиасаа гэр рүүгээ явах замд согтуу хүмүүстэй таарах нь хэцүү байдаг. Насанд хүрсэн хүний нүдээр хэдэн архичин гэж хардаг бол гэр рүүгээ харьж буй хүүхдийн хувьд яахаа мэдэхгүй болдог. Тэгээд гэр рүүгээ өөр замаар тойрч харихаас өөр аргагүй. Тойрч явахаар нохойд хазуулах, унаж бэртэх эрсдэлтэй байдаг” гэлээ.

11 дүгээр ангийн сурагч Б.Наранцацралт “Хүүхдүүд ямар нэг үйл ажиллагаанд дуу хоолойгоо илэрхийлэхээр томчууд хүүхэд юм чинь дээ гэж бодоод нухацтайгаар хүлээж авахгүй хаячихдаг. Томчууд нь тоохгүй болохоор хүүхдүүд өөрсдөө асуудлаа шийдэх гэж байгаад асуудалд ордог”

11 дүгээр ангийн сурагч С.Одбаяр “Манай аймагт "Хүүхдээ сонсох өдөр"-өөр бид жил бүр асуудлаа томчуудад хэлдэг. Цаасан дээр тэмдэглэж аваад, цүнхэндээ хийгээд мартчихдаг битгий байгаарай гэж хэлмээр байна” гэлээ.  

Хүүхдийн эрхтэй холбоотой хэлэлцүүлгийг Өвөрхангай аймагт хийж байгаа нь хэд хэдэн онцлох шалтгаантай.

Монгол Улсад хамгийн анх 2001 онд Өвөрхангай аймгийн бүх сум, хороод хүүхдийн ажилтан байх ёстой гэсэн санааг дэвшүүлж, бүх сумдаа хүүхдийн ажилтантай болгож байжээ. Улмаар 2024 онд уг загварыг улс даяар хэрэгжүүлж эхэлсэн. Мөн хүүхдийн тусламжийн 108 утсыг хамгийн анх Өвөрхангай аймагт нээж, ажиллуулж байсан түүхтэй. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах байрыг мөн л Өвөрхангай аймагт анх байгуулж байжээ. Түүнчлэн 2017 онд Өвөрхангай аймагт өвөл, хаврын хурдан морины уралдааныг хориглосон шийдвэрийг тухайн үеийн Засаг дарга нь гаргасан байна. Энэ мэт хүүхэд хамгааллын салбарт, хүүхэд хамгааллын тогтолцоонд үр өгөөжөө өгсөн олон ажлуудын эхлэл энэ аймагт хийгдэж байжээ. 

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал “Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр гарсан санаа, саналуудыг би Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлд албан ёсоор тэмдэглүүлж үлдээнэ. "Бид нарт ямар үр дүн авчрах юм бэ, ямар үр дүн бид нар хүлээх юм бэ?" гэж асуусан. Энд яригдсан бүх саналуудыг нэгтгээд Улсын Их Хурлын болоод Байнгын хорооны тогтоолын төсөлд дөрвөөс таван саналыг нь оруулахаар бэлдэнэ. Байнгын хорооны тогтоолын төсөл, Их Хурлын тогтоолын төсөлд тусгаснаар энэ өөрөө дараа жилийн Засгийн газрын тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд албан ёсоор орно. Ингээд УИХ-аас ирэх жилийн ХЭҮК-ын илтгэл хэлэлцэх үед "Өнгөрсөн жилийн Өвөрхангай мөрөөр УИХ-ын тогтоол гаргасан. Та нар энэ тогтоолын мөрөөр юу хийсэн бэ, ажлаа тайлагна" гэж буцаагаад Засгийн газраас хэрэгжилтээ нэхэх боломжтой болох юм. Бид нар ийм механизмыг шинээр бий болгож байна аа гэж ойлгож болно. Тэгэхээр орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдлыг буцаагаад УИХ-ын түвшинд, Засгийн газрын түвшинд аваачиж сонсдог ийм механизмыг бий болгох эхлэл тавигдаж байна” гэлээ. 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын мэдээллээр Өвөрхангай аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл 11 гишүүнтэй, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо 13 гишүүнтэй ажиллаж байна. Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоо гурав байх ёстойгоос нэг, нийгмийн ажилтан 36 ажиллах орон тоотойгоос 34 ажиллаж байна. Мөн аймгийн хэмжээнд 36 хамтарсан баг, нэг түр хамгаалах байр ажиллаж байна.  
Өвөрхангай аймгийн хэмжээнд бүтэн өнчин хүүхдийн тоо 2024 онд 96 байсан бол 2025 онд 129 болж өссөн. Мөн хагас өнчин хүүхдийн тоо болон жолоодох эрхийн зөрчил гаргасан хүүхдийн тоо маш эрчимтэй өсөх хандлагатай байна. Гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн тоо тасралтгүй өсөж байгаа бөгөөд 2026 оны эхний 4 сарын байдлаар хоёр хүүхэд амь насаа алджээ. 2021 онд хоёр, 2022 онд дөрвөн хүүхэд зам тээврийн ослоор амиа алдсан бол 2025 онд энэ тоо огцом өсөж, 9 хүүхэд харамсалтайгаар амиа алджээ. 

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан “Бид томчууд хүүхдүүдийн өмнөөс асуудлыг шийдэх биш, хүүхдийн оролцоотойгоор асуудлыг шийддэг зарчим руу шилжих ёстой. Хүүхдүүд өөрсдийн дуу хоолой, үзэл бодолд ач холбогдол өгөхийг хүсэж байна. Хүүхэд бол бидний, манай улс орны ирээдүй учраас тэднийг аюулгүй, эрүүл орчинд өсөх нөхцөлөөр хангах нь насанд хүрсэн хүн бүрийн үүрэг юм. Өнөөдөр хүүхэд хамгааллын тогтолцооны нэгжүүдийн уялдаа холбоо, мэдээлэл солилцоо хангалтгүй байгаагаас үйлчилгээ доголдож байна. Хүүхэд хамгаалал бол зөвхөн нэг газрын ажил биш, маш олон салбарын хамтын ажиллагааны үр дүн юм” гэлээ.



Comments


bottom of page