top of page

Фото сурвалжилга: Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг нэгт тавьж наадацгаая!

  • Jul 10
  • 2 min read

Налайх дүүргийн хэмжээн 7 дугаар сарын 8-наас 10-ны өдрийн хооронд хурдан морины уралдаанд нийт 134 хүүхэд бүртгүүлснээс 117 хүүхэд, нийт 328 морь бүртгүүлснээс 238 морь уралдаанд оролцлоо. Уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноос унасан. Нэг хүүхдийн гарын шууны хоёр яс хугарсан тул эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, асран хамгаалагчид нь хүлээлгэн өглөө. Үлдсэн гурван хүүхэд бэртэж, гэмтээгүй. Бид уралдааны хоёр дахь өдөр буюу хязаалан насны морьдын уралдааны өмнө уралдаанч хүүхдийг хэрхэн шалгаж нэвтрүүлж байгааг сурвалжиллаа.

Цаана харагдаж буй хашаагаар уралдах хүүхдүүд хувийн мэдээллийг нь агуулсан чиптэй цагаан картаа барьсаар нэвтэрнэ. Ингээд наана ширээнд харагдах дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн ажилтнууд програмдд хүүхдийн регистрийн дугаараар шүүлт хийнэ.

Уралдаанч хүүхдийн мэдээлэлтэй чип. Дээр нь хүүхдийн нэр, регистрийг хараар бичсэн байдаг. Хувийн мэдээлэл учраас хүүхдийн РД-г зургаас арилгав.
Уралдаанч хүүхдийн мэдээлэлтэй чип. Дээр нь хүүхдийн нэр, регистрийг хараар бичсэн байдаг. Хувийн мэдээлэл учраас хүүхдийн РД-г зургаас арилгав.

Жижиг дөрвөлжин нүүр зураг болон хүүхдийн хувийн мэдээлэл чипийг төхөөрөмжид уншуулахад программ дээр гарч ирнэ. Ингээд хүүхдийн мэдээллийг нягтална. 8 болон түүнээс дээш насны хүүхэд мөн байна гэдгийг баталгаажуулна. /Хуулиар 8 буюу түүнээс дээш насны хүүхэд хурдан морины уралдаанч оролцоно/

Хүүхдийг моринд нь мордуулахаас өмнө хүүхдийн хэлтсийн мэргэжилтэн болон хүүхдийн эрхийн улсын байцаагч хамтран хувцас нь стандарт хангаж буй эсэхийг шалгана. Шагай дарсан түрийтэй гутал, хантааз, өвдгөвч, тохойвч, малгай бүрэн эсэхийг нягтлахаас гадна ташуур нь хэт урт эсэх, биедээ өөр зүйл авч ирсэн эсэхийг шалгадаг. Уралдааны явцад хэт урт ташуураар зэрэгцээ уралдаж буй хүүхдээ гуядах, урт дурдан бүсээр ороолгох зэргээр нэгэндээ саад хийх тохиолдол гардаг учраас ийнхүү шалгадаг байна.

Уяач нарын хувьд уралдаанч хүүхдэд хантааз, малгай өмсүүлж хэвшиж байгаа бөгөөд гутлыг нь орхигдуулдаг байжээ. Тиймээс энэ жилээс батлагдсан стандартын дагуу гутлыг нь ч мөн адил шагай дарсан түрийтэй гутал биш бол уралдуулахгүй байгаа юм. Зурагт харагдаж байгаа гутлын хувьд түрийтэй, мөн хэт чанга скочдоогүй тул уралдахыг зөвшөөрөв.

Харин пүүзтэй ирсэн хүүхдийг буцааж, гутлыг нь солиуллаа.

Цагдаа, хүүхдийн байгууллагынхан хүүхдийн ташуурыг мөн шалгана. Зурагт харагдаж байгаа ташуур хэт урт тул, өөр богино ташуураар солихыг санууллаа.

Уяачид өөр ташуур байхгүй учраас урт ташуураа тайрав.

Бүртгэл нь үнэн зөв, хувцас, хэрэгсэл нь стандартын дагуу хүүхдийг моринд нь мордуулж өгч буй нь.

Морь нь шүдэлгээнээс хасагдсан хүүхдүүд. Тэд "Гунигтай байна" гэв.

Шүдэлгээнээс хасагдсан морьд.

Уралдахаар гараа руу гаа явж буй нь. Урд талд Онцгой байдлын авто машин явна. Уралдах хүүхдүүдээс гадна тавиач нар хамт явав.

Хязаалан насны ангилалд 64 морь бүртгүүлснээс 48 нь уралдав. 48 моринд 5, 6 тавиач нар хамт яваа харагдлаа.

Цувааны хамгийн сүүлд эмнэлгийн машин явна. Хүүхэд мориноос унавал машиндаа суулгаад, яаралтай тусламж үзүүлэхэд бэлэн.

Гарааны хэсэгт ирмэгц тавиач нарыг хурдан гаргаж, уралдах морьдыг л ногоон хаалтын цаана үлдээв. Ингээд хязаалан насны ангилалд гараанаас хүүхэд унаж бэртэлгүйгээр уралдаан эхэлсэн юм.

Хүүхэд Хамгааллын тухай хуулийн 27.5.6.-д уралдаанч хүүхдийг нэг өдөр хоёроос дээш удаа хурдан морь унуулж уралдуулахгүй гэж заасан. Гэвч зарим хүүхэд хоёроос дээш морь унаж буй тохиолдол гарчээ.

Мөн өөр хүүхдийн бүртгэлийг ашиглан найман нас хүрээгүй хүүхдийг уралдуулахаар оролдсон гурван тохиолдол гарсныг илрүүлж, хүүхдийг буцаасан байна.


Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг нэгт тавьж наадацгаая!



Comments


bottom of page