ХЭҮК:Эрүүл мэндийн үйлчилгээ, хөдөлмөрлөх эрхийн зөрчил орон нутагт давамгайлж байна
- 6 days ago
- 2 min read

ХЭҮК-оос иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт Монгол Улсад ямар хэмжээнд байгаа талаар болон Увс, Завхан, Говь-Алтай аймгийн хүний эрхийн нөхцөл байдалд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө.
ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир “Төрийн болон орон нутгийн өмчит 51 эрүүл мэндийн байгууллага хуульд заасны дагуу ТУЗ-төй байх ёстой ч одоогоор ердөө 13 нь л ТУЗ-төй байна. Хууль хэрэгжиж эхлээд дөрвөн жил болсон ч хэрэгжилт хангалтгүй хэвээр байгаа юм. Мөн эрүүл мэндийн байгууллагын удирдлагын тогтвортой байдалд улс төрийн нөлөө их байдаг нь иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна.
ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улсад урьдчилан сэргийлэх боломжтой нас баралт өндөр байна. Тухайлбал, 30-70 насанд эндэх магадлал 26.3 хувь байгаа нь дэлхийн дунджаас 8.5, бүсийн дунджаас 10.4-өөр өндөр үзүүлэлт юм. Мөн хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт орж, амиа хорлолт нэмэгдэх хандлагатай байна" гэлээ.
Түүнчлэн нийгмийн эрүүл мэндийн салбарын санхүүжилт хангалтгүй хэвээр байгаа юм. Харин эмнэлгийн тоо 51.5 хувиар нэмэгдэж, мянган хүн амд ногдох эмчийн тоо дэлхийн дунджаас өндөр болсон. Гэвч орон нутагт нарийн мэргэжлийн эмч дутагдалтай, нийслэлд хүний нөөц нь төлвөрчээ.
Мөн сувилагчийн тоо дэлхийн дунджаас бага байгаа нь хүний нөөцийн бодлого, хуваарилалтыг сайжруулах шаардлагатайг харуулж байгаа талаар дурдлаа.
Орон нутгаас ирж буй гомдлын 50-60 хувь нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой байна.
ХЭҮК-ын орон нутаг хариуцсан дарга Д.Ёндонжамц “Хүний эрхийн үндэсний комисс 2025 онд 12 аймагт "Хүний эрхийн төлөө хамтдаа" нээлттэй өдрийг зохион байгуулсан бол 2026 онд 10 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу баруун бүсийн Увс, Завхан, Говь-Алтай аймгуудад ажиллалаа. Увс, Завхан аймагт төрийн албан хаагчдад хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах сургалт зохион байгуулж, сурагчдад үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг хийсэн. Мөн боловсролын байгууллагын ажилтнуудад хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт өгсөн. Эдгээр аймагт ирж буй гомдлын 50-60 хувь нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой тул энэ чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулсан” гэв.
ХЭҮК-ын гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Орон нутагт зохион байгуулж буй арга хэмжээ нь сургалт, хэлэлцүүлгээс гадна хяналт шалгалтыг цогцоор нь хэрэгжүүлдгээрээ онцлог. Энэ хүрээнд жил бүр цагдан хорих байр, саатуулах байр зэрэг хүний эрхийн зөрчил гарах өндөр эрсдэлтэй орчинд тогтмол хяналт тавьж ажилладаг. Мөн “Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллеж, Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуульд шалгалт хийсэн” гэлээ.
Үүний зэрэгцээ улсын хэмжээнд 39 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байгаа ч санхүүжилт хангалтгүй хүртээмж муу байгааг онцлов. Түүнчлэн идэр есын хүйтэнд дээрх аймгуудын дотуур байр дулаангүй байсан зэрэг нь хүүхдийн эрхийн зөрчигдөж байгааг онцлов.



Comments