Дагнасан шүүх гэрлэлт цуцлахдаа хүүхдийн асрамж, тэтгэлгийг заавал шийдвэрлэнэ

2014 оноос хойш 10 жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд гэрлэж буй хосын тоо буурч, салж байгаа хосын тоо нэмэгджээ.

Жилд дунджаар 4000 гаруй хос гэрлэлтээ цуцлуулдаг. Тэдний нэг болох иргэн А, Б хоёр гэрлэлтээ цуцлуулахад Шүүх зөвхөн гэрлэлт цуцлах талаар л нэхэмжлэл гаргасан учраас хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох асуудлыг шийдвэрлээгүй үлдээсэн байна. Энэ мэт эхнэр, нөхөр салах нь зөвхөн тэдний хоорондын асуудал мэтээр хандсан шийдвэр олон гардгийг тоон мэдээллээс харж болно.
Жишээ нь, Шүүхээс 2020 онд гэрлэлт цуцлуулах 2176 нэхэмжлэл, хүүхдийн тэтгэлэг гаргуулах 1333 нэхэмжлэл шийдвэрлэжээ. Мөн 2021 онд гэрлэлт цуцлуулах 2823 нэхэмжлэл, хүүхдийн тэтгэлэг гаргуулах 1297 нэхэмжлэлийг шийдвэрлэжээ.
2022 онд гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргахдаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар давхар нэхэмжлээгүй 50 шийдвэрийг судалсан байдаг. Үүнээс 5 шийдвэрт л хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн. Үлдсэн 45 шийдвэрт энэ асуудлыг орхигдуулжээ.
Ээж, аав нь салахад хамгийн эмзэг байдалд үлдэх хүүхдийг шүүхийн шийдвэр "үл хайхарч", эрх ашгийг нь бүрэн хангаж, хамгаалж чадахгүй байгаа юм. Шалтгаан нь шүүгч хатуу сэтгэлтэй эсвэл мэдлэггүй дээ биш. Харин хуульд энэ талаар заавал шийдвэрлэхээр тусгаагүй учраас хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байв.
Тэгвэл 2026 оны 11 дүгээр сарын нэгний өдрөөс үйл ажиллагаа нь эхлэх Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхтэй болсноор шүүхийн шийдвэр хүүхэд төвтэй гардаг байхаар нөхцөл байдал өөрчлөгджээ.
Ялангуяа эхнэр, нөхөр салах үед хүүхдээ өөр дээрээ авсан тал нь л хүүхдийн өмнө хариуцлага хүлээж, нөгөө тал нь хариуцлагаас мултарч амьдрах боломжгүй болох юм.
Салсан ч хүүхдийн өмнө эцэг, эх байх үүргээ цалгардуулах хийдэл үүсэхгүй
Улсын хэмжээнд хянан шийдвэрлэсэн гэр бүлийн хэрэг, маргааны 50 орчим хувь нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн шүүхээр шийдвэрлэгдсэн. Тиймээс Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийг нийслэлд байгуулжээ. Мэргэшсэн 12 шүүгч ажиллана.
Гэр бүлийн холбогдолтой иргэний хэргийг шүүхээр шийдвэрлэхтэй холбоотой харилцааг Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна. Энэ хууль дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхлэх өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхэд хүүхэд холбогдсон хэргийг мөн шийдвэрлэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд холбоотой зохицуулалтыг тусгажээ. Энэ талаар дараагийн нийтлэлд дэлгэрэнгүй хүргэх бөгөөд энэ нийтлэлээр гэр бүлтэй холбоотой агуулгыг тусгайлан онцоллоо. Дагнасан шүүх нь гэр бүлтэй холбоотой дараах маргааныг шийдвэрлэнэ. Үүнд:
Гэрлэлт,
Эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаанаас үүссэн маргаан,
Эцэг, эх байх эрх,
Хүүхдийн асрамж, эцэг эсхүл эх хүүхэдтэй уулзах хуваарь тогтоох асуудлыг шийдвэрлэх,
Тэжээн тэтгэх, тэтгүүлэх,
Хүүхэд үрчлэлт,
Асран хамгаалах, харгалзан дэмжих,
Хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх,
Гэр бүлийн хөрөнгө,
Гэр бүлийн холбогдолтой бусад маргаан,
Гэрлэлтийн бүртгэлгүй хамтын амьдралаас үүсэх хөрөнгийн харилцаатай холбоотой маргаан зэргийг харьяалан шийдвэрлэнэ.
Дагнасан шүүх гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хүүхдийн асрамж, хүүхэдтэй уулзах хуваарь тогтоох, тэжээн тэтгэх асуудлыг хамт шийдвэрлэж, шийдвэртээ энэ талаар тусгахаар хуульчилсан.
Тиймээс дээрх дурдагдаж байгаа шиг гэр бүл салах асуудлыг л шийдвэрлээд, хүүхэдтэй хамааралтай бусад асуудлыг орхигдуулах боломжгүй. Ялангуяа манай улсын хувьд хэн нь хүүхдээ асрамжлах эрхээ авах вэ гэх маргаанаас гадна хүүхдийн тэтгэлэг төлөхгүй "сураг" тасрах нь хүүхдээ авч үлдсэн зарим ээж эсвэл аавын хувьд асуудал болдог.
ШШГЕГ-ын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын мэдээллээр 2025 онд 7186, 2026 онд 7750 гүйцэтгэх баримт бичгийн хүрээнд хүүхдийн тэтгэлэг гаргуулах ажиллагаа явуулжээ. Өнөөдрийн байдлаар 7,750 гүйцэтгэх баримт бичгийн 50 орчим хувьд нь тэтгэлгийн төлөлт хэвийн байгаа аж.
11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 настай /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөх хэмжээг тогтоодог. Хүснэгт 1. Хүн амын амьжиргааны доод түвшин /төгрөгөөр/
Тогтоосон огноо | Улаанбаатар | Баруун бүс | Хангайн бүс | Төвийн бүс | Зүүн бүс |
Хувь | 100 | 100 | 100 | 100 | 100 |
2017.02.06 | 183,400 | 163,600 | 171,700 | 183,400 | 165,700 |
2018.02.01 | 198,600 | 178,000 | 182,600 | 175,600 | 174,000 |
2019.01.22 | 217,900 | 190,700 | 194,300 | 187,100 | 187,600 |
2020.01.13 | 230,000 | 203,400 | 206,000 | 198,300 | 201,700 |
2021.01.18 | 238,700 | 212,600 | 213,800 | 207,400 | 210,300 |
2022.01.31 | 277,800 | 238,800 | 240,400 | 239,200 | 236,400 |
2023.01.23 | 313,400 | 274,400 | 282,500 | 272,300 | 271,800 |
2024.03.01 | 454,200 | 447,100 | 447,300 | 446,700 | 446,400 |
2025.01.15 | 495,400 | 490,000 | 488,900 | 483,000 | 482,900 |
2026.01.30 | 543,700 | 538,700 | 526,200 | 522,300 | 519,200 |
ШШГЕГ-ын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын мэдээллээр 26-36 насны хүмүүс хүүдийн тэтгэлгээ төлөхгүй, зөрчил гаргах нь их байна.
Дагнасан шүүхтэй болсноор хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр салах боломжгүй болох юм. Жишээ нь, ХБНГУ-д хүүхдийн тэтгэлэг тогтоохтой холбоотой зохицуулалтыг дараах байдлаар хийдэг байна.

Мюнхэний дээд шүүхийн шүүгч Штефани Менер "Хүүхдийн тэтгэлэг төлөгчийн тооцож засварласан сарын орлого (bereinigtes Monatseinkommen) 2,100 евро хүртэл бол Дюссельдорфын хүснэгтээр тухайн ангиллын хэмжээгээр төлдөг. Жишээ нь, 5 хүртэлх насны хүүхэд 486 евро, 18-аас дээш насны хүүхэд евро тэтгэлэг авна. Орлого нэмэгдэхийн хэрээр тэтгэлгийн хэмжээ мөн нэмэгдэнэ. Орлого нь 400 еврогоор нэмэгдэх тутамд тэтгэлгийн хэмжээ ойролцоогоор 5–8%-иар өсөхөөр тооцдог. Мөн мөнгөн тэтгэлэг төлж буй хүний өөрийн зайлшгүй хэрэгцээнд үлдээх орлого (Selbstbehalt) нь ажил эрхэлдэггүй бол 1,200 евро, ажил эрхэлдэг бол 1,450 евро байдаг. Эцэг, эх нь хүүхдийн дор хаяж хамгийн бага хэмжээний тэтгэлгийг (Mindestunterhalt) төлөхийн тулд өөрийн боломжит бүх арга хэмжээг авах үүрэгтэй байдаг. Гэвч тэтгэлгээ төлөх чадамжгүй болсон бол яагаад гэдгээ тайлбарлаж, нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нотлох үүрэг тухайн тэтгэлэг төлөгч талд шилжинэ. Тухайн хүнээс ажил солих, нэмэлт ажил эрхлэх, өөр газар нүүх, бүр дампуурлаа зарлах замаар орлогоо зээлдүүлэгчдээс хамгаалах зэрэг арга хэмжээг авахыг хүртэл шаардаж болдог" гэлээ.
Япон улсын хувьд Азийн хамгийн анхны гэр бүлийн хэргийн дагнасан шүүхийг 1949 онд байгуулсан түүхтэй. Personal Status Litigation Act буюу Гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх хуулиар гэр бүлийн хэрэгт тохирсон онцлог процесс ажиллагаагаа зохицуулдаг. Гэрлэлт цуцлахтай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө заавал эвлэрүүлэн зуучлалаар орох ёстой байдаг. Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн хувьд эцэг, эх хүүхдийн асрамжийн асуудал, хүүхэдтэй уулзалт тогтоох, хүүхдийн тэтгэмж төлөх зэрэг асуудлаар тохиролцож болно. Хэрэв тэд тохиролцож чадахгүй бол шүүх хүүхдийн асрамж, хүүхэдтэй уулзах уулзалт тогтоох, хүүхдийн тэтгэлэг гэх мэт асуудлыг нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр шийддэг байна.
Харин манай улсын хувьд 2026 оны 11 дүгээр сарын нэгнээс хэрэгжих Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд уг асуудлыг дараах байдлаар тусгасан байна.
Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэхдээ шүүгч өөрийн санаачилгаар урьдчилаад насанд хүрээгүй хүүхдийг тэжээн тэтгэх нэмэлт зардлыг гаргуулах, хүүхдийг эцэг, эхийн хэн нэг дээр нь байлгах, хүүхэдтэй уулзуулах түр хуваарь гаргах зэрэг захирамж гаргаж болох юм.
Үүнээс гадна шүүгч өөрийн санаачилгаар тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг цогцоор нь судлуулах боломжтой. Үүнд:
Хүүхэд гэр бүлийн нөхцөл байдлыг судалж, тайлан гаргахыг хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэнд даалгах тухай захирамж гаргах
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан аюулын зэргийн, 32 дугаар зүйлд заасан нөхцөл байдлын үнэлгээ болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн 36.2.3-т заасан эрсдэлийн болон нөхцөл байдлын үнэлгээг хийлгүүлэхээр даалгах тухай захирамж гаргах
Холбогдох байгууллага хувь хүнээс дансны мэдээлэл, хөрөнгийн байдал, орлого, боловсролын байдал болон бусад шаардлагатай мэдээлэл, лавлагаа, тодорхойлолт, баримт гаргуулах мэдүүлэг авах зэргийг хуульчилсан.
Дагнасан шүүхэд чухал үүрэг гүйцэтгэх хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн нь хараат бус байх зарчмыг баримталж, нууц хадгалах, задруулахгүй байх үүргийг хүлээнэ.
Тухайн мэргэжилтэн нь эцэг, эх, хүүхэдтэй ганцаарчилсан болон хамтарсан ярилцлага хийх, гэр бүлийн нөхцөл байдал, эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа, нийгмийн бүх орчинд ажиглалт явуулах, холбогдох байгууллагаас лавлагаа тодорхойлолт гаргуулах, төрийн байгууллагад нэвтрэх, албан тушаалтнаас шаардлагатай асуудлаар мэдээлэл, тайлбар авах, хүүхэд 7 буюу түүнээс дээш настай бол түүний саналыг авах бүрэн эрхтэй байх юм.
Энэ чухал мэргэжилтнийг чадавхжуулах 14 хоногийн хугацаатай сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж байна.

2026 оны 11 дүгээр сарын нэгний өдрөөс өмнө гаргасан гэрлэлттэй холбоотой нэхэмжлэлүүд, түүнчлэн өсвөр насны хүнд холбогдох эрүүгийн хэргүүдийг Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлэхгүй. Тухайн нэхэмжлэлийг хүлээж авсан, эсхүл эрүүгийн хэрэг нь байгаа тухайн шүүхүүд эцэслэн шийдвэрлэх юм. Өөрөөр хэлбэл дагнасан шүүхийн үйл ажиллагаа нэг гараанаас шинээр эхэлнэ.
Нийтлэлд ашигласан эх сурвалж:
Гэр бүлийн харилцаанаас үүссэн зарим төрлийн иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ, 19 дэх тал.
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх үнэлгээний тайлан, 2025 он
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгааны тайлан, 2024 он
Монгол гэр бүлийн харилцаа өнөөгийн байдал, өөрчлөлт судалгааны тайлан, Улаанбаатар хот, 2025 он



Comments