Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журамд орсон уралдаанч хүүхэдтэй холбоотой заалтууд

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт заасны дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын хамтарсан тушаалаар “Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах журам”-ыг шинэчлэн баталж, мөрдөж эхлээд байна. Уг журамд хурдан морины унаач хүүхэдтэй холбоотой дараах заалтууд оржээ.
1.7. Хүүхдийг эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан эсэхэд хяналт тавих;
1.9. Хууль ёсны шийдвэрээр зохион байгуулагдаж буй хурдан морины уралдааны цаг хугацаа, байршил, зам талбай, гараа барианы төхөөрөмж, хүн эмнэлэг, хүүхэд хамгааллын үйлчилгээний бэлэн байдлыг хангах, уралдааны замд урьдчилсан эрсдлийн үнэлгээ хийсэн байх;
1.11. Хурдан морь унах уралдаанч хүүхдийг бүртгэх, оролцуулах, аюулгүй байдлыг хангах, тусламж үзүүлэх үйл ажиллагааны стандарт шаардлагыг хангах, эрх үүрэг бүхий талуудад хяналт тавьж, эрсдлийг бууруулах арга хэмжээ авч ажиллах;
1.12. Уралдаанч хүүхдийг үндэсний хурдан морин уралдаан, морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулсан байх, уралдааны замын нөхцөл байдалд урьдчилан үзлэг шалгалт хийх, туулах замын чиглэл, эргэлтийн цэгийн зураглал гаргаж, танилцуулах, чиглэл заасан тэмдэг тэмдэглэгээг байршуулах;
2.2. Хүүхдийн сургалт, хичээлийн ачааллыг харгалзан бэлтгэл сургуулилтын ачааллыг тэнцвэржүүлж, шаардлага хангасан бэлтгэл сургуулилтын хувцас, хэрэгсэл, заал танхимаар хангах бөгөөд хүүхдийн бие бялдар, ур чадварын бэлтгэлийг хангахдаа эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хамтран ажиллана.
2.3. Хүүхдийг үйл ажиллагаанд оролцуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 84.3-т заасан “насанд хүрээгүй хүний долоо хоногийн ажлын цаг 30 цагаас илүүгүй байх” шаардлагыг мөрдөж, цагийн хуваарийг гаргана.
2.5. Хүүхэд хамгааллын бодлого, журмыг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, уяач болон гэрээгээр ажил, үйлчилгээ гүйцэтгэх, хүүхэдтэй харилцах бүх талуудад танилцуулж, мөрдүүлэх арга хэмжээг авна.
2.9. Төлбөр, шагнал урамшуулал бүхий үйл ажиллагаанд оролцсон бол хүүхэд болон түүний эцэг эх, асран хамгаалагчтай харилцан тохиролцож, орлогын хувь хэмжээг ил тод, тэгш хуваарилна.
2.11. Уралдаанч хүүхдэд үндэсний их баяр наадмын тухай хуулийн 13.1-д заасан стандартын шаардлагад нийцсэн хувцас, хэрэглэл хэрэглүүлэх, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах бөгөөд өдөрт хоёроос дээш уралдаанд оролцуулахгүй байна.
3.3. Хүүхдийг оролцуулахдаа хичээл сургалтын тасалдал, хоцрогдлыг нөхөх арилгах, аюулгүй байдлыг хангах арга зам, санхүү төсөв зэргийг хүүхэд тэдний эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, оролцуулагч зэрэг талууд зөвшилцөн хамтын шийдвэр гаргах;
3.7. Үйл ажиллагааг зохион байгуулах орчны нөлөөллийн урьдчилсан үнэлгээтэй танилцах, хүүхдийн сурч боловсрох эрхийг хязгаарлахгүй байх, гэрээ байгуулахдаа хүүхдийг хөдөлмөр, эдийн засгийн болон бэлгийн мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэх асуудлыг заавал тусгах;
3.8. Эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн өмнөөс хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эсэн мэнд амьдрах, оролцох эрхийг зөрчих урт хугацааны гэрээ байгуулахгүй байх;
4.3. Уралдаанч хүүхдийг сургууль завсардах, хичээл хоцрогдлоос сэргийлэх, хүүхэд, уяач, эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ, хэлцэл байгуулж, үр дүнг нь мэдээлэх;
4.4. Хүүхдийг соёл, спортын үйл ажиллагаанд оролцуулахтай холбоотой тээвэрлэлтийг Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангаж зохион байгуулна.
Зургаа. Журмын хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлага
6.1.Энэхүү журмын хэрэгжилтэд бүх шатны Засаг дарга, хүүхдийн, соёлын болон биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, тухайн салбарын Улсын байцаагч, Хүүхдийн эрхийн улсын байцаагч хууль тогтоомжийн хүрээнд хяналт тавьна.
6.2.Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах явцад хүүхдийн эрх зөрчигдсөн тухай гомдол, мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд өөрөө, зохион байгуулагч болон оролцуулагч тал Хүүхдийн тусламжийн утас 108, Хүүхдийн эрхийн улсын байцаагчид заавал мэдээлнэ.
6.3.Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг эрх бүхий албан тушаалтан хүлээн авч, Хүүхдийн эрхийн улсын байцаагч болон холбогдох байгууллага шалган шийдвэрлэнэ.
6.4.Энэхүү журам, холбогдох хууль тогтоомж, гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол буруутай этгээд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.



Comments