ХЭҮК-ын сүүлийн 5 жилийн онцлох 20 ажил
- child.mn

- 13 hours ago
- 7 min read

Өнөөдөр Монгол Улсад Хүний эрхийн Үндэсний Комисс үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус байгууллагын гаргасан онцлох 20 ажлыг танилцуулж байна.
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ОЛОЛТ АМЖИЛТ /2020-2025/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд иргэний эрхийн зөрчлийг буурууллаа
Комисс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2024-2025 онд:
сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах;
цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ;
хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа;
өмгөөлөгч томилж оролцуулах;
шөнийн цагаас бусад цагт шүүх тасралтгүй ажиллах зэрэг 186 заалтад өөрчлөлтийг тусгуулж, олон улсын жишигт нийцүүллээ.
2. Гамшиг, эрсдэлийн үед ажиллах үндэсний төлөвлөгөөтэй болох суурийг тавилаа
Комиссын Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийн мөрөөр УИХ-ын тогтоол батлагдаж Засгийн газар "Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө" боловсруулах ажлыг эхлүүлэв.
Мэдүүлэг авах өрөөг стандартын шаардлагад нийцүүллээ
Комисс 2024 оноос эхлэн хорих анги, Нийслэл, 21 аймгийн Цагдаагийн газар, хэлтэс нэгжийн 109 уулзалт, мэдүүлэг авах өрөөний орчин нөхцөл, техник хэрэгслийн хүртээмж, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын үр дүнг ЦЕГ-ын даргад хүргүүлсэн зөвлөмжид тусгаснаар улсын хэмжээнд мэдүүлэг авах өрөөний 85,3 хувь нь стандартын шаардлага хангаж, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэх төхөөрөмж буюу хяналтын камераар тоноглогдлоо.
Өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцохыг хориглолоо
ХЭҮК-оос хийсэн хяналт шалгалт, дүн шинжилгээ, ажиглалт, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлыг тусгасны үр дүнд өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцохыг хориглолоо. Үндэсний их баяр наадмын тухай хуульд морь унах хүүхдийн нас, ослын даатгал, хамгаалалтын хувцас хэрэглэлийн стандартын хэрэгжилт, хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хязгаарлах, хориглох, хяналт тавих талаар зохицуулалтуудыг тусгасан.
Хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоо бэхжиж байна
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар ХЭҮК-ын дэргэд Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллаж, хорооны гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэсэн дүгнэлт нь хууль, шүүхийн байгууллагад нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж байна. Түүнчлэн, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам кодын 511, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд хүний эрх хамгаалагчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг тусгалаа.
Мөрдөн шалгах ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах үе шаттай ажил, арга хэмжээ явагдаж байна
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн асуудлыг тусгаж, илтгэлийн саналыг үндэслэн насанд хүрээгүй хүн хохирсон хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, хууль ёсны эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг эмэгтэй алба хаагчид шалгах соёл төлөвшиж байна. Мөн илтгэлийн мөрөөр Цагдаагийн ерөнхий газраас “Бэлгийн хүчирхийллийн хохирогч насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах журам, асуулга” боловсруулж байна.
ХЭҮК-ын ахмад настны эрхийг хамгаалах үйл ажиллагаа Монгол Улсад төдийгүй олон улсад эерэг үр нөлөө үзүүлж байна
Комисс 2024 онд улсын төсвийн болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг ахмадын 8 асрамжийн газарт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгах арга хэмжээ авлаа. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн мөрөөр Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ахмад настны цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудал хуульчлагдаж, ахмад настанд үзүүлэх үйлчилгээний төрөл нэмэгдэж, ахмад настан өөрөө хүсвэл үргэлжлүүлэн ажиллах боломж бүрдсэн.
Комисс "Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн форум зохион байгуулж, НҮБ-ын Ахмад настны эрхийн бие даасан конвенц батлуулахад түлхэц боллоо. Форумын оролцогчдын зөвшилцлөөр "Улаанбаатарын Уриалга"-ыг батлан гаргаж, холбогдох олон улсын байгууллага, оролцогч улсуудад илгээлээ.
Албан боловсролын тогтолцооны салшгүй хэсэг хүний эрхийн боловсрол
Боловсролын ерөнхий хуульд бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрт хүний эрх, жендэрийн агуулга заавал тусгагдах эрх зүйн зохицуулалт туслаа. Энэ нь Комисс албан боловсролын тогтолцоон дахь хүний эрхийн боловсролд онцгой анхаарч Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 3 удаагийн илтгэлд тусгаж, СӨБ, ЕБС, МСҮТ, их, дээд боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, агуулгад дүн шинжилгээ хийсний үр дүн юм.
Орон нутагт хүн төвтэй нэгдсэн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих тогтолцоо бүрдлээ.
Комисс аймгийн Засаг дарга нарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, орон нутгийн богино болон дунд хугацааны бодлогын баримт бичиг, орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлын тайланд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийв. Дүн шинжилгээний үр дүнгээр тогтоогдсон 21 аймаг дахь хүний эрхийн тулгамдсан асуудлыг бодлогын баримт бичиг, хөтөлбөр төлөвлөгөө, шийдвэрт тусгаж, хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэхийг Комисс 21 аймгийн Засаг дарга нарт санууллаа. 21 аймгийн хэмжээнд тогтоогдсон хүний эрхийн зөрчлүүдийг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг жил бүрийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр тайлагнах юм.
Комисс хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхийг хангуулахаар бодлогын түвшинд нөлөөлж байна
Комисс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах тодорхой саналууд хүргүүлсний үр дүнд 6 дугаар зүйлд “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох”, 7 дугаар зүйлд Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох” зохицуулалтыг тусгаж батлуулав.
Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлыг тусгаж, үүний үр дүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ыг шинэчилж, А/12З дугаар тушаалаар 13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл"-ийг баталлаа.
Комисс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах замаар иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг нөхөн төлүүлж байна
2002 оноос хойш төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэнийг төлөөлж төрөөс хохирлыг гаргуулахаар 43 удаагийн нэхэмжлэлд 4,8 тэрбум төгрөгийг нэхэмжилснээс 24 удаагийн төлөөлөн нэхэмжлэлд 557 сая гаруй төгрөгийг ханган шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 33 нэхэмжлэлд иргэдэд учирсан сэтгэл санааны хохиролд 3,3 тэрбум төгрөг нэхэмжилснээс 247 сая гаруй төгрөгийг шүүхээс олгохоор шийдвэрлэсэн. Комиссын гишүүний шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах бүрэн эрх бүс нутагтаа сайн туршлагад тооцогдож байна.
Сэтгэцэд учирсан хохирлыг тооцдог боллоо
Комисс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэхэд анхаарч Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлүүдэд тусгасан. Үүний үр дүнд Шүүх шинжилгээний тухай хуульд гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, түүнд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөрийн хэмжээг мөнгөн дүнгээр тогтоох зохицуулалтыг шинээр бий болголоо. Мөн "Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ыг, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг тус тус баталсан.
Комисс агаарын бохирдлыг бууруулахад онцгой анхаарч, уламжлалт арга, технологийн дэвшлийг хослуулсан, шийдэл тодорхойлсон бодлого боловсруулахыг зөвлөж байна
Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд агаарын бохирдлын асуудлыг тусгаж, агаарын бохирдлыг бууруулах бодлогын саналуудыг УИХ-д хүргүүлсэн. Илтгэлийн мөрөөр УИХ-ын 37 дугаар тогтоолын 1.1 дэх хэсэгт эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой 4 заалт тусгагдсан. Тогтоолд тусгагдаагүй асуудлаар салбарын 3 сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид зөвлөмж хүргүүлж, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголд Комиссын дүгнэлтийг танилцуулж, гэр хорооллын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангаж буй үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, утааны асуудлаар олон нийтэд тогтмол мэдээлэхийн зэрэгцээ, холбогдох эрх бүхий байгууллагад утааны эсрэг бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа олон улсад өндрөөр үнэлэгдэж, хамтын ажиллагаа өргөжиж байна.
ХЭҮК-ын олон талт хамтын ажиллагаа өргөжиж 2023 онд Бүгд Найрамдах Турк Улсын Хүний эрхийн байгууллагатай, 2025 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хүний эрхийн Омбудсмений байгууллагатай хүний эрхийн асуудал болон хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулахад хувь нэмэр оруулах, хүний эрхийг хамгаалах зорилгоор хүний эрхийн салбарт хамтын ажиллагааг сайжруулах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Түүнчлэн, 2021 оноос хойших хугацаанд дотоодын 8 байгууллагатай хүний эрхийн асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.
Азиа форум сүлжээнээс үнэлдэг Хүний эрхийн үндэсний байгууллагуудын үйл ажиллагааны үнэлгээгээр 2023 онд Комисс 44 онооноос 33.7 оноогоор үнэлэгдсэн нь Хүний эрхийн үндэсний байгууллагуудаас хамгийн өндөр үнэлгээг авлаа.
Хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөлд эерэг өөрчлөлт гарч байна.
Ерөнхий боловсролын 29, 116 дугаар сургуулийн сурагчдын сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд хийсэн Комиссын хяналт шалгалт, Комиссын гишүүний шаардлагын үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургалтын хөтөлбөр, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүний хүрэлцээ стандартад нийцсэн таатай орчин бүрдлээ.
Комисс 2022 оноос хойш МСҮТ, ЕБС-ийн 190 дотуур байранд хяналт шалгалт хийсний үр дүнд хоолны норматив зардал нэмэгдэж, дотуур байрны орчин нөхцөл үе шаттайгаар сайжирч байна.
Үндэстний цөөнхийн зөрчигдсөн эрх 10 жилийн дараа хэрэгжиж эхэллээ
Монгол хэлний тухай хуулиар хос хэлний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх үүргийг төрийн захиргааны төв байгууллагад үүрэг болгосон ч арван жилийн турш хуулийн хэрэгжилт хангагдахгүй байв. Комисс үндэсний цөөнхийн сурч, боловсрох эрхийг хамгаалах алхмуудыг үе шаттай хэрэгжүүлснээр Боловсролын яамнаас Хос хэлний хөтөлбөр, аргачлалыг боловсруулж эхлэв.
Хүүхдийн мөнгө битүүмжилж, төлбөрт суутгадаг зөрчил бүрэн ариллаа
Комиссын хийсэн хяналт шалгалт, уулзалтын үр дүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолд “хүүхдийн мөнгө битүүмжилж, төлбөрт суутгахгүй байх” заалтыг нэмж, мэдэгдлийг арилжааны банкнуудад хүргүүллээ.
Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг үнэлж, шинэ тутам хүний эрхийн асуудалд анхаарлаа хандуулж байна
“Хүний эрх ба Технологи” олон нийтийн хяналт шалгалтыг 2024 онд эхлүүлж 12 салбарт судалгаа, шинжилгээ, хяналт шалгалт хийлээ. Эдгээр ажлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн эрүүл
мэндийн байгууллага, Австрали Улсын элчин сайдын яам, олон улсын болон үндэсний эрдэмтэн судлаачдын дэмжлэгтэйгээр гүйцэтгэж, УИХ-аар шийдвэр гаргуулахаар Комиссын 24 дэх илтгэлд тусгав. УИХ-ын 2025 оны 77 дугаарт тогтоолоор Засгийн газрын авч хэрэгжүүлэх арга хэмжээг 8 заалтаар үүрэг болгов.
Технологийн хурдацтай хөгжил нь жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэх шинэ сувгуудыг бий болгож, хүчирхийллийн арга хэлбэр өөрчлөгдөж байгаад Комисс онцгой анхаарч Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлдээ цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудлыг тусгаж хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн анхааралд аваачлаа.
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгоход Комисс дэмжлэг үзүүлж байна
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлдээ Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай асуудлыг тусгаж, тус хуулиудыг шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзэн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн загвар төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүллээ. Комисс сүүлийн 5 жилийн хугацаанд хууль тогтоомж, эрх зүйн актын төсөл хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж 140 хуулийн тогтоомжийн төсөлд 888 саналыг холбогдох байгууллага, ажлын хэсэгт хүргүүлэв.
Хүний эрхийн хязгаарлалт хүний эрхийн зарчимд нийцэв
Хууль тогтоомжийн тухай хуульд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд “үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журмыг хамгаалах зайлшгүй шаардлага бүхий байх, ялгаварлан гадуурхаагүй байх, хязгаарлалт нь зорилгодоо хүрэхэд тохирсон, боломжит бага түвшинд байх, шаардлагыг хангасан байх” зохицуулалтыг, Цэргийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, Цэргийн нийтлэг дүрмүүдэд дүн шинжилгээг хийж, цэргийн алба хаагчийн эрх, үүрэг, хариуцлагыг хүний эрхийн үндсэн зарчимд нийцүүлэн хүний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бусаар харьцахыг хориглосон зохицуулалтуудыг тусгалаа. Энэ нь Комиссын хуулийн төсөлд өгсөн санал, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл, төрийн цэргийн анги, байгууллагад хийсэн хяналт шалгалт, судалгаа, дүн шинжилгээ, зөвлөмж, шаардлагын үр дүн юм.
Эх сурвалж: ХЭҮК



Comments