Улсын сургуультай болох гэж "дунших" зуурт хувийн 5 сургууль байгуулагдаж, бизнес нь "цэцэглэжээ"
Updated: 5 days ago
"Хүүхдийн төсвийг мөшгөе" цувралын хүрээнд гэрээний хугацаандаа ашиглалтад ороогүй 8 хүртэл жил болж буй улсын сургууль, цэцэрлэгийн барилгын талаар цувралаар хүргэж байна.
Child.mn сайтын редакцад уншигчдын зүгээс ирсэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн 16, 23, 8 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянгол дүүргийн 28 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд ажил нь эхлээд олон жил болсон ч ашиглалтад ороогүй сургууль, цэцэрлэгийн нийт 8 барилгын талбай дээр ажиллаж, сурвалжлав. Энэ нийтлэлээр Хан-Уул дүүрэгт баригдаж буй сургуулийн барилгатай холбоотой асуудлыг хөндлөө.
2022 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороог гурав хувааж, шинээр 23 дугаар хороог байгуулжээ. Тухайн үед 11 мянга гаруй хүн амтай, хорооны нутаг дэвсгэрт Шүншиг 1, 2, Гарден сити 1, 2, Арцат апартмент 2, Хангарди сити 1, 2 зэрэг 20 гаруй хотхон хороолол хамаарна гэж мэдээлж байв. Өдгөө 2026 онд тус хорооны хүн ам даруй гурав дахин нэмэгдэж 30 мянга гаруй болсон ч өнөөг хүртэл улсын сургууль байхгүй.
М.Амарсанаа: 960 хүүхдийн сургуулийн төсөв 18 тэрбум төгрөгөөс 26 болж нэмэгдсэн
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд баригдаж буй улсын ганцхан сургууль нь 960 хүүхдийн багтаамжтай энэ барилга. 2024 оноос хойш ажил нь эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй.
Зураг: 2026 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 960 хүүхдийн сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл
Тус хороонд сургуулийн насны 6300 орчим хүүхэд амьдардаг. Улсын сургуульгүй учраас хүүхдүүд өөр хорооны сургууль эсвэл хувийн сургуульд хамрагддаг байна.

Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга М.Амарсанаа "Энэ сургуулийн барилгын ажил анх 2024 оны 8 дугаар сард эхэлсэн. Ажил нь 70 гаруй хувьтай. 2026 оны 11 дүгээр сарын 15 гэхэд барилгын ажлаа дуусгана гэсэн мэдээлэлтэй л байна. Барилгын захиалагч нь Азийн ирээдүй ХХК. Нийслэлийн төсвөөр хийж байгаа ажлууд гацсан гэж л ойлгосон. 2025 онд 18 тэрбум төгрөгийн өртөгтэй байсан ч энэ оны байдлаар 26 тэрбум болж нэмэгдсэн гэсэн" гэв.
Нийслэлээс төсөв нь гарсан барилга, байгууламжуудын хяналтыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хийдэг. Тус сургуулийн барилгатай холбоотой мэдээллийг тодруулав.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга, хяналтын инженер С.Баасансүрэн "ХУД-ийн 23 дугаар хороонд баригдаж буй 960 хүүхдийн сургуулийн барилга нийслэлийн төсвөөс 26.2 тэрбум төгрөг энэ онд бүрэн суусан. Одоо ямар нэг санхүүжилттэй холбоотой үлдэгдэл байхгүй. Иргэдээс энэ барилгыг хурдан ашиглалтад оруулаад өгөөч гэх гомдол санал ирдэг. Энэ ондоо багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Төсөл бүрд барилга хариуцсан 4-5 төрлийн мэргэжилтэн, хяналтын инженер ажилладаг. 7 хоног бүр хянаж байгаа. Барилгын захиалагч нь Азийн ирээдүй ХХК. Гүйцэтгэгч нь Хуягт харш ХХК. Гэрээний хугацаа нь 10 дугаар сарын 1-нд дуусаад 12 дугаар сарын 31 хүртэл гэрээ сунгах хүсэлтээ ирүүлсэн. Анх 2024 онд гэрээ байгуулсан бөгөөд ажлын зургаа 2024 оны 12 сард батлуулсан. Одоо барилгын ажил нь 75 хувьтай явж байгаа. 26,2 тэрбум төгрөгт ажил дуусах ёстой, үүнээс 14 тэрбумын санхүүжилтыг одоогоор авсан." гэлээ.
Нийслэлээс олгох санхүүжилт нь прокурор АТГ-ын хяналтаар дамждаг учраас санхүүжилт удаашралтай ордог байна.
Ажлыг нь шалгахаар очсон хорооны Засаг даргаас "Та цалин тавих хүн үү?" гэж барилгын зарим нэг ажилтан сурагладаг гэлээ. Мөн бидний очсон өдөр хүйтэн гэх шалтгаанаар барилга дээр ажиллаж байгаа хүмүүс байхгүй байлаа. 26,2 тэрбум төгрөг тусгаад хоёр жил болж буй уг барилга дуусах гэж "дунших" хооронд тус хороонд хувийн сургуулиудын бизнес "цэцэглэжээ".
Улсын сургуульгүй 23 дугаар хороонд хувийн 5 сургууль ажиллаж байна
ХУД-ийн 23 дугаар хороо байгуулагдсанаасаа хойш 2 жилийн дараа улсын сургуулийн шав тавьсан ч хорооны хүүхдүүд шинэ сургуульдаа орж чадаагүй. Харин энэ хугацаанд хувийн 5 сургууль болон сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгаа бариад, ашиглалтад ороод, тогтвортой ажиллаж байна.
Шинэ Санаа Иннова бүрэн дунд сургууль 2022 оноос үйл ажиллагаа эхлүүлсэн. 480 гаруй хүүхдийн хүчин чадалтай. 2024 оны 9 дүгээр сард Шинэ Санаа Боловсрол ахлах сургуультай болж Баянгол дүүрэгт салбараа нээжээ. Австрали улсын SCSA хөтөлбөртэй.
2025 оны 2 дугаар сарын 10-нд ерөнхий боловсролын Этүгэн сургууль нэрээ өөрчлөн ерөнхий боловсролын Хүлэг интернэшнл сургууль болжээ. Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэгч, цэцэрлэг болон ерөнхий боловсролын цогцолбор сургууль болж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
2025 оны 8 дугаар сард Кембрижийн хөтөлбөртэй Гэгээ сургуулийн 640 хүүхдийн суудалтай салбар яармаг нээлтээ хийжээ.
2026 оны 9 дүгээр сараас Оксфордын хөтөлбөртэй Импэриал Итали сургууль ажиллаж эхэлсэн. 1000 хүртэлх хүүхдийн багтаамжтай. Италийн боловсрол, монгол өв соёлыг хослуулсан сургалттай. 1-12-р ангийн хүүхэд хамрагдана.
Эрдэм Нова төрөлжсөн ахлах сургууль нь Хан-Уул дүүргийн 21, 23 дугаар хороонд тус бүр нэг нэг салбартай. 2024, 2025 оноос үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Хувийн сургууль барилгаа асуудалгүй бариад ашиглалтад оруулж, ашигтай ажиллаж байхад улсын сургуулийн ажил гацаж, улмаар улсаас хувийн сургуулиа "царай алдан" түмний хүүхдийг сургаач гэж гуйхад хүрчээ.
480 хүүхдийн сургуулийн өргөтгөл барих ажил бичиг цаасны шатандаа хоёр жил "гацжээ"
ХУД-ийн 16 дугаар хороонд байрлах 7 дугаар сургуулийн барилга 88 жилийн настай. А блокийг нь 2024 оны 6 дугаар сард нурааж, шинээр барихаар болсон. Өргөтгөл болох 480 хүүхдийн сургуулийн барилга барихтай холбоотой ажил 2024 оны 6 дугаар сараас хойш эхэлжээ. Одоогоор тус сургуулийн 1600 орчим сурагч түрээсийн байранд хичээллэж байгаа юм.

Энэ талаар 7 дугаар сургуулийн сургалтын менежер П.Навчаа "Хүүхдүүдийн ачаалал, анги танхим хүрэлцэхгүй учраас Б, В байрыг түрээсэлж хичээллээд гурав дахь жил рүүгээ орж байна. Түрээсийн байр чинь мэдээж стандартын бус. Нэг ангид 32-50 хүртэлх хүүхэд суралцаж байгаа. Агааржуулалтын хувьд цонхоо онгойлгож л зохицуулдаг. Заал байхгүй учраас биеийн тамир ороход хүндрэлтэй. Дулаахан үед бол гадаа ордог. Хүйтрэхээр бол хэцүү." гэлээ.
7 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын захиалагч нь ХУД-ийн ЗДТГ. 2024 онд түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж, тус оны 4-р сард Гранд Марз ХХК шалгарч, гэрээ байгуулжээ. Зураг төсөв, магадлал хийгээд Барилга хөгжлийн төвөөс 2025 оны 12-р сард магадлалын төсвийг баталсан. 2026 оны 5-р сарын 15-нд барилга барих зөвшөөрөл нь гарсан гэв. Ингээд сургуулийн өргөтгөл барих ажил бичиг цаасны шатандаа хоёр жил “гацсан” байна. Энэ талаар ХУД-ийн ЗДТГ-ын дарга З.Буянтаас тодруулав.

Тэрээр "2026 оны 5 дугаар сарын 15-нд барилга барих зөвшөөрөл нь гарсан. Компанитай холбоотой нэг сарын хугацаанд ажил удааширсан зүйл байгаа. Одоогийн байдлаар тухайн компани ажлаа хийж, гүйцэтгэж байгаа. Суурийн арматур 70-80 хувийн гүйцэтгэлтэй байгаа" гэлээ.
7 дугаар сургуулийн барилгын өргөтгөлийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр худалдан авах ажиллагааг анх 11 тэрбум төгрөгөөр зарлаж, Гранд Марз ХХК шалгарч, 9.8 тэрбумаар гэрээгээ хийжээ. Ингээд 2025 оноос хойш магадлалын төсөв нь 14.2 тэрбум болж нэмэгдсэн бөгөөд зөрүү 3.2 тэрбум төгрөгт нь дахин тендер зарлах аж. ХУД-ийн ЗДТГ-ын Худалдан авах үйл ажиллагааны алба зохион байгуулах учир одоогоор ямар компани орж ирэхийг мэдэхгүй аж
7 дугаар сургууль түрээсийн байранд 2025, 2026 онд нийт тэрбум төгрөг зарцуулжээ
Нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн Шилэн дансны мэдээллийг шүүхэд 2025 оноос "байрны түрээс" ангиллаар зардал гаргаж эхэлжээ. Нийт тэрбум гаруй төгрөгийг одоогоор түрээсийн байранд зарцуулжээ.
Үзүүлэлт / Он | 2024 он | 2025 он | 2026 он |
Батлагдсан төсөв (жилээр) | 0.00 ₮ | 249,390,800.00 ₮ | 962,149,500.00 ₮ |
Төсвийн гүйцэтгэл (өссөн дүнгээр) | 0.00 ₮ | 119,519,220.00 ₮ | 888,135,000.00 ₮ |
Гүйцэтгэлийн хувь (%) | — | 47.9% | 92.3% |
Эх сурвалж: shilendans.gov.mn
Цаашид 480 хүүхдийн сургуулийн өргөтгөлийн барилга хэзээ бүрэн дуусаж, ашиглалтад орох нь тодорхойгүй учир тус сургуулийн түрээсийн байранд зарцуулж буй зардал жил жилээр нэмэгдэхээр байгаа юм.
Үргэлжлэл бий...



Comments