top of page

Б.Бундхорол: 2027 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаар төрөөс баримтлах бодлого сэдэвт аудит хийнэ

5 days ago
5 min read

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооноос "Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Үндэсний аудитын газрын Тамгын дарга, Тэргүүлэх аудитор Б.Бундхоролын танилцуулсан мэдээллээс хүргэж байна.

Тэрээр "Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаа хийж хэрэгжүүлж байгаа ажлуудтай холбоотойгоор бид нар төсвийн санхүүжилтийн зарцуулалтыг хянахаас гадна төрийн бодлого, үйл ажиллагаа, иргэдийн эрхийг бодитойгоор хангаж чадаж байна уу гэдэг дээр анхаарал хандуулж ажилладаг. Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулж цаашдаа явъя гэж байгаа энэ хэлэлцүүлэг дээр бидний өмнө хийж хэрэгжүүлсэн аудитуудын тайлангууд энэ дээр гол нөлөө үзүүлж, та бүгдийг эргэн харах, анхаарлын төвд дахин оруулах бололцоо байгаа гэж бодож байна.


Бид таван бүлэг асуудлаар аудитуудаа шүүж гаргаж ирсэн.


Үүнд боловсролын эрхтэй холбоотой аудитууд гэхэд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролынх, дээд боловсрол, ажиллах боловсролын хүртээмж, боловсролын зээлийн сан гэх мэт эдгээр аудитуудыг хийж байхад нөхцөл байдал бол нэлээн анхаарах шаардлагатай байгаа юм.


Жишээ нь, Сургуулийн өмнөх боловсролын аудитын дүгнэлтээр цэцэрлэгийн хүчин чадал, хүүхдийн хамрагдалт хангалтгүй, зарим тохиолдолд хүчин чадлаас хоёр дахин хэтэрсэн, багшийн ачаалал хүрэлцэхгүй, эрүүл аюулгүй орчинд сөрөгөөр нөлөөлөх нь тогтоогдсон. Багш хүний нөөцийн нэгдсэн төлөвлөлт, сургалтын чанарын хяналт хангалтгүй байгаа нь аудитаар харагдаж байгаа. Эндээс харахад боловсрол эзэмших эрхийг хангах асуудал нь зөвхөн сургууль цэцэрлэгийн тооны асуудал биш харин чанар, хүртээмж, хүний нөөцийн асуудал юм байна гэдэг нь харагдаж байгаа юм.


Эрүүл мэндтэй холбоотой аудитуудыг шүүж гаргаж ирсэн. Эрүүл мэндийн даатгалын сан, эм эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой энэ олон асуудлууд.


Эрүүл мэндийн салбарын аудитаар чанартай аюулгүй эм, эмнэлгийн хэрэгсэл иргэн бүрт тэгш, хүртээмжтэй хүргэх тогтолцоо бүрэн төлөвшөөгүй, санхүүжилт нийслэлд төвлөрөх хандлагатай байгаад байгаа юм. Тэгэхээр анхан шатны урьдчилан сэргийлэх, тусламжийн зардал, хөрөнгийн хэмжээ хангалтгүй байна. Тухайлбал, 2022 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтад 73.5 хувь нь лавлагаа шатлалд тусгагдаад байгаа, ердөө 1.2 хувь нь эрт илрүүлэг, оношилгоонд тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл иргэн өвдсөнийхөө дараа эмчлүүлэхээс илүүтэйгээр өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх бодлогод санхүүжилтийг анхаарах цаг нь болжээ гэж харагдахаар энэ дүгнэлтүүд гарсан байх жишээтэй.


Тэгэхээр эдгээр аудитуудыг энэ салбар бүрээр нь, зохицоор нь та бүгд маань дахин нэг эргэлтэд оруулж, анхаарлын төвд оруулж, энэ төсвийн хэлэлцүүлгийнхээ үеэр энэ салбар бүрийн анхаарах асуудлыг дахин нэг анхааралдаа оруулж өгөөч ээ гэж Төрийн аудитын байгууллагаас хүсэж байгаа юм.


Дараагийн нийгмийн хамгааллын эрхтэй холбоотойгоор бид нар төрөөс иргэдэд олгож байгаа нийгмийн халамж, үйлчилгээний өнөөгийн байдал, үр дүн сэдэвтэй аудит, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүн, Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, төрөөс нийгмийн халамжийн талаар баримталж байгаа бодлого, стратегийн арга хэмжээ, Нийгмийн даатгалын сангийн тогтолцоо гээд эдгээр аудитуудыг хийсэн.


Эдгээр аудитуудыг хийгээд үзэхээр Нийгмийн даатгалын аудитуудын дүнгээр иргэдийн өнөөдрийн хэрэгцээг ханган шийдвэр гаргахад урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн тооцоолохгүй, Нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдалд эрсдэл үүсгээд байна. Мөн хөдөлмөрийн зах зээлд оролцож байгаа олон зуун мянган иргэдийн нийгмийн даатгалын тогтолцооны гадна үлдэх, халамжийн үйлчилгээнээс хамаарахаас илүүтэйгээр тухайн үйлчилгээ иргэдийн амьдрал, ядуурал, эдийн засагт ямар үр дүн авчирч байна вэ гэдгийг тооцоолол, шалгуур үзүүлэлтүүд хангалтгүй байгаа нь аудитаар харагдаж байгаа.


Гол санааг нь хэлэхэд халамж олгох эсэхээс илүүтэйгээр иргэний нийгмийн баталгаа, бие даан амьдрах боломжтой болсон эсэхийг хэмжих шаардлагатай байна гэдгийг эдгээр аудитуудын гол үр дүнгүүд харуулж байгаа. Бүх тоо мэдээллүүд, нэгдсэн дүгнэлтүүд, төрийн байгууллагуудад өгсөн зөвлөмж, мөн Улсын Их Хуралд танилцуулсан гол асуудлуудыг бас эргэн авч үзэх юм бол энэ төсвийн төлөвлөлтөндөө анхаарах ёстой, орхигдоод байгаа бидний зүйлүүд бол эдгээр аудитуудын дүнд нийтдээ байж байгаа.


Амьдрах орчин, хүртээмжтэй холбоотой аудитуудыг бид нар нэлээн авч үзсэн. Өнгөрсөн жил гэхэд нийслэлийн дулаан хангамжийн асуудлыг авч үзсэн байх жишээтэй. Хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо, өнөөгийн хэрэгжилт, Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа хөрөнгийн ашиглалт, үр нөлөө, хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, Засгийн газраас хог хаягдлын талаар баримталж байгаа бодлогын үр нөлөө, ундны ус болон ариун цэврийн байгууламжтай холбоотойгоор төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа, энэний үр дүн гэх жишээний энэ аудитуудыг хийсэн.


Эдгээр аудитуудын үр дүн бол тэр чигтээ л хүний эрхийн суурь хэрэгцээнүүд хангагдаж байна уу, зөв төлөвлөлт, санхүүжилт яг үр дүн нь хүндээ хүрсэн үү гэдгийг үнэлэх ёстой. Хүнсний аюулгүй байдал, хог хаягдал, ундны ус, ариун цэврийн байгууламжийн аудитуудын нэгдсэн байдлаар дүн шинжилгээ хийгээд харах юм бол иргэдэд шаардлагатай үйлчилгээ, дэд бүтэц байгаа эсэхээс гадна түүний чанар, хүртээмж, тогтвортой ажиллагаа хангагдсан уу гэдэг асуудал чухал тавигдаж байна. Тухайлбал, нийт сумдын ердөө 29.9 хувь нь ундны усны нөөцөө тогтоосон байх жишээтэй. Улаанбаатарын ус бохирдуулагч үйлдвэрүүдийн 70 хувь нь урьдчилан цэвэрлэх байгууламжгүй байсан зэрэг эрүүл аюулгүй орчинд шууд нөлөөлөх ийм зүйлүүд бол аудитуудын дүнгээр гарсныг товчлон, ганц нэг онцгой зүйлүүдийг нь харуулж байна.


Түүний дараагаар хүүхэд хамгаалалтай холбоотой, өнгөрсөн жил хүүхэд хамгааллын талаар төрөөс баримталж байгаа бодлого, түүний хэрэгжилттэй холбоотой аудит хийсэн. Улсын Их Хурлын Мэргэжлийн байнгын хороогоор бас хэлэлцээд хүргүүлсэн байгаа. Хүүхэд хамгааллын аудитын дүнгээр бодлогын шийдвэрүүд салбар бүрт байгаа боловч тэдгээрийн уялдаа, нэгдсэн мэдээлэл, үйлчилгээний стандарт, хүний нөөцийн чадавх нь хангалтгүй байна гэсэн ерөнхий дүгнэлтүүд гарсан. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ, орчин, мэргэжлийн хүний нөөц хангалтгүй, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчим хэрэгжихгүй байна.


Тэгэхээр бидний хийж байгаа үйл ажиллагаа тэр чигтээ л төрийн санхүү, төсвийг үр дүнтэй, яг иргэндээ хүрээ за юу, байгууллагын маань зорилт ч гэсэн иргэдийн амьдралыг сайжруулахад аудитаараа дамжуулан нөлөө үзүүлдэг. Тэгэхээр эдгээрийг ингээд дүгнээд харах юм бол Төрийн аудитын байгууллагаас хүний эрхийн чиглэлээр хийсэн аудитуудын гол мессеж нь сургууль барьсан ч хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмшиж байгаагийн баталгаа биш байгаад байгаа юм.


Эмнэлгийн санхүүжилт нэмэгдсэн ч иргэн бүрд шаардлагатай тусламжаа цаг тухайд нь авч чадахгүй байгааг илэрхийлж байна. Халамж олгосон нь өрхийн амьдралын баталгаа сайжирсныг дангаараа нотлохгүй байна.


Төрийн аудитын төлөвлөлт үйлчилгээ бол шууд иргэнд хандахгүй ч гэсэн бидний гаргасан дүгнэлт Улсын Их Хурлын тогтоол, бусад хууль тогтоомжуудад шийдвэр болж, шийдвэр маань хэрэгжиж, хэрэгжилт нь иргэнд хүрсэн үед л аудитын үнэ цэн бодитойгоор оршиж, нөлөө үзүүлж байна гэж үздэг.


Бид нар энэ ирэх жил хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаар төрөөс баримтлах бодлого чиглэл гэсэн аудитыг хийнэ.


Мөн одоо мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эмийн хэрэглээтэй холбоотой чухал аудитуудыг бас хийж байна. Эрүүл мэндийн даатгалын тогтолцооноос олгож байгаа санхүүжилт ба түүний үр дүн, авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр гээд ийм чухал нийгмийн шинжтэй аудитууд хийж байгаа. Эдгээрийн үр дүнд иргэдийн аж амьдрал, төрийн бодлогын үйл ажиллагаа хэрхэн тусаж үр дүн яаж гарч байна вэ гэдэг дээр хувь нэмрээ оруулна гэж бодож байна.


Төрийн аудитын байгууллагын зүгээс албан хаагчдаа яг энэ хүний эрхийн линзээр харах чадвартай болгох болон сэдвийн стратеги гэж батлагддаг. Бид нар 2030 он хүртэл сэдвийн стратегиа баталсан. Эдгээр аудитуудыг хийх судалгаагаа энэ сэдэв судалгааны олон нийтээс санал асуудаг, иргэд олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлуудыг олж харж хийх, чиглэсэн судалгааны тайлан гаргах ажлууд байдаг. Энэ хүрээндээ бид нар судалгаагаа хийгээд Төсвийн байнгын хороогоор төсөв хэлэлцэхээс өмнө төсвөө оруулдаг.


Өнгөрсөн 7 дугаар сарын 2-нд бол ирэх жилийн сэдвүүд батлагдсан. Эрсдэлтэй байгаа, хүмүүсийн анхаарлын төвд байгаа ийм асуудлуудаар аудит хийнэ гээд бид нар хуультай. Аудитуудын хувьд бол нийтдээ 23 аудит хийхээр байгаа. Төсвийн тухай хуулийн хүрээнд хийгддэг аудитуудыг та бүхэн маань мэдэж байгаа. Ирэх жилээс сонгуулийн аудитууд гээд бидний ажлын цикль хуулиас шалтгаалаад өөр өөрөөр өрнөдөг.


2027 оны хувьд бол бид 12 бодлогын сэдвээр аудит хийхээр төлөвлөсөн. Энийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлээд батлуулсан учраас энэндээ тохируулаад хүн хүч, хөрөнгө нөөц, зардал нийт энэ 35 хуультай болон бодлогын аудитуудыг хэрэгжүүлж, Улсын Их Хурлыг, ард иргэдийг зөв бодит мэдээллээр хангах, төрийн бодлого үйл ажиллагааг нь илүү чиглүүлэхэд хяналт хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа." гэлээ.

Comments


bottom of page