top of page

Д.Сүнжид: Сэтгэцийн өөрчлөлтэй хүүхдийн асрамжийн газар байгуулах шаардлагатай

5 days ago
3 min read

Updated: 4 days ago

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооноос "Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлгийг (2026.10.05) зохион байгууллаа.

Энэ үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "Манай байгууллагын хуулиар хүлээдэг үндсэн нэг чиг үүргийн нэг нь Улсын Их Хуралд тухайн жилд тулгамдсан хүний эрхийн асуудлын нөхцөл байдлын талаар судлаад, үнэлгээ хийгээд, шийдэх саналыг нь танилцуулдаг. Энэ саналуудын 50 хувь нь төсөвтэй хамаатай байдаг. Шууд хамааралтай нь 10-20 хувь буюу шууд төсөв шийдэх ёстой, санхүүгийн нөөц байх ёстой асуудал байдаг. Төсвөөр дэмжих ёстой санал нь 30 орчим хувь. Сүүлийн 5 жил ХЭҮК-ын илтгэлийн мөрөөр гаргасан Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилт 50 хувьтай байгаа. Яагаад вэ гэхээр хамаг шалтгаан нь төсөв санхүүжилттэй холбоотой байдаг.


Бид яг газар дээр нь хяналт шалгалт хийгээд үзэхээр төсвийн захирагч нар анхан шатандаа хамгийн бага нөөц хуваарилсан байдаг. Жишээлбэл, анхан шатан дээрээ очихоор халаалтын мөнгө байхгүй гэдэг юм уу, хүүхэд хамгааллын зардалд 50,000 төгрөг нэг сум зарцуулсан гээд сууж байдаг. Дотуур байр, барилга байшин бол хөрөнгө оруулалтын төсөв төлөвлөгөөний дагуу явах ёстой учраас шууд хэн нэгэн шийдчихгүй цаг хугацаа шаардлагатай болохыг ойлгож байна. Гэвч цонх, камержуулалтын асуудал нь жишээ нь шийдэгдээгүй л байдаг. Нэг камер авсан чинь дараагийн жил нь өөр газраас авсан системээ тэр камертайгаа солилцож болохгүй байна гэх мэт логикгүй юмнууд үүсдэг, ярьдаг байдал анхан шатан дээр түгээмэл хэвээрээ байгаа.


Сүүлийн 5 жил Комиссын гишүүний явуулсан шаардлага, зөвлөмжийг харахаар төсөв дандаа дурдагддаг. Боловсролын орчинтой холбоотой асуудлууд байсаар байгаа. Хүүхэд хамгааллын санхүүжилт маш олон газарт 13-14 журамд, хуульд туссан. 12 байгууллага шууд үүрэг хүлээгч, бусад нь дам үүрэг хүлээгчид. Тэгсэн мөртлөө хүүхэд хамгааллын санхүүжилт хангалтгүй хэвээр байна.


Жишээ хэлье: Асрамжийн газар. Сэтгэцийн өөрчлөлттэй хүүхдүүдийн асрамжийн газар гэж байхгүйгээс одоо улсын хэмжээнд ганцхан, нийслэлийн хэмжээний Нэмэх-Ирээдүй гэж асрамжийн газартай. Аймгуудад харах хандах хүнгүй хүүхдүүдийг ганцхан улсын хэмжээний асрамжийн газар руу явуулна, тэр нь дүүрэн. Бодит байдал дээр ямар чиглэл өгч байгаа вэ гэхээр "Та нар аймагтаа яаж ийгээд болгох арга байна уу?" гэдэг. Гэтэл яаж болгох юм, хамгаалах байр байхгүй шүү дээ. Ийм асуудал байсаар байгаа. Төсөвтэй бол шийдэх ёстой.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудал гээд л ярьдаг. Үүний цаана мөн л төсөвтэй холбоотой асуудал байдаг. Тэгш хамруулан сургана гэдэг. Гэтэл тусгай багшаа бэлдсэн юм уу? Асуултын тэмдэг. Материаллаг хууль нь урьдчилаад батлагдчихсан. Тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмж, хөтөлбөр гээд ярихаар бид дандаа араас нь л яваад байгаа юм.

ХЭҮК-ын хувьд 10.5 тэрбум (2026 оных) төгрөгийн урсгал зардал авдаг жижигхэн байгууллага. 80 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, татвар, цалин хөлсөндөө явдаг. 20 хувь нь үндсэн үйл ажиллагаандаа зарцуулагддаг. 2027 онд 41.9 тэрбумыг төсөвлөж өргөн барьсан. Хууль зүйн байнгын хороон дээр дэмжигдсэн. Засгийн газраас 19.9 тэрбум болгосон.

Аливаа нэг хүний эрхийн зөрчил гарахаар ХЭҮК-ыг "Та нар ажиллаач ээ" гэдэг. Бид нар ажиллахын тулд зардал хэрэгтэй. Тэгэхээр 2 тэрбумаар үндсэндээ судалгаа, сургалт, хяналт шалгалтыг улсын хэмжээнд хийгээч ээ гэдэг хүсэлт тавьж байгаа нь өөрөө боломжтой байх уу. Бид нар байж болох хэмжээнд донор, олон улсын түншлэлийг ашигладаг. Бид хэзээ ч зөвхөн төсвөөр чиг үүргээ гүйцэтгэж үзээгүй. Манайх нийт 90 хүн ажилладаг. 21 аймагт нэг нэг хүн ажиллаж байна. Энэ хүмүүсийг бид нар яаж сумандаа очиж хүрэхийг шаардах вэ? Ядаж тэр хүмүүсийг суманд ажиллах төсөв тавих ёстой биз дээ.


Энэ жилийн хувьд 19.6 тэрбумын урсгал зардал тавьсан, тэрнээс нь хасагдсан 19 тэрбумын 7 нь хөрөнгө оруулалт буюу барилгын ажлыг эхлүүлнэ гэдэг байдалтай явж байгаа. 11 нь урсгал зардалтай.


Эцэст нь хэлэхэд бидэнд асуудал байна. Ахмадын асуудал, хүүхдийн сангийн асуудал гээд яамд бол шийдчих ёстой. Бид нар бичиг явуулсан. Хүүхдийн сангийн зардлыг Хүүхдийн тухай хуулиар, Хүүхэд хамгааллын тухай хуулиар сан үүсгэгдсэн. Гэтэл зардлын ангилал нь тодорхойгүй учраас бид нар энэ зардлыг тусд нь гаргаж чадахгүй байна гэдэг. Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам шийдвэрлэх дээр ямар гарц гаргалгаа байж болох юм." гэлээ.


Comments


bottom of page