Тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан хүүхдийг илрүүлж, эмнэлэгт хүргэжээ
- child.mn

- Jul 31
- 1 min read

Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэр дэх тоосгоны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт бус хяналт, шалгалт зохион байгуулжээ.
Уг шалгалт нь "Хүүхэд хамгаалал 2025" нэгдсэн арга хэмжээний хүрээнд, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт дайчлах, хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, илрүүлсэн зөрчлийг арилгуулах зорилготой. Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс хамтран зохион байгуулжээ.
Нийт 9 тоосгоны үйлдвэрийг шалгаж, хүүхдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж буй эсэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүүхдийн эрхийн зөрчлийн нөхцөл байдал ямар байгааг газар дээр очиж нь хянажээ.
Шалгалтаар нийт 18 зөрчил илэрсэн. Ажил олгогч нарт холбогдох хууль, журам, стандартыг танилцуулж, эрх зүйн мэдээлэл, зөвлөмж өгчээ.
Илэрсэн зөрчлөөс дурдвал “Х” тоосгоны үйлдвэрт нэг хүүхэд ажиллаж байсан бөгөөд чихний ард үрэвсэлт өвчлөлтэй байжээ. Улмаар хүүхдийг яаралтай эмнэлэгтэй холбож, шаардлагатай тусламжийг үзүүлжээ.
Мөн “У” тоосгоны үйлдвэр өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлөө давтан гаргасан учраас Хүүхдийн эрхийн улсын байцаагч зөрчлийн хэрэг нээн, холбогдох шалгалтыг үргэлжлүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс



Comments